Левит 6:1–30

  • Гэмийн төлөөх тахил өргөх өөр нөхцөл (1-7)

  • Тахилуудын талаарх заавар (8-30)

    • Шатаалт тахил (8-13)

    • Идээн өргөл (14-23)

    • Нүглийн төлөөх тахил (24-30)

6  Тэгээд Ехова Мосед  «Хэрэв хүн нүгэл үйлдэж Еховад үнэнч бус хандан, өөрт нь юм даатгасан, хадгалуулсан хүнийг мэхэлбэл эсвэл юмыг нь хулгайлах юм уу луйвардвал  мөн алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухай худал хэлбэл, эдгээрийн аль нэг нүглийг үйлдчихээд үйлдээгүй гэж мэлзвэл ингэх ёстой.  Хэрэв хүн дээрх зүйлсийг үйлдээд гэм буруутай болбол эзэнд нь буцааж өгөх ёстой. Хулгайлсан юм уу луйвардсанаа буцаан өгч, өөрт нь даатгасан эсвэл олсон юмаа эргүүлэн өгч,  худал тангараг хэлж олж авсан зүйлээ нөхөн төлөх ёстой. Дээр нь хохирлын дүнгийн тавны нэгийг нэмж төлнө. Үүнийг гэм буруутай нь батлагдсан өдрөө эзэнд нь өгнө.  Бас Еховад гэмийн төлөөх тахил өргөхийн тулд сүргээсээ үнэлгээний дагуу, согоггүй хуцыг гэмийн төлөөх тахил болгон тахилчид аваачиж өгнө.  Тэр хүн гэм буруутай болох юу ч хийсэн бай тахилч түүний төлөө Еховагийн өмнө нүглийг нь уучлуулахын тулд тахил өргөснөөр тэр хүн уучлагдана» хэмээн айлдав.  Ехова цааш нь Мосед  «Аарон болон хөвгүүдэд нь ингэж тушаагтун. “Шатаалт тахилын тухай хууль нь энэ юм. Шатаалт тахил өглөө болтол шөнөжингөө тахилын ширээн дээр шатах ёстой. Тахилын ширээн дээрх галыг унтрааж болохгүй. 10  Өглөө нь тахилч маалинган өмсгөл болон маалинган дотуур өмдөө өмсөнө. Тэгээд тахилын ширээн дээр шатсан шатаалт тахилын үнсийг* авч тахилын ширээний хажууд тавина. 11  Дараа нь өмсгөлөө тайлаад өөр хувцас өмсөж, үнсийг хуарангийн гадна цэвэр газар луу авч явна. 12  Тахилын ширээн дээрх гал үргэлж асаж байх ёстой. Унтрааж болохгүй. Тахилч өглөө бүр мод нэмж, дээр нь шатаалт тахилыг өрж тавин, мөн дээр нь эвийн тахилуудын өөхийг шатаан уугиулна. 13  Тахилын ширээн дээрх гал байнга асаж байх ёстой. Унтрааж болохгүй. 14  Харин идээн өргөлийн тухай хууль нь энэ юм. Аароны хөвгүүд идээн өргөлийг тахилын ширээний урд, Еховагийн өмнө авчрах ёстой. 15  Тэдний нэг нь идээн өргөлөөс атгыг авна. Идээн өргөл нь дээр нь тос асгаж, анхилуун үнэртэй давирхай тавьсан нарийн ширхэгтэй гурил байх юм. Тэрбээр идээн өргөлийг төлөөлүүлэн атга гурилыг Еховад тааламжит үнэрт шатаах өргөл болгон тахилын ширээн дээр уугиулна. 16  Үлдсэнийг нь Аарон болон хөвгүүд нь аваад исгээгүй талх хийж ариун газар буюу цугларалтын асрын хашаанд иднэ. 17  Үүнийг исгэж хийж болохгүй. Би үүнийг шатаах өргөлүүдээс тэдний хувь болгож өгсөн юм. Энэ нь нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил шиг маш ариун билээ. 18  Аароны үр удмын эрэгтэйчүүд нь үүнээс идэх ёстой. Энэ бол Еховад шатаан өргөх өргөлүүдээс үеийн үед тэдний хүртэх хувь юм. Өргөлд хүрсэн юм бүхэн ариусна”» гэлээ. 19  Ехова Мосетой дахин ярьж 20  «Аарон болон үр удам нь тахилчаар томилогдох* өдрөө Еховад нарийн ширхэгтэй гурилаас ефагийн аравны нэгээр* идээн өргөл өргөж байх ёстой. Хагасыг нь өглөө, хагасыг нь орой өргөж байгтун. 21  Гурилаа тостой хольж, хайруул дээр болгоно. Тостой сайтар хольсон тэр идээн өргөлөө жижиглээд Еховад тааламжит үнэрт өргөл болгон аваачна. 22  Аароны орыг залгах үр удам нь тахилчаар томилогдохдоо энэ өргөлийг өргөж байх ёстой бөгөөд Еховад зориулж бүгдийг нь шатаан уугиулна. Энэ бол байнга сахих ёстой зарлиг юм. 23  Тахилчийн энэ идээн өргөлийг бүхэлд нь өргөх ёстой бөгөөд идэж болохгүй» гэж айлдав. 24  Ехова цааш нь Мосед 25  «Аарон болон хөвгүүдэд нь ингэж хэл. “Нүглийн төлөөх тахилын тухай хууль нь энэ юм. Шатаалт тахилыг нядалдаг газар нүглийн төлөөх тахилыг бас Еховагийн өмнө нядална. Энэ нь маш ариун билээ. 26  Нүглийн төлөөх тахилыг өргөсөн тахилч ариун газар буюу цугларалтын асрын хашаанд түүнээс идэх ёстой. 27  Маханд нь хүрсэн юм бүхэн ариусна. Цус нь хэн нэг хүний хувцас руу цацарвал тэр хувцсыг ариун газар угаах ёстой. 28  Махыг нь шавар саванд чанавал савыг нь хагалагтун. Харин зэс саванд чанавал сайн үрж, усаар угаах ёстой. 29  Тахилчаар үйлчилдэг эрчүүд бүгдээрээ түүнээс иднэ. Тэр нь маш ариун билээ. 30  Гэхдээ нүглийг цайруулахаар ариун газар буюу цугларалтын асар луу цусыг нь авч орсон нүглийн төлөөх тахилын махыг идэж болохгүй, харин шатаах ёстой.

Зүүлт

Эсвэл «тостой үнсийг». Энэ нь тахилын өөхний тос нэвчсэн үнс.
Эсвэл «тослогдох»
Ефагийн аравны нэг нь 2,2 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.