Левит 7:1–38

  • Тахилуудын талаарх заавар (1-21)

    • Гэмийн төлөөх тахил (1-10)

    • Эвийн тахил (11-21)

  • Өөх, цус идэхийг хориглов (22-27)

  • Тахилчийн хувь (28-36)

  • Тахилуудыг дүгнэв (37, 38)

7  Энэ бол гэмийн төлөөх тахилын тухай хууль юм. Энэ тахил нь маш ариун билээ.  Тэд гэмийн төлөөх тахилын малыг шатаалт тахилын мал нядалдаг газар нядалж, цусыг нь тахилын ширээний бүх тал руу цацна.  Өөхийг нь бүгдийг нь салгаж авах ёстой. Тодруулбал сүүлний өөх, сэмж,  хоёр бөөрийг өөхтэй нь салгах бөгөөд бөөрийг нь салгахдаа элгэн дээрх өөхийг нь ч салгаж авах ёстой.  Тахилч тэдгээрийг Еховад шатаан өргөх тахил болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь гэмийн төлөөх тахил юм.  Тахилчаар үйлчилдэг эрчүүд бүгдээрээ ариун газар тахилын махнаас идэх ёстой. Энэ нь маш ариун билээ.  Нүглийн төлөөх тахил болон гэмийн төлөөх тахилын хууль нь адилхан. Тахилын мах нь нүглийг уучлуулахын тулд тахил өргөж буй тахилчийнх болно.  Хэн нэгний төлөө шатаалт тахил өргөж буй тахилч тухайн шатаалт тахилын малын арьсыг авах юм.  Зуух, хайруулын таваг, хайруул дээр болгосон идээн өргөлөөс үлдсэн нь тухайн өргөлийг өргөсөн тахилчийнх болно. 10  Харин тостой хольсон, холиогүй бүх идээн өргөл Аароны хөвгүүдийнх болох бөгөөд тэнцүү хувааж авах ёстой. 11  Еховад өргөх эвийн тахилын тухай хууль нь дараах юм. 12  Хэрэв эвийн тахилыг талархаад өргөж байгаа бол талархлын тахилаасаа гадна тостой хольж зуурсан исгээгүй цагариган боов, дээр нь тос түрхсэн исгээгүй бин, тостой сайн хольж зуурсан нарийн ширхэгтэй гурилаар хийсэн цагариган боов өргөгтүн. 13  Эдгээрийг исгэсэн цагариган боов болон талархаад өргөж буй эвийн тахилтайгаа хамт өргөх ёстой. 14  Эдгээр идээн өргөлийн төрөл бүрээс нэгийг Еховад ариун хувь болгон авчир. Энэ нь эвийн тахилын цусыг цацсан тахилчийнх болно. 15  Талархлын эвийн тахилын махыг уг тахилыг өргөсөн өдөр идэх ёстой. Өглөө болтол байлгаж болохгүй. 16  Хэрэв өргөж буй эвийн тахил нь тангаргийнх юм уу сайн дурынх бол махыг нь тахил өргөсөн өдрөө иднэ. Үлдсэнийг нь маргааш нь бас идэж болно. 17  Гэхдээ нөгөөдөр нь үлдвэл шатаах ёстой. 18  Нөгөөдөр нь эвийн тахилын махнаас идвэл тахил авчирсан хүнийг Бурхан сайшаахгүй. Уг тахилыг өргөсөнд тооцохгүй. Ийм мах нь жигшүүрт зүйл учраас идсэн хүн хариуцлага хүлээнэ. 19  Бузар юманд хүрсэн махыг идэж болохгүй, шатаах ёстой. Харин бусад махнаас бузартаагүй хүмүүс идэж болно. 20  Хэрэв бузартсан хүн Еховад зориулсан эвийн тахилын махнаас идвэл тэр хүнийг хөнөөгтүн. 21  Хүний бузар юм, бузар амьтан, жигшүүрт бузар юм гээд ямар нэгэн бузар юманд хүрсэн мөртлөө Еховад зориулсан эвийн тахилын махнаас идвэл тэр хүнийг хөнөөх ёстой”» гэжээ. 22  Тэгээд Ехова Мосед 23  «Израйлчуудад ингэж хэл. “Та нар үхэр, залуу эр хонь эсвэл ямааны ямар ч өөхийг идэж болохгүй. 24  Үхсэн амьтан, амьтанд бариулаад үхсэн амьтны өөхийг ямар нэг зорилгоор ашиглаж болох ч идэж огт болохгүй. 25  Еховад шатаан өргөхөөр авчирсан амьтны өөхийг идсэн хэнийг ч хөнөөх ёстой. 26  Та нар амьдран суугаа газраа шувуу болон өөр ямар ч амьтны цусыг идэх ёсгүй. 27  Цус идсэн хэнийг ч хөнөөх ёстой”» гэж айлдав. 28  Ехова цааш нь Мосед 29  «Израйлчуудад ингэж хэл. “Еховад эвийн тахил авчрах хүн түүнээсээ хэсгийг нь Еховад өргөл болгон авчир. 30  Тэгэхдээ өөх болон өвчүүг нь Еховад шатаан өргөх тахил болгон гартаа бариад авчрах ёстой. Тэгээд Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь далла. 31  Өөхийг нь тахилч тахилын ширээн дээр шатаан уугиулна. Өвчүү нь Аарон болон хөвгүүдийнх нь болно. 32  Та нар эвийн тахилын баруун гуяыг тахилчид ариун хувь болгон өгөгтүн. 33  Эвийн тахилын цус, өөхийг өргөсөн Аароны хүү баруун гуяыг нь хувь болгон авна. 34  Би израйлчуудын эвийн тахилаас ариун хувь болох гуяыг, мөн даллах өргөлийн өвчүүг тахилч Аарон болон хөвгүүдэд нь өгнө. Энэ нь израйлчуудын байнга сахих ёстой зарлиг юм. 35  Эдгээр нь Аароныг хөвгүүдтэй нь Еховад үйлчлэх тахилчдаар томилсон өдөр Еховад шатаан өргөх тахилуудаас тэдний төлөө тусад нь тавьсан хувь юм. 36  Ехова тэднийг томилсон өдрөө энэ хувийг тэдэнд өгч байхыг израйлчуудад тушаасан юм. Энэ бол үе уламжлан сахих ёстой зарлиг билээ”» гэжээ. 37  Эдгээр нь шатаалт тахил, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил, томилох ёслолын тахил, эвийн тахилын тухай хууль юм. 38  Ехова эдгээр хуулийг Синаи уулан дээр Мосед өгсөн тэр өдөр тэрбээр израйлчуудад тахилуудыг Еховад өргөх тухай Синаин цөлд тушаасан билээ.

Зүүлт