Лукийн бичсэн сайн мэдээ 17:1–37

  • Бүдрүүлэх, уучлах, итгэл (1-6)

  • Өчүүхэн боолууд (7-10)

  • Уяман өвчтэй 10 хүнийг эдгээв (11-19)

  • Бурхны Хаант төр ирэх нь (20-37)

    • Бурхны Хаант төр «та нарын дунд байна» (21)

    • «Лотын эхнэрт юу тохиолдсоныг санагтун» (32)

17  Есүс шавь нартаа «Хүмүүсийг бүдрүүлэх саад гарах нь зайлшгүй. Харин бүдрүүлэгч нэгэн зовно!  2  Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгээр нүгэл үйлдүүлснээс* хүзүүнээсээ тээрмийн чулуу зүүгээд тэнгисийн гүнд хаягдсан нь дээр.  3  Өөрийгөө хянаж бай. Ах дүү чинь чиний эсрэг нүгэл үйлдвэл түүнийг зэмлэ. Хэрэв гэмшвэл уучил.  4  Бүр өдөрт долоон удаа чиний эсрэг нүгэл үйлдчихээд долоон удаа чам руу ирж “Би гэмшиж байна” гэвэл чи ах дүүгээ уучлах ёстой» гэжээ. 5  Шавь нар Эзэнд «Биднийг илүү бат итгэлтэй болгож өгөөч» гэхэд  6  Эзэн: «Гичийн үрийн чинээ итгэлтэй байхад энэ ялам модонд “Үндсээрээ сугарч тэнгист урга” гэхэд хэлснээр чинь болох болно. 7  Газар хагалж байгаад эсвэл хонио хариулж яваад ирсэн боолдоо “Хурдхан ирж ширээнд тухал” гэж хэлэх хүн та нарын дунд байна уу?  8  Харин ч, “Надад оройн хоол хийж өг. Хормогчоо зүүгээд намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи хоолоо ид” гэж хэлэхгүй гэж үү?  9  Боол нь хийх ёстой юмаа хийсэн болохоор эзэн нь талархдаггүй биз дээ?  10  Үүнтэй адил та нар ч оногдсон ажлаа хийчихээд “Бид бол өчүүхэн боолууд. Хийх ёстойгоо л хийлээ” гэж хэл» хэмээжээ. 11  Есүс Иерусалим явах замдаа Самари болон Галилаар дайрч өнгөрөв.  12  Тосгонд ирэхэд уяман өвчтэй арван хүн түүнтэй тааралдав. Харин тэд зайдуу зогсож байлаа.  13  Тэгээд тэд чангаар «Есүс Багш аа, биднийг өрөвдөөч» гэлээ.  14  Есүс тэднийг хараад «Явж өөрсдийгөө тахилчдад үзүүл» гэжээ. Тэд явах зуураа цэвэршжээ.  15  Тэдний нэг нь эдгэснээ хараад Бурхныг чанга дуугаар алдаршуулсаар буцаж ирэв.  16  Тэгээд Есүсийн өмнө сөхрөн газар хүртэл бөхийгөөд талархлаа илэрхийлэв. Тэр самари хүн байжээ.  17  Харин Есүс: «10 хүн цэвэршээгүй бил үү? Нөгөө 9 нь хаачив аа?  18  Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд талархал өргөхөөр буцаж ирээгүй гэж үү?» гэлээ.  19  Тэгээд тэр хүнд «Босоод замаараа яв даа. Та итгэсэн учраас эдгэрлээ» хэмээв. 20  Бурхны Хаант төр хэзээ захирч эхлэхийг фарисайчууд асуухад Есүс: «Бурхны Хаант төрийн ирэх нь тодорхой харагдахгүй.  21  “Хараач, энд байна!” эсвэл “Тэнд байна!” гэж хэлэхгүй. Бурхны Хаант төр та нарын дунд байна» гэжээ. 22  Тэгээд шавь нартаа «Та нар хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн харахыг хүсэх үе ирнэ. Гэхдээ харахгүй.  23  Хүмүүс та нарт “Хараач, тэнд байна!”, “Энд байна!” гэвэл гадагшаа бүү гар, тэднийг бүү дага.  24  Учир нь цахилгаан тэнгэрийн нэг захаас нөгөө зах хүр⁠тэл цахидаг шиг хүний Хүү өөрийнхөө өдөр мөн тийм байх болно.  25  Харин, хүний Хүү эхлээд их зовох бөгөөд энэ үеийнхэн түүнийг үгүйсгэнэ.  26  Түүнээс гадна Ноагийн үед ямар байсанчлан, хүний Хүүгийн үед мөн тийм бай⁠на.  27  Ноаг хөвөгч авдарт орсон тэр өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж байсан. Тэгтэл Үер бууж бүгдийг устгасан билээ.  28  Лотын үед ч ийм юм болсон. Хүмүүс идэж уун, худалдаа хийж, тариалж, барьж байгуулж байлаа.  29  Харин Лотыг Содомоос гарсан өдөр тэнгэрээс гал, хүхэр бороо мэт орж, бүх хүнийг устгасан.  30  Хүний Хүү илчлэгдэх үе ийм байх болно. 31  Тэр өдөр дээвэр дээр байгаа хүн эд юмаа авах гэж доошоо бүү бууг. Түүнчлэн, талбайд байгаа хүн юмаа авах гэж бүү буцаг.  32  Лотын эхнэрт юу тохиолдсоныг санагтун.  33  Амиа аврах гэсэн хэн боловч амиа алдана. Харин амиа алдсан нэгэн амилна.  34  Тэр шөнө нэг орон дээр байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг орхино.  35  Тариа тээрэмдэж байгаа хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг орхино» хэмээн ярьжээ.  36  —* 37  Тэгэхэд шавь нар нь түүнээс «Хаана болох юм бэ, Эзэн?» гэж асуухад тэрээр: «Хүүр байгаа газар бүргэд цугладаг» хэмээжээ.

Зүүлт

Үгч. «хүмүүсийн нэгийг бүдрүүлснээс»
Мт 17:21-ийн зүүлтийг үзнэ үү.