Лукийн бичсэн сайн мэдээ 18:1–43
18 Байнга залбирахын зэрэгцээ шантрахгүй байх хэрэгтэйг Есүс шавь нартаа жишээгээр тайлбарлав.
2 «Нэг хотод Бурхнаас эмээдэггүй, хүнийг хүндэлдэггүй шүүгч байжээ.
3 Уг хотын нэгэн бэлэвсэн эмэгтэй өнөөх шүүгч рүү байн байн очиж, “Намайг өмгөөлж, шударга шийдвэр гаргаж өгөөч” гэж гуйдаг байлаа.
4 Шүүгч хэсэг хугацаанд эмэгтэйг хайхрахгүй байсан боловч ингэж боджээ. “Хэдийгээр би Бурхнаас эмээдэггүй, хэнийг ч хүндэлдэггүй боловч
5 энэ эмэгтэй амар заяа үзүүлэхгүй нь. Заргыг нь шударгаар шийдэж өгөхөөс, эс тэгвэл дахин дахин ирж залхаах нь байна”».
6 Тэгээд Эзэн: «Шүүгч шударга бус хэдий ч юу гэж хэлснийг нь анзаарав уу?
7 Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах, сонгосон хүмүүстээ Бурхан тэвчээртэй хандангаа тэднийхээ төлөө шударга шийдвэр гаргахгүй гэж үү?
8 Бурхан цаг алдалгүй тэдний төлөө шударга шийдвэр гаргана. Харин хүний Хүү ирэх үед жинхэнэ ёсоор итгэдэг* хүн дэлхий дээр байх болов уу?» хэмээв.
9 Өөрийгөө зөвтгөж, бусдыг басамжилдаг хүмүүст Есүс дараах жишээг ярьсан юм.
10 «Хоёр хүн залбирахаар сүмд иржээ. Нэг нь фарисай, нөгөө нь татвар хураагч байв.
11 Фарисай дотроо ингэж залбирчээ. “Бурхан минь, би дээрэмчин, шударга бус, завхай биш ээ. Энэ татвар хураагч шиг ч биш. Ийм байгаадаа танд талархъя.
12 Би долоо хоногт хоёр удаа мацаг барьдаг. Олсон бүхнийхээ аравны нэгийг өгдөг”.
13 Харин татвар хураагч хол зогсоод тэнгэр өөд харж зүрхлэлгүй чээжээ дэлсэн байж “Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч” гэж залбирав.
14 Сүмээс гарч яваа энэ хүнийг фарисай хүнээс илүү шударга сайн гэж Бурхан үзсэн. Учир нь Бурхан өөрийгөө өргөмжилдөг хүн бүрийг дорд болгож, харин өөрийгөө дорд болгогчийг өргөмжилдөг».
15 Есүсийн гарыг тавиулах гэж хүмүүс нялх хүүхдүүдээ авчрахад шавь нар нь зэмлэв.
16 Харин Есүс тэднийг өөр лүүгээ авчруулахын тулд «Хүүхдүүдийг над руу ирүүл. Тэднийг бүү хорь. Учир нь Бурхны Хаант төр энэ хүүхдүүд шиг хүмүүсийнх юм.
17 Бурхны Хаант төрийг хүүхэд адил хүлээж авдаггүй хүн Хаант төрд орохгүй гэдгийг батлан хэлье» гэжээ.
18 Нэгэн захирагч Есүсээс «Сайн багш аа, мөнх амийг өвлөе гэвэл би яах ёстой вэ?» гэж асуухад
19 Есүс: «Яагаад намайг сайн гэнэ вэ? Бурхнаас өөр хэн ч сайн биш.
20 “Бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, бүү худал гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ» хэмээжээ.
21 Өнөөх эрэгтэй: «Энэ бүх тушаалыг би багаасаа сахисан» гэхэд
22 Есүс: «Гэхдээ чамд нэг л зүйл дутаж байна. Эд хөрөнгөө зараад олсон мөнгөө ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно. Тэгээд ирж миний дагалдагч бол» гэв.
23 Өнөөх хүн үүнийг сонсоод царай нь их барайв. Учир нь тэрээр их баян хүн байлаа.
24 Есүс түүнийг хараад «Бурхны Хаант төрд орох нь баян хүнд хэчнээн амаргүй вэ!
25 Үнэндээ, баян хүн Бурхны Хаант төрд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь амар» гэж хэлэв.
26 Энэ үгийг сонссон хүмүүс: «Тэгвэл аврагдах хүн байна уу?» гэж асуухад
27 Есүс: «Хүмүүст боломжгүй юм Бурханд боломжтой» гэж хариулжээ.
28 Тэгтэл Петр: «Бид бүхнээ орхиод таныг дагасан» гэлээ.
29 Есүс тэдэнд «Би батлан хэлье. Бурхны Хаант төрийн төлөө гэрээ эсвэл эхнэрээ эсвэл ах дүүгээ эсвэл эцэг эхээ эсвэл үр хүүхдээ орхисон хүн бүр
30 өнөө үед* илүү ихээр авч, ирэх үед мөнх амьдарна» гэж хэлжээ.
31 Дараа нь Есүс 12 элчээ дуудаж ирүүлээд «Бид Иерусалимд очих гэж байна. Хүний Хүүгийн талаар зөнчдийн бичсэн бүхэн биелнэ.
32 Түүнийг харь үндэстнүүдэд тушаана, доромжилно. Түүнтэй зүй бусаар харьцаж, нулимж,
33 ташуурдаад хөнөөх боловч тэр гурав дахь өдөртөө амилна» гэж ярив.
34 Гэвч элчүүд хэлснийг нь ойлгосонгүй. Учир нь энэ нь тэднээс нууцлагдсан байлаа.
35 Есүсийг Иериход дөхөж ирэхэд нэг сохор эр гуйлга гуйгаад замын хажууд сууж байв.
36 Олон хүн хажуугаар нь явахыг сонсоод юу болоод байгааг асуухад
37 хүмүүс: «Назарын Есүс явж байна!» гэж хэлжээ.
38 Тэгтэл сохор эр: «Давидын Хүү Есүс ээ, намайг өрөвдөөч!» гэж хашхирлаа.
39 Өмнүүр нь явж байгаа хүмүүс дуугүй бай хэмээн түүнийг загнасан ч тэрээр: «Давидын Хүү, намайг өрөвдөөч!» гэж бүр чанга хашхирсаар байв.
40 Тэгэхэд нь Есүс зогсож, өөр лүүгээ авчрахыг тушаав. Ойртож ирэхэд нь Есүс:
41 «Та юу хүсээ вэ?» гэж асуухад «Эзэн, хараа оруулж өгөөч» гэжээ.
42 Есүс: «Хараатай бол. Та итгэсэн учраас эдгэрлээ» гэж хэлэв.
43 Өнөөх хүн тэр даруй хардаг болж, Бурхныг алдаршуулсаар Есүсийг дагажээ. Үүнийг харсан бүх хүн Бурхныг магтан алдаршуулж байлаа.