Лукийн бичсэн сайн мэдээ 21:1–38

  • Ядуу бэлэвсэн эмэгтэйн хоёр зоос (1-4)

  • БОЛОХ ЮМНЫ ШИНЖ ТЭМДЭГ (5-36)

    • Дайн, газар хөдлөлт, тахал, өлсгөлөн (10, 11)

    • Иерусалимыг цэрэг бүсэлнэ (20)

    • Үндэстнүүдэд олгосон цаг (24)

    • Хүний Хүү ирнэ (27)

    • Инжрийн модны жишээ (29-33)

    • Сонор сэрэмжтэй бай (34-36)

  • Есүс сүм дотор сургаал заав (37, 38)

21  Есүс эрдэнэсийн сангийн зүг харж, өргөл өргөж байгаа баячуудыг ажиглаж байхдаа  2  хоёр жижиг зоос* өргөж байгаа ядуу бэлэвсэн эмэгтэйг харав.  3  Тэгээд Есүс: «Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүх хүнээс илүүг өгснийг батлан хэ⁠лье.  4  Яагаад гэвэл тэд бүгдээрээ илүүдлээсээ өгсөн. Харин энэ эмэгтэй ядуу боловч амин зуулгандаа хэрэгтэй бүхнээ өгсөн юм» хэмээв. 5  Сүмийг эрдэнийн чулуу, өргөлийн эд зүйлээр чимсэн талаар шавь нар ярилцаж байв.  6  Есүс: «Одоо та нарын харж байгаа энэ бүхэн бүгд нурах өдрүүд ирнэ. Нэг ч чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй» хэмээжээ.  7  Тэгэхэд тэд: «Багш аа, чухам хэзээ ийм юм болох юм бэ? Ийм юм болохын шинж тэмдэг юу байх вэ?» гэхэд  8  тэрээр: «Мэхлүүлэхгүйн тулд сэрэмжтэй байцгаа. Яагаад гэвэл олон хүн миний нэрийг барин ирж “Би бол Христ”, “Товлосон цаг боллоо” гэцгээнэ. Тэднийг бүү дага.  9  Түүнээс гадна, та нар дайтах чимээ, үймээн самууны* тухай сонсоод битгий айгаарай. Учир нь эдгээр нь эхлээд заавал болох ёстой боловч өнөө үеийн* төгсгөл хараахан биш юм» гэж ярив. 10  Тэгээд шавь нартаа: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд  11  хаа сайгүй газар хүчтэй хөдөлж, энд тэндгүй өлсгөлөн болж, тахал гарна. Аймшигтай явдлууд болж, тодорхой тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. 12  Гэхдээ эдгээрээс өмнө хүмүүс та нарыг хавчина, баривчилна, синагогтоо хүргэнэ, шоронд хийнэ. Миний нэрнээс болж хаад, захирагчид руу аваачна.  13  Үүний үрээр та нар гэрчлэх болно.  14  Тиймээс өөрийгөө өмгөөлж юу хэлэхээ урьдаас бэлдэх гэж санаа зовох хэрэггүй.  15  Учир нь би та нарт үг болон мэргэн ухаан өгнө. Та нарыг эсэргүүцдэг хэн ч тэдгээрийг сөрж, няцааж чадахгүй.  16  Бас эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхөд чинь та нарыг барьж өгнө*, заримыг чинь хөнөөлгөнө.  17  Миний нэрнээс болж та нарыг бүх хүн үзэн ядна.  18  Гэхдээ толгойн чинь ширхэг үс ч үгүй болохгүй.  19  Эцэс хүртэл тэвчвэл амиа аварна. 20  Харин Иерусалим цэрэгт бүслэгдсэнийг харвал сүйрэх цаг нь ойртжээ гэж мэдэгтүн.  21  Иудейд байгаа хүмүүс уул руу зугтаг. Иерусалимд байгаа нь тэндээс гараг. Хөдөө байгаа нь хот руу бүү орог.  22  Учир нь Сударт бичигдсэн бүхнийг биелүүлэхийн тулд Бурхан тэр өдрүүдэд хүмүүсийг шүүнэ.  23  Тэр үед жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй байх эмэгтэйчүүд хөөрхий еэ! Яагаад гэвэл энэ нутагт их гамшиг болж, ард түмнийг нь шийтгэнэ.  24  Тэд илдээр хөнөөгдөж, бүх үндэстэнд олзлогдож, үндэстнүүдэд* олгосон цаг гүйцтэл Иерусалим үндэстнүүдийн* хөлд талхлагдана. 25  Бас нар, сар, одод дээр тэмдгүүд үзэгдэж, далайн хүчит давалгааны нүргэлэх шуугианаас үндэстнүүд айж түгшин учраа олохоо болино.  26  Тэнгэр дэх хүчирхэг юмс сэгсрэгдэхэд хүмүүс дэлхий дахинд тохиолдох зүйлийг ойлгоод, айснаасаа болж ухаан алдана.  27  Дараа нь тэд сүр хүч, агуу их цог жавхлантайгаар үүлэн дунд ирж яваа хүний Хүүг харна.  28  Гэхдээ энэ бүхэн биелж эхлэхэд та нар цэх зогсож, тэргүүнээ өргө. Учир нь та нарыг аврах цаг ойртож байгаа юм» гэж ярив. 29  Тэгээд жишээ татан ийн өгүүлэв. «Инжрийн болон бусад модыг ажигла даа.  30  Мод нахиалахыг хараад та нар зун ойрхон байгааг мэддэг.  31  Үүнчлэн, энэ бүхэн болохыг хараад Бурхны Хаант төр ойрхон байгааг ойлгоорой.  32  Би та нарт батлан хэлье. Энэ бүхэн болохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй.  33  Тэнгэр газар үгүй болох ч миний үг яасан ч үгүй болохгүй. 34  Хэтрүүлэн идэж уух болон амьдралын төлөө санаа зовсноос болж зөв бодох чадвараа алдахгүйн тулд анхааралтай бай. Эс тэгвэл хавханд гэнэт ордог шиг тэрхүү өдөр гэнэт болно.  35  Учир нь дэлхийд амьдарч байгаа бүх хүн тэр өдрийг үзнэ.  36  Тиймээс, сонор сэрэмжтэй бай. Болох ёстой энэ бүхнийг давж аврагдъя, хүний Хүүгийн өмнө зогсъё гэвэл тусламж гуйн цаг үргэлж залбир». 37  Есүс өдөр нь сүм дотор сургаал заагаад орой нь сүмээс гарч, Чидун ууланд хонодог байлаа.  38  Хүмүүс Есүсийг сонсох гэж өглөө эрт сүмд ирдэг байв.

Зүүлт

Үгч. «хоёр лептон». 10 орчим минутын ажлын хөлс
Эсвэл «эмх замбараагүй байдлын, бослогын»
Эсвэл «та нараас урвана»
Эсвэл «харь үндэстнүүдэд»
Эсвэл «харь үндэстнүүдийн»