Лукийн бичсэн сайн мэдээ 3:1–38

  • Ёоханы ажлын эхлэл (1, 2)

  • Ёохан баптисм хүртэхийг тунхаглав (3-20)

  • Есүс баптисм хүртэв (21, 22)

  • Есүс Христийн угийн бичиг (23-38)

3  Цезарь Тиберийн 15 дахь жилд Понти Пилат Иудей нутгийн захирагч, Херод* Галил нутгийн хаан*, Херодын ах Филип Итурай болон Трахонит нутгийн хаан, Лусан Абилен нутгийн хаан,  2  Анас ахлах тахилч, Каяаф тэргүүн тахилч байх үед Зехариагийн хүү Ёохан цөлд байсан бөгөөд Бурхан түүнд тушаажээ. 3  Тиймээс Ёохан Иордан хавийн бүх нутгаар явж, нүглээ уучлуу⁠лъя гэвэл гэмшиж, үүнийгээ батлан баптисм хүртэхийг тунхаглаж байв.  4  Энэ нь зөнч Исаиагийн номонд бичсэнчлэн болжээ. Исаиа: «“Еховагийн* замыг бэлдэгтүн! Замыг нь тэгшил  5  Хөндийнүүд дүүрч, уул толгод намсаж, муруй замууд шулуун болж, бартаат замууд дардан болох учиртай.  6  Тэгээд Бурхан хэрхэн аврахыг бүх хүн харна” гэж хашхирах дуу цөлд гарна» хэмээжээ. 7  Баптисм хүртэхээр өөр лүү нь ирсэн хүмүүст Ёохан: «Хорт могойн удам аа, удахгүй буух Бурхны шийтгэлээс мултрахыг хэн та нарт хэлээ вэ?  8  Гэмшсэнээ үйл хэргээрээ харуулцгаа. “Бид бол Абрахамын үр сад” хэмээн хэлэх хэрэггүй. Үнэндээ, Бурхан энэ чулуугаар ч Абрахамын үр садыг бүтээж чадна.  9  Модыг угаар нь цавчих сүх бэлэн байна. Сайн жимс ургуулдаггүй мод болгоныг цавчиж, галд хийнэ» гэж хэлжээ. 10  Тэгэхэд хүмүүс түүнээс «Тэгвэл бид яах ёстой вэ?» гэж асуув.  11  Ёохан: «Хоёр хувцастай нь хувцасгүй нэгэндээ илүүчил. Идэх юмтай нь бас тийн үйлдэг» гэж хариулав.  12  Татвар хураагчид ч баптисм хүртэх гэж ирээд Ёоханаас «Багш аа, бид яах ёстой вэ?» гэж асуухад  13  «Авах ёстойгоосоо илүү татвар бүү нэх*» гэжээ.  14  Бас цэргүүд: «Бид яах ёстой вэ?» гэхэд «Хэнийг ч бүү дээрэлх*. Хэнийг ч хилсээр бүү буруутга. Харин байгаадаа* сэтгэл хангалуун бай» хэмээв. 15  Хүмүүс бүгдээрээ Христийг хүлээж байсан учир Ёоханыг «Христ юм болов уу?» гэж бодож байлаа.  16  Ёохан хүмүүст «Би усаар баптисм хүртээдэг. Харин надаас агуу нэгэн ирж байна. Би түүний шаахайн сурыг ч тайлах хүндтэй хүн биш ээ. Тэрээр та нарт Бурхны агуу хүч болон галаар баптисм хүртээнэ.  17  Гарт нь шигшүүр байх бөгөөд үтрэмээ сайтар цэвэрлэнэ. Тэгээд буудайг агуулахад хурааж хивгийг унтаршгүй галд шатаана» гэж хэлжээ. 18  Тэрээр өөр олон зүйлийг сургамжилж, сайн мэдээг хүмүүст тунхаглаж байлаа.  19  Харин Херод хаан урьд нь үйлдсэн бузар муу хэрэг болон ахынхаа эхнэр Херодиатай гэрлэснээсээ болж Ёоханд зэмлүүлсэн учраас  20  түүнийг шоронд хориулжээ. Ийнхүү дахин буруу юм хийв. 21  Ёохан олон хүнд, бас Есүст баптисм хүртээв. Есүсийг залбирч байтал тэнгэр заагдаж  22  Бурхны агуу хүч өөр дээр нь тагтаа мэт буун ирэх нь харагдаж «Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэх дуу тэнгэрээс гарав. 23  Есүс 30 орчим настай байхаасаа зааж сургаж эхэлжээ. Хүмүүсийн боддогоор Есүс болИосефын хүү,Иосеф нь Хелийн хүү, 24  Хели нь Мататын хүү,Матат нь Левийн хүү,Леви нь Мелхигийн хүү,Мелхи нь Янайн хүү,Янай нь Иосефын хүү, 25  Иосеф нь Мататиагийн хүү,Мататиа нь Амосын хүү,Амос нь Нахумын хүү,Нахум нь Еслийн хүү,Если нь Нагайн хүү, 26  Нагай нь Маатын хүү,Маат нь Мататиагийн хүү,Мататиа нь Семейний хүү,Семейн нь Ёсэхийн хүү,Ёсэх нь Ёдагийн хүү, 27  Ёда нь Ёонаны хүү,Ёонан нь Ресагийн хүү,Реса нь Зеруббабелын хүү,Зеруббабел нь Шеалтиелын хүү,Шеалтиел нь Нерийн хүү, 28  Нери нь Мелхигийн хүү,Мелхи нь Адийн хүү,Ади нь Косамын хүү,Косам нь Елмадамын хүү,Елмадам нь Ерийн хүү, 29  Ер нь Есүсийн хүү,Есүс* нь Елиезерийн хүү,Елиезер нь Ёримын хүү,Ёрим нь Мататын хүү,Матат нь Левийн хүү, 30  Леви нь Симеоны хүү,Симеон нь Юудасын хүү,Юудас нь Иосефын хүү,Иосеф нь Ёнамын хүү,Ёнам нь Елиакимын хүү, 31  Елиаким нь Мелеагийн хүү,Мелеа нь Менагийн хүү,Мена нь Мататагийн хүү,Матата нь Натаны хүү,Натан нь Давидын хүү, 32  Давид нь Иессийн хүү,Иесси нь Обедын хүү,Обед нь Боазын хүү,Боаз нь Салмоны хүү,Салмон нь Нахшоны хүү, 33  Нахшон нь Амминадабын хүү,Амминадаб нь Арнийн хүү,Арни нь Хезроны хүү,Хезрон нь Перезийн хүү,Перез нь Иудагийн хүү, 34  Иуда нь Иаковын хүү,Иаков нь Исаакийн хүү,Исаак нь Абрахамын хүү,Абрахам нь Терагийн хүү,Тера нь Нахорын хүү, 35  Нахор нь Серугийн хүү,Серуг нь Реугийн хүү,Реу нь Пелегийн хүү,Пелег нь Еберийн хүү,Ебер нь Шелагийн хүү, 36  Шела нь Кайнамын хүү,Кайнам нь Арпахшадын хүү,Арпахшад нь Шемийн хүү,Шем нь Ноагийн хүү,Ноа нь Ламехын хүү, 37  Ламех нь Метуселагийн хүү,Метусела нь Енохын хүү,Енох нь Иаредын хүү,Иаред нь Махалалеелын хүү,Махалалеел нь Кайнамын хүү, 38  Кайнам нь Еношийн хүү,Енош нь Сетийн хүү,Сет нь Адамын хүү,Адам нь Бурхны хүү болой.

Зүүлт

Херод Антийп. Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «тетрарх». Орон нутаг хариуцсан, Ромын эзэнт гүрний төлөөний ноён
Эсвэл «бүү хураа»
Эсвэл «бүү дээрэмд»
Эсвэл «авдаг хөлсөндөө»
Эртний зарим гар бичмэлд Ёсэс гэж байдаг.