Лукийн бичсэн сайн мэдээ 7:1–50
7 Есүс яриагаа үүгээр дуусгаад Капернаумд очив.
2 Нэгэн цэргийн даргын хайртай боол хүнд өвдөж үхлүүт байжээ.
3 Цэргийн дарга Есүсийн талаар сонсоод боолыг минь эдгээхээр ирээч гэж гуйлгахаар иудейчүүдийн хэдэн ахлагчийг явуулжээ.
4 Тэд очоод Есүсээс хичээнгүйлэн гуйж «Тэр бол танаас тусламж хүсэх зохистой хүн байгаа юм.
5 Манай ард түмэнд хайртай, бидэнд синагог барьж өгсөн хүн» гэхэд
6 Есүс тэдэнтэй хамт явлаа. Тэгээд гэрт нь ойртож явтал өнөөх цэргийн дарга нөхдөө илгээж «Эзэн минь, та өөрийгөө бүү чилээ. Би таныг гэртээ оруулах зохистой хүн биш ээ.
7 Тэгээд ч би өөрийгөө тантай уулзах зохистой хүн гэж үзэхгүй байна. Таныг үг хэлэхэд л зарц минь эдгэчихнэ.
8 Учир нь би өөрөө ч захирагддаг, цэргүүдээ ч захирдаг. Би нэгэнд нь “Яв!” гэвэл явдаг, нөгөөд нь “Нааш ир!” гэвэл ирдэг, зарцдаа “Үүнийг хий!” гэвэл хийдэг» гэж хэлүүлжээ.
9 Үүнийг дуулаад Есүс гайхаж, өөрийг нь дагаж байсан хүмүүст «Ийм бат итгэлтэй хүнтэй би Израйлд ч тааралдсангүй» гэж хэлэв.
10 Цэргийн даргын явуулсан хүмүүс буцаж ирээд өнөөх боол эрүүл саруул болсныг харжээ.
11 Үүний дараахан Есүсийг Найн хот руу явахад шавь нараас нь гадна олон хүн дагаж явжээ.
12 Есүс хотын хаалганд ойртож ирээд бэлэвсэн эмэгтэйн ганц хүүг оршуулахаар яваа хүмүүстэй тааралджээ. Хотын олон хүн тэр эмэгтэйтэй хамт явж байлаа.
13 Эзэн Есүс бэлэвсэн эмэгтэйг олж хараад өрөвдөж, түүнд хандан «Бүү уйл» гэж хэлээд
14 дамнуурганд гараа хүргэхэд өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс: «Залуу минь, бос!» гэж хэлэхэд
15 нас барсан хүн өндийгөөд ярьж эхлэв. Есүс хүүг эхэд нь өгчээ.
16 Бүх хүн гайхан биширч «Бидний дундаас агуу зөнч гарчээ», «Бурхан ард түмнээ өрөвджээ» хэмээн Бурхныг алдаршуулав.
17 Есүсийн тухай яриа Иудей даяар болон ойр хавийн нутгаар таржээ.
18 Энэ бүх явдлын талаар шавь нар нь Ёоханд мэдэгджээ.
19 Тиймээс Ёохан хоёр шавиа дуудаж ирүүлээд «Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?» гэж асуулгахаар Эзэн рүү явуулав.
20 Тэд Есүстэй уулзаад «Баптисм хүртээгч Ёохан: “Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?” гэж асуулгахаар биднийг явуулсан юм» гэжээ.
21 Тэр үед Есүс хүнд, хөнгөн өвчтэй олон хүнийг эдгээж, чөтгөрт эзэмдүүлснийг нь чөлөөлж, хараагүйчүүдэд хараа оруулсан байв.
22 Есүс Ёоханы шавь нарт «Үзсэн, сонссоноо буцаж очоод Ёоханд хэл. Хараагүй нь харж, доголон нь явж, уяман өвчтэй нь эдгэж, дүлий нь сонсож, үхсэн нь амилж, ядуу нь сайн мэдээ сонсож байна.
23 Эргэлзэхгүйгээр надад итгэдэг хүн жаргалтай*» гэж хариулжээ.
24 Ёоханы шавь нарыг явсны дараа Есүс олон түмэнд Ёоханы талаар ийн ярьж эхлэв. «Та нар юу харах гэж цөл рүү явсан бэ? Салхинд найгах зэгсийг үү?
25 Чухам юу харах гэсэн юм бэ? Ганган хээнцэр хүнийг үү? Ганган хээнцэр хувцастай, тансаг амьдралтай хүн хааны ордонд байдаг шүү дээ.
26 Тэгвэл та нар юу харах гэж очсон бэ? Зөнчийг харах гэж үү? Тийм ээ, Ёохан бол зөнч. Үнэндээ, зөнчөөс ч агуу.
27 Түүний талаар “Би чиний өмнө явах элчээ илгээж байна. Тэрээр өмнө чинь зам бэлдэнэ!” гэж бичсэн байсан.
28 Ёоханаас агуу хүн хүмүүсийн дунд үгүй боловч Бурхны Хаант төрд багтах хүмүүсийн дорд нэгэн ч түүнээс агуу юм.
29 (Ард олон, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхныг шударга хэмээн хүлээн зөвшөөрчээ. Учир нь тэд Ёохан руу очиж баптисм хүртсэн байлаа.
30 Харин фарисайчууд, Хууль сайн мэддэг хүмүүс өөрсдөд нь хамаатай Бурхны зөвлөгөөг тоогоогүй юм. Учир нь тэд Ёохан руу очиж баптисм хүртээгүй ажээ.)
31 Тэгэхээр, би энэ үеийн хүмүүсийг хэнтэй зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил бэ?
32 Зах дээр тоглодог хүүхдүүдтэй адил юм. Тэд бие биеэ дуудаж “Бид та нарт лимбэ тоглож өгсөн ч та нар бүжиглэсэнгүй. Гашуудлын дуу дуулсан ч та нар уйлсангүй” гэж хэлдэг.
33 Баптисм хүртээгч Ёохан талх идэж, дарс уудаггүй. Гэвч та нар: “Түүнд чөтгөр шүглэжээ” гэдэг.
34 Хүний Хүүг идэж уухад та нар: “Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!” гэцгээдэг.
35 Гэхдээ мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг».
36 Нэгэн фарисай хүн өөрийг нь олон удаа урьсан учир Есүс гэрт нь очиж, ширээнд тухлан суув.
37 Тэгтэл нүгэлтэйгээрээ хотынхонд зартай нэг эмэгтэй Есүсийг тэр фарисайн гэрт зоог барьж байгааг мэдээд гөлтгөнөн савтай, анхилуун үнэрт тос авч иржээ.
38 Эмэгтэй Есүсийн хөл хавьд суугаад уйлж, хөлийг нь нулимсаараа норгож, үсээрээ арчаад хөлийг нь үнсэж, анхилуун үнэрт тосоор тосолж байв.
39 Есүсийг урьсан фарисай үүнийг хараад «Хэрэв энэ хүн үнэхээр зөнч юм бол өөрт нь хүрч байгаа энэ эмэгтэй ямар хүн болохыг, нүгэлтэн гэдгийг нь мэдэх л ёстой доо» гэж дотроо боджээ.
40 Тэгтэл Есүс: «Симон, чамд хэлэх юм байна» гэхэд тэрээр: «Багш аа, хэлнэ үү» гэв.
41 Есүс: «Нэгэн зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь 500, нөгөө нь 50 денарын* өртэй байв.
42 Өрөө төлөх юу ч тэдэнд байгаагүй учир өнөөх хүн их энэрэнгүй хандаж, өрнөөс нь хэлтрүүлжээ. Тэр хоёрын хэн нь түүнийг илүү их хайрлах бол?» гэж асуув.
43 Симон: «Их өртэй байсан нь гэж бодож байна» гэхэд Есүс: «Чиний хэлдэг зөв өө» гэлээ.
44 Ингээд Есүс эмэгтэй рүү харангаа Симонд хандаж «Энэ эмэгтэйг хар даа. Гэрт чинь ороход чи надад хөл угаах ус өгөөгүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгож, үсээрээ арчлаа.
45 Чи намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй намайг ирснээс хойш хөлийг минь үнсэж байна.
46 Чи толгойг минь тослоогүй. Харин энэ эмэгтэй анхилуун үнэрт тосоор хөлийг минь тосоллоо.
47 Иймээс хэчнээн их* нүгэлтэй ч энэ эмэгтэй уучлагдана. Учир нь энэ эмэгтэй бусдыг их хайрласан. Бага уучлуулдаг хүн бага хайрладаг» гэж хэлэв.
48 Есүс эмэгтэйд хандан «Нүглийг чинь уучилсан» хэмээхэд
49 хоол идэж байсан хүмүүс: «Нүглийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ?» гэцгээв.
50 Харин Есүс өнөөх эмэгтэйд «Чи итгэсэн учраас Бурхан чамайг аварлаа. Бүү санаа зов» гэж хэллээ.
Зүүлт
^ Үгч. «Бүдрэх шалтаг надаас олоогүй хүн жаргалтай»
^ 1 денар нь 1 өдрийн ажлын хөлс
^ Эсвэл «агуу»