Лукийн бичсэн сайн мэдээ 8:1–56

  • Есүсийг дагаж явсан эмэгтэйчүүд (1-3)

  • Тариачны жишээ (4-8)

  • Есүс жишээ татсаны учир (9, 10)

  • Тариачны тухай жишээний тайлбар (11-15)

  • Дэнгийн дээгүүр сав хөмөрдөггүй (16-18)

  • Есүсийн ээж, дүү нар (19-21)

  • Есүс салхийг намжаав (22-25)

  • Есүс чөтгөрүүдийг гахайнуудад оруулав (26-39)

  • Яирын охин, Есүсийн хувцсанд хүрсэн эмэгтэй (40-56)

8  Удалгүй Есүс хот тосгодоор явж Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглав. 12 элч нь хамт явлаа.  2  Бас Есүсийн ачаар эдгэсэн, чөтгөрөөс ангижирсан эмэгтэйчүүд, тухайлбал, долоон чөтгөрөөс ангижирсан, Магдалын гэгддэг Мариа,  3  Херодын гэрийн даамал Хузын эхнэр Ёона, мөн Сузанна нар болон өөр олон эмэгтэй дагажээ. Тэд эд хөрөнгөөрөө тусалдаг байв. 4  Өөрийг нь дагаж явсан хүмүүсээс гадна өөр олон хүн цуглахад Есүс жишээ татан ингэж ярилаа.  5  «Тариачин үр цацахаар гарав. Зарим үр замын хажуугаар унаж, хүний хөлд гишгэгдэж, шувууны хоол болжээ.  6  Зарим нь чулуурхаг хөрсөнд унаж соёолсон ч ус чийггүй учраас хатжээ.  7  Зарим нь өргөст ургамлын дунд унав. Өргөст ургамал ургаж томроод соёолсон үрийг барьчихжээ.  8  Харин зарим нь сайн хөрсөнд унаж ургаад 100 дахин их ургац өглөө». Үүнийг яриад «Сонсох чихтэй нь сонсог» гэж чанга дуугаар хэлжээ. 9  Харин шавь нар энэ жишээний утгыг асуухад  10  Есүс ийн хариулав. «Бурхны Хаант төрийн ариун нууц та нарт илчлэгддэг. Харин бусад хүнд жишээ төдийхнөөр үлддэг. Тэд хардаг ч харснаа ухаардаггүй, сонсдог ч сонссоноо ойлгодоггүй.  11  Энэ жишээ ийм утгатай. Үр бол Бурхны үг.  12  Замын хажууд унасан үр бол Бурхны үгийг сонссон хүн юм. Тэр хүн үгэнд итгээд аврагдах вий гээд Диавол ирж, зүрхэнд нь суулгасан үгийг авч хаядаг.  13  Чулуурхаг газар унасан үр бол үгийг сонсоод баярлан хүлээж авдаг хүн юм. Гэхдээ тийм үр үндэслэдэггүй. Тэр хүн хэсэг зуур л итгэдэг бөгөөд сорилт тулгарахад итгэхээ больдог.  14  Өргөст ургамлын дунд унасан үр бол үгийг сонссон боловч өнөө үеийн* амьдралдаа санаа зовдог бөгөөд зугаа цэнгэл, эд баялагт дурладгаасаа болж үгийг хайхардаггүй хүн юм. Тийм хүн үр тариа ургуулдаггүй.  15  Сайн хөрсөнд унасан үр бол үгийг сонсоод зөв зүрх сэтгэлдээ хүлээн авч, эрхэмлэж*, тэвчээртэйгээр үр тариа ургуулдаг хүн юм. 16  Хэн ч дэн асаачихаад дээрээс нь сав хөмөрдөггүй, орон доор тавьдаггүй. Харин орж ирсэн хүмүүсийг гэрэл үзэг гэсэндээ суурин дээр нь тавьдаг.  17  Учир нь илчлэгдэхгүйгээр далдалсан юм гэж байхгүй. Илрэхээргүйгээр нууцалсан юм гэж байхгүй.  18  Тиймээс яаж сонсдогоо анхаар. Учир нь хэнд байна, түүнд нэмж өгнө. Харин хэнд байхгүй байна, байгаа гэж бодож байсныг нь ч түүнээс авна». 19  Ээж, дүү нар нь Есүстэй уулзахаар ирсэн боловч олон хүнтэй байсны улмаас орж чадсангүй.  20  Тиймээс «Ээж, дүү нар тань тантай уулзах гээд гадаа зогсож байна» гэж хэлүүлэхэд  21  Есүс: «Бурхны үгийг сонсоод ажил хэрэг болгодог хүмүүс бол миний ээж, дүү нар юм» гэжээ. 22  Нэгэн өдөр Есүс шавь нартайгаа хамт завинд суугаад «Нөгөө эрэг рүү явцгаая» гэжээ. Ингээд тэд хөвж эхлэв.  23  Энэ зуур Есүс унтжээ. Хүчтэй салхи дэгдэж, завь усаар дүүрч, живэх аюул нүүрлэв.  24  Тиймээс тэд Есүсийг сэрээж «Багш аа, багш аа. Бид үхэх нь!» гэцгээхэд Есүс босож салхи болон оволзох давалгааг зэмлэхэд салхи намдаж, нам гүм болов.  25  Тэгэхэд Есүс: «Та нар юунд итгэсэнгүй вэ?» гэжээ. Харин айх гайхах нь зэрэгцсэн шавь нар нь: «Энэ хүн үнэндээ хэн бэ? Салхи, нуурыг ч захирах юм» гэж хоорондоо ярьжээ. 26  Тэд Галил нуурын нөгөө эрэг дээрх Герас нутагт ирэв.  27  Есүсийг завинаас буухад ойролцоох хотын, чөтгөрт эзэмдүүлсэн хүн тааралджээ. Өнөөх хүн олон жилийн өмнөөс хувцас өмсөхөө больж, орон гэрт биш, булшнуудын дунд орогнодог болжээ.  28  Есүсийг хараад хашхирч, сөхөрч суугаад чанга дуугаар «Хамгийн дээд Бурхны Хүү Есүс ээ, та намайг яах гээ вэ? Намайг битгий зовоогооч гэж танаас гуйя» гэж хэлэв.  29  (Учир нь Есүс тэр хүнээс гарахыг чөтгөрүүдэд тушаасан байжээ. Өнөөх хүн чөтгөрийн эрхшээлд удаан хугацаагаар зовсон бөгөөд хүмүүс түүнийг дахин дахин гавлаж, дөнгөлж, манаж байсан боловч гав дөнгөө хэмх цохиж орхиод чөтгөрт захирагдан зэлүүд газар луу явчихдаг байв.)  30  Есүс түүнээс «Чамайг хэн гэдэг вэ?» гэж асуухад тэрээр: «Легион» гэжээ. Учир нь тэр хүнийг олон чөтгөр эзэмдсэн байжээ.  31  Ёроолгүй гүн рүү яв гэж бүү тушаагаач гэж чөтгөрүүд Есүсээс гуйж байлаа.  32  Ууланд сүрэг гахай идээшилж байсан учир чөтгөрүүд гахайнуудад оръё гэж гуйхад Есүс зөвшөөрөв.  33  Чөтгөрүүд хүнээс гарч, гахайнуудад орлоо. Тэгтэл гахайнууд хадан хясаа руу гүйлдсээр нууранд унаж живжээ.  34  Энэ явдлыг үзсэн гахайчид гүйсээр хот, тосгонд очоод юу болсныг хүмүүст мэдэгджээ. 35  Юу болсныг үзэхээр ирсэн хүмүүс Есүс рүү очтол чөтгөрөөс ангижирсан өнөөх хүн хувцас өмсчихсөн, эрүүл ухаантай болчихоод Есүсийн дэргэд сууж байхыг хараад айв.  36  Өнөөх хүн чөтгөрөөс яаж ангижирсныг үзсэн хүмүүс тэдэнд ярьж өгчээ.  37  Герас нутгийн олон хүн Есүсийг өөрсдийнхөө нутгаас явахыг гуйв. Яагаад гэвэл тэд ихэд айжээ. Есүс тэндээс явахаар завинд суув.  38  Гэтэл чөтгөрөөс ангижирсан хүн хамт явахыг гуйсан боловч  39  Есүс: «Гэртээ харь. Бурхан чиний төлөө юу хийснийг ярьж бай» гэж хэлээд явуулжээ. Тиймээс тэрээр өөрийнх нь төлөө Есүс юу хийснийг хот даяар ярьсаар явжээ. 40  Есүсийг Галилд буцаж ирэхэд хүмүүс найрсгаар хүлээн авав. Учир нь түүнийг хүлээж байжээ.  41  Тэгтэл синагогийн ахлагч Яир гэдэг хүн ирж, сөхөрч суугаад манайд очооч гэж Есүсээс гуйлаа.  42  Учир нь 12 орчим настай, ганц охин нь үхлүүт байжээ. Тэднийх рүү явж байхад нь олон түмэн Есүсийг бүчин шахаж байлаа.  43  Цус алдах өвчнөөр 12 жил шаналсан нэг эмэгтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.  44  Эмэгтэй Есүсийн ард очоод хувцасных нь цацагт хүрмэгц цус алдах нь зогсжээ.  45  Тэгтэл Есүс: «Хэн надад хүрэв?» гэхэд хүрсэн гэх хүн нэг ч гарсангүй. Петр: «Багш аа, энэ олон хүн таныг бүчиж, шахаж байна шүү дээ» гэхэд  46  Есүс: «Надад хүн хүрсэн. Надаас хүч гарахыг би мэдэрсэн» гэж хэлэв.  47  Есүс өөрийг нь анзаарсныг өнөөх эмэгтэй мэдээд чичирсээр ирж өмнө нь сөхрөөд, яагаад хувцсанд нь хүрснээ, тэр дороо хэрхэн эдгэснээ бүх хүний өмнө ярив.  48  Тэгтэл Есүс: «Охин минь, чи итгэсэн учраас эдгэрлээ. Амар тайван яв» хэмээжээ. 49  Тийн ярьж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүн ирж «Танай охин нас барчихлаа. Багшид төвөг удаад хэрэггүй» гэлцэхийг  50  Есүс сонсоод «Бүү санаа зов. Зөвхөн итгэ. Охин чинь аврагдана» гэж хэлэв.  51  Есүс тэднийд очоод Петр, Ёохан, Яаков болон охины эцэг эхээс өөр хүнийг оруулсангүй.  52  Харин бүх хүн охины хойноос гашуудан уйлж, чээжээ дэлсэж байлаа. Тиймээс Есүс: «Уйлахаа больцгоо. Охин үхээгүй, унтаж байна» гэхэд  53  хүмүүс дооглон инээв. Учир нь тэд охин нас барсныг мэдэж байжээ.  54  Есүс хүүхдийн гараас барьж «Охин минь, бос!» гэж хэллээ.  55  Охин амилж тэр даруй босов. Охинд идэх юм өгөхийг Есүс тушаав.  56  Эцэг эх нь баярласандаа яахаа мэдэхгүй байлаа. Болсон явдлын тухай хэнд ч хэлэхгүй байхыг Есүс тэдэнд захижээ.

Зүүлт

Үгч. «хадгалж»