Малахи 1:1–14

  • Ехова ард түмнээ хайрладаг (1-5)

  • Тахилчид зохисгүй өргөл өргөдөг (6-14)

    • Бурхны нэр үндэстнүүдийн дунд алдаршина (11)

1  Тунхаглал: Израйлчуудад Малахигаар* хэлүүлсэн Еховагийн үг:  «Би та нарыг хайрласан» гэж Еховаг хэлэхэд Та нар: «Та биднийг яаж хайрласан юм бэ?» гэдэг. Ехова: «Есав Иаковын ах байсан биш билүү? Гэвч би Иаковыг хайрлаж,  Есавыг үзсэн ядсан. Би түүний уулсыг эзгүйрүүлж, өвийг нь зэлүүд газрын чононцруудад өгсөн» гэж тунхаглаж байна.  «Едом*: “Бид сүйрсэн. Гэсэн ч эргэж ирээд балгасуудаа сэргээн босгоно” гэж хэлсэн. Харин тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдав: “Тэд барих боловч би нураана. Хүмүүс тэднийг «муу муухай явдлын нутаг», «Еховагийн үүрд ялласан хүмүүс» гэж дуудна.  Та нар үүнийг нүдээрээ үзэж, «Ехова Израйл даяар алдарших болтугай» гэж хэлнэ”».  «“Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэлдэг. Хэрэв би эцэг юм бол та нар намайг яагаад хүндэлдэггүй юм бэ? Би эзэн юм бол та нар надаас яагаад эмээдэггүй юм бэ?” гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова би, нэрийг минь гутаадаг тахилч та нарт хэлж байна. “Гэвч та нар: «Бид таны нэрийг яаж гутаасан юм бэ?» гэдэг”.  “Та нар тахилын ширээн дээр минь бузартсан хоол хүнс өргөсөн”. “Тэгэхэд та нар: «Бид таныг яаж бузарласан юм бэ?» гэдэг”. “«Еховагийн ширээ жигшүүртэй» гэж хэлснээрээ.  Та нар сохор малаар тахил өргөхдөө «Яав л гэж!» гэдэг. Доголон, өвчтэй мал өргөхдөө «Юу нь буруу байгаа юм!» гэдэг”». «Үүнийгээ захирагчдаа аваачаад өг дөө. Тэр та нарыг таална гэж үү? Элэгсгээр хүлээж авах уу?» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.  «Харин одоо Бурхнаас тааллыг нь гуйгаад үз дээ. Ийм өргөл авчраад байвал тэрбээр та нарыг таалан хүлээж авах уу?» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 10  «Та нарын дунд сайн дураараа хаалга хаагаад өгчих* хүн байдаг юм уу? Тахилын ширээн дээр минь хүртэл үнэ хөлсөөр гал асаана. Та нар миний сэтгэлд нийцэхгүй байна. Өргөлийг чинь би таалан хүлээж авахгүй» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдав. 11  «Нар мандах зүгээс нар жаргах зүг хүртэл миний нэр үндэстнүүдийн дунд алдаршина. Хаа сайгүй тахилын утаа баагьж, хүмүүс миний нэрд зориулан өөгүй, цэвэр өргөл өргөнө. Учир нь миний нэр үндэстнүүдийн дунд алдарших юм» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдав. 12  «Гэвч та нар: “Еховагийн ширээ бузартсан, түүн дээрх жимс, хоол хүнс жигшмээр юм” гэж хэлснээрээ миний нэрийг* гутааж байна. 13  Та нар бас “Ямар ядаргаатай юм бэ!” гэж хэлээд зэвүүцэн ярвайдаг» хэмээн тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Та нар хулгайн, доголон, өвчтэй мал авчирдаг. Тийм малыг өргөл гэж авчирдаг! Түүнийг чинь би хүлээж авах уу?» гэж Ехова айлдаж байна. 14  «Сүрэгт нь эрүүл эр мал байсаар атал согогтойг нь Еховад тахил болгож ам тангараг өгдөг зальт этгээд хараагдсан. Учир нь би агуу Хаан. Миний нэрээс үндэстнүүд бишрэн эмээнэ» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.

Зүүлт

«Миний элч» гэсэн утгатай.
Есавын өөр нэр. «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
Сүмийн хаалга хаах үүргийг хэлсэн бололтой.
Эсвэл «намайг» гэсэн бололтой.