Малахи 2:1–17

  • Тахилчид ард түмэнд заадаггүй (1-9)

    • Тахилчид Бурхны тухай мэдлэгийг заах ёстой (7)

  • Эрчүүд эхнэрээсээ шалтгаангүйгээр салдаг (10-17)

    • «Би салалтыг үзэн яддаг» гэж Ехова айлдсан нь (16)

2  «Тахилчид аа, та нарт ийм тушаал өгье. 2  Хэрэв та нар сонсохгүй, зүрх сэтгэлээрээ хүлээж авахгүй, нэрийг минь алдаршуулахгүй бол би та нар дээр хараал буулгаж, ерөөлийг* чинь хараал болгоно. Та нар үүнийг зүрх сэтгэлээрээ хүлээж авахгүй байгаа учир би ерөөлийг чинь хараал болгосон» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 3  «Тарьсан үрийг чинь би та нараас болж сүйтгэнэ. Баяр наадмаараа өргөдөг тэр л малын чинь баасыг та нарын нүүр лүү цацна. Та нар тэр баастайгаа хамт хаягдана. 4  Левитэй байгуулсан гэрээгээ хүчинтэй байлгахын тулд ийм тушаал өгснийг минь тэгэхэд л та нар ойлгоно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 5  «Би түүнтэй гэрээ байгуулан, амь ба амар тайвныг өгч, бишрэн эмээх сэтгэл төрүүлсэн. Тэрбээр надаас эмээж, нэрийг минь хүндэтгэн биширсэн. 6  Үнэний хуулийг заасан. Хэзээ ч муу юм ярьж байгаагүй. Надтай хамт амар тайван амьдарч, шулуун шударга явсан. Олон хүнийг буруу замаас нь гаргасан. 7  Тахилч хүн тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн элч учраас Бурхны тухай мэдлэгийг зааж, ард олон түүнээс заавар авах ёстой. 8  Гэвч левичүүд та нар өөрсдөө замаасаа гарсан. Олон хүн та нараас болж хууль сахихаа больсон. Левитэй байгуулсан гэрээг минь та нар зөрчсөн» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. 9  «Та нар миний замаар яваагүй, хуулийн асуудлаар хүмүүст эрх тэгш хандаагүй тул би та нарыг бүх хүний өмнө гутаан доромжилно». 10  «Бид нэг л эцэгтэй биш үү? Ганц л Бурхан биднийг бүтээгээгүй гэж үү? Тэгсэн мөртлөө бид яагаад бие биеэ хуурч, эцэг өвгөдийнхөө гэрээг зөрчинө вэ? 11  Иуда итгэл эвдэж, Израйл болон Иерусалимд жигшүүрт хэрэг үйлдсэн. Тэрбээр Еховагийн эрхэмлэдэг ариун байдлыг* бузарлаж, харийн бурхан шүтдэг эмэгтэйг эхнэр болгон авсан. 12  Ийм юм хийдэг хүн хэн ч байсан хамаагүй, Ехова түүнийг Иаковын майхнаас зайлуулан устгана. Тэнгэрийн цэргийн жанжин Еховад өргөл өргөдөг байсан ч тэгэх болно». 13  «Та нарын хийдэг бас нэг зүйлээс болж Еховагийн тахилын ширээ нулимс, уйлаан, санаа алдах дуугаар дүүрдэг. Тиймээс тэрбээр та нарын өргөлийг тоож харах ч үгүй, хүлээж авах ч үгүй. 14  Та нар: “Ямар шалтгаанаар вэ?” гэдэг. Учир нь Ехова бол чиний залуу насны эхнэр та хоёрын гэрч юм. Чи ханиасаа, хууль ёсны* эхнэрээсээ урвасан билээ. 15  Гэхдээ та нарын дунд ийм юм хийгээгүй хүмүүс бий. Учир нь тэдний дотор Бурхны агуу хүч үлдсэн юм. Тэр хүмүүс юу хүссэн юм бол? Бурхны үрийг. Тиймд та нар хандлагаа анхаар. Залуу насныхаа эхнэрээс бүү урва. 16  Учир нь би салалтыг үзэн яддаг» гэж Израйлын Бурхан Ехова айлдаж байна. «Бас хүчирхийллээр хувцасладаг хүнийг би жигшдэг» хэмээн тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. «Хандлагаа анхаар. Та нар урвах ёсгүй. 17  Та нар Еховаг үгээрээ залхаалаа. Гэсэн ч та нар: “Бид яаж залхаасан юм бэ?” гэдэг. “Муу юм хийдэг хүн болгоныг Ехова сайн гэж үзээд таалдаг” гэх юм уу “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлдэг биз дээ, та нар?».

Зүүлт

Эсвэл «хүртэж буй ивээлийг»
Эсвэл «ариун газрыг» гэсэн бололтой.
Үгч. «гэрээний»