Маркийн бичсэн сайн мэдээ 10:1–52

  • Гэрлэх ба салах (1-12)

  • Есүс хүүхдүүдийг ерөөв (13-16)

  • Баян хүн асуув (17-25)

  • Хаант төрийн төлөөх золиос (26-31)

  • Есүс үхэхээ дахиад хэлэв (32-34)

  • Яаков Ёохан хоёрын хүсэлт (35-45)

    • Есүс бол олны төлөөх золиос (45)

  • Сохор Бартимайг эдгээв (46-52)

10  Есүс тэндээс явж Иорданы чанад дахь Иудей нутгийн захад ирэв. Олон хүн түүнийг дагажээ. Дадаж зуршсанаараа тэрээр тэдэнд сургаал айлдаж эхлэв.  2  Фарисайчууд ирээд түүнийг сорьж эр хүн эхнэрээсээ салж болох эсэхийг асуухад  3  Есүс: «Мосе та нарт юу гэж тушаасан бэ?» гэлээ.  4  Тэд: «Салсныг гэрчилсэн бичиг өгөөд салахыг Мосе зөвшөөрсөн» гэхэд  5  Есүс: «Та нар хатуу сэтгэлтэй учраас тийм тушаал өгсөн юм.  6  Харин анхнаас нь “Бурхан хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь бүтээсэн.  7  Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж  8  эхнэртэйгээ* нэг бие болдог”. Тэд цаашдаа хоёр биш, нэг бие болно.  9  Тиймээс Бурхны нийлүүлснийг* хэн ч бүү салгаг» гэж хэллээ.  10  Айлд байхдаа шавь нар нь энэ тухай түүнээс асууж эхлэв.  11  Есүс тэдэнд «Эхнэрээсээ салж* өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг.  12  Эмэгтэй хүн нөхрөөсөө салаад* өөр эртэй гэрлэвэл завхайрсан болно» хэмээжээ. 13  Хүмүүс Есүсийн гарыг тавиулахаар хүүхдүүдээ авчрахад шавь нар нь зэмлэжээ.  14  Есүс үүнийг хараад уурлаж, «Хүүхдүүдийг над руу ирүүл. Тэднийг бүү хорь. Учир нь Бурхны Хаант төр энэ хүүхдүүд шиг хүмүүсийнх юм.  15  Бурхны Хаант төрийг хүүхэд адил хүлээж авдаггүй хүн Хаант төрд орохгүй гэдгийг батлан хэлье» гэв.  16  Тэгээд хүүхдүүдийг тэврээд тэдэн дээр гараа тавин ерөөв. 17  Түүнийг явж байтал нэг эрэгтэй гүйн ирж, өмнө нь сөхөрч суугаад «Сайн багш аа, мөнх амийг өвлөе гэвэл би яах ёстой вэ?» гэж асуулаа.  18  Есүс: «Яагаад намайг сайн гэнэ вэ? Бурхнаас өөр хэн ч сайн биш.  19  “Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ» гэж хариулав.  20  Өнөөх эрэгтэй: «Багш аа, би эдгээр тушаалыг багаасаа сахисан» гэж хэлэв.  21  Есүс түүнийг харж, хайрласандаа «Чамд нэг л зүйл дутаж байна. Эд хөрөнгөө зараад ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно. Тэгээд ирж миний дагалдагч бол» гэв.  22  Гэвч өнөөх эрэгтэй энэ үгийг сонсоод царай нь барайснаа гунигтай явж оджээ. Учир нь тэрээр маш баян байжээ. 23  Есүс хүмүүсийг харснаа шавь нартаа хандан «Бурхны Хаант төрд орох нь баян хүнд хэчнээн амаргүй вэ!» гэж хэлэхэд  24  тэд ихэд гайхав. Тэгэхэд Есүс: «Хүүхдүүд ээ, Бурхны Хаант төрд орох юутай хэцүү вэ!  25  Баян хүн Бурхны Хаант төрд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь амар» гэжээ.  26  Энэ үгийг сонсоод шавь нар бүр ч их гайхан «Тэгвэл аврагдах хүн байна уу?» гэж Есүсээс асуув*.  27  Есүс тэдэн рүү хараад «Хүнд боломжгүй юм Бурханд боломжгүй гэсэн үг биш ээ. Учир нь Бурханд бүх юм боломжтой» гэж хэллээ.  28  Петр: «Бид бүхнээ орхиод таныг дагасан» гэхэд  29  Есүс: «Би батлан хэ⁠лье. Сайн мэдээний төлөө гэр орон, ах эгч дүү, эцэг эх, үр хүүхэд, эдлэн газраа орхисон хүн  30  өнөө үед гэр орон, ах эгч дүү, эх, үр хүүхэд, эдлэн газрыг 100 дахин их авах бөгөөд хавчигдана. Ирэх үед* мөнх амьдарна.  31  Гэхдээ эхэнд байгаа олон хүн сүүлчийнх болж, сүүлд байгаа олон хүн эхнийх болно» хэмээлээ. 32  Иерусалим орох замаар өгсөж явах үед Есүс тэдний өмнө явж байлаа. Шавь нар гайхаж, харин дагаж явсан хүмүүс айж байв. Есүс 12 элчээ дахин дуудаж өөрт нь юу тохиолдохыг ийн өгүүлэв.  33  «Биднийг Иерусалимд очиход хүний Хүү ахлах тахилч, хуулийн багш нарт баригдана. Тэд түүнд үхлийн ял оноогоод харь үндэстнүүдэд тушаана.  34  Харь үндэстнүүд түүнийг доромжилж, түүн рүү нулимж, ташуурдаад хөнөөнө. Харин гурван өдрийн дараа Бурхан түүнийг амилуулна» гэжээ. 35  Зебедэйн хөвгүүд Яаков Ёохан хоёр Есүст «Багш аа, танаас юу ч гуйсан биелүүлж өгөөч» гэлээ.  36  «Та нар юу хүсээ вэ?» гэхэд  37  тэд: «Та Хаант төрөө захирахаараа бид хоёрыг баруун, зүүн талдаа суулгаач» гэв.  38  Харин Есүс: «Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та хоёр миний ууж байгаа аяганаас ууж, миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах уу?» гэхэд  39  «Чадна» гэлээ. Тэгэхэд нь Есүс: «Та нар миний ууж байгаа аяганаас ууна. Миний хүртэж байгаа баптисмыг хүртэнэ.  40  Гэхдээ баруун, зүүн талд минь хэн суухыг би шийдэхгүй. Харин сонгогдсон хүмүүс тэнд сууна» гэж хэлэв. 41  Нөгөө арав нь үүнийг сонсоод Яаков Ёохан хоёрт зэвүүцэв.  42  Харин Есүс тэднийг дуудаад «Улс үндэстний захирагчид ард түмнээ ноёлж, нэр нөлөө бүхий хүмүүс тэднийг эрхшээлдээ байлгадгийг та нар мэднэ.  43  Та нарын дунд ийм явдал гарах учиргүй. Харин та на⁠рын хэн нь агуу болохыг хүснэ, тэр нь та нарт үйлчлэх ёстой.  44  Та нарын хэн нь тэргүүн байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол байх ёстой.  45  Учир нь хүний Хүү ч үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золихоор ирсэн» гэж ярилаа. 46  Тэд явсаар Иериход ирэв. Түүнийг шавь нартайгаа болон олон хүнтэй хамт Иерихо хотоос гарахад Бартимай (Тимайн хүү гэсэн утгатай) гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байлаа.  47  Сохор эр Назарын Есүс явж байгааг дуулаад «Давидын Хүү* Есүс ээ, намайг өрөвдөөч!» гэж хашхирч гарав.  48  Олон түмэн түүнийг дуугүй бай гэж загнасан ч «Давидын Хүү, намайг өрөвдөөч!» гэж бүр чанга хашхирсаар байв.  49  Тэгэхэд Есүс зогсоод «Түүнийг над руу аваад ир дээ» хэмээхэд хүмүүс сохор эрд «Битгий санаа зов. Тэр чамайг дуудаж байна» гэцгээлээ.  50  Өнөөх хүн гадуур хувцсаа тайлж хаяад ухасхийн босож Есүс рүү очив.  51  Есүс: «Та юу хүсээ вэ?» гэхэд сохор эр: «Рабони*, хараа оруулж өгөөч» гэж гуйлаа.  52  Есүс: «Яв даа. Та итгэсэн учраас эдгэрлээ» гэж хэлмэгц өнөөх эр хардаг болж, Есүсийг дагах болжээ.

Зүүлт

Үгч. «тэр хоёр»
Үгч. «нэг буулганд оруулсныг»
Садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салсан
Садар самуунаас өөр шалтгаанаар нөхрөөсөө салсан
Эсвэл «хоорондоо ярилцав» гэсэн бололтой.
«Давидын Хүү» гэсэн нь Давидтай байгуулсан Бурхны гэрээ ёсоор хаан болохыг нь харуулдаг.
«Багш» гэсэн утгатай