Маркийн бичсэн сайн мэдээ 11:1–33

  • Есүс хааны ёсоор ирэв (1-11)

  • Инжрийн модыг хараав (12-14)

  • Есүс сүмийг цэвэрлэв (15-18)

  • Хатсан инжрийн модноос авах сургамж (19-26)

  • Есүсийн эрх мэдлийн тухай асуудал (27-33)

11  Тэд Иерусалимыг чиглэн явсаар Чидун уулан дээрх Бетфаг болон Бетанд дөхөж иржээ. Есүс хоёр шавиа илгээхдээ  2  «Тэр харагдаж байгаа тосгон руу яв. Тосгонд очиход хэн ч унаж байгаагүй дудран уяатай байна. Уяаг нь тайлаад аваад ир.  3  Хэрэв хүн: “Та нар яагаад уяаг нь тайлав?” гэвэл “Эзэнд хэрэгтэй байгаа юм. Одоохон буцаагаад өгнө” гээрэй» гэж захив.  4  Тэд явж, байшингийн хаалганаас уясан дудранг олоод уяаг нь тайлав. Тэр байшин замын хажууд байжээ.  5  Харин тэнд байсан зарим хүн: «Та нар яагаад дудрангийн уяаг тайлав?» гэхэд  6  Есүсийн захиснаар хэлэхэд тэднийг явуулжээ. 7  Тэгээд дудранг авчирч шавь нар гадуур хувцсаа тохоход Есүс мордов.  8  Олон хүн гадуур хувцсаа, зарим нь замын хажуугийн модноос найлзуур тасдаж аваад зам дээр дэвслээ.  9  Түүнчлэн Есүсийн өмнө хойно явж байсан хүмүүс: «Авраач гэж залбиръя!* Нэрийнх нь өмнөөс ирж байгаа нэгнийг Ехова* ивээх болтугай!  10  Удахгүй байгуулагдах өвөг Давидын маань Хаант төрийг Бурхан ивээх болтугай! Өндөрт оршигч та, түүнийг* авраач гэж залбиръя!» гэцгээж байв.  11  Есүс Иерусалимд ирээд сүмд орж, бүх юмыг ажиглав. Гэвч цаг орой болсон тул 12 элчтэйгээ Бетан руу явлаа. 12  Маргааш нь Бетанаас явахдаа Есүс өлсжээ.  13  Инжрийн мод навчилсныг холоос хараад жимс олдож магад гэж бодоод очтол навчнаас өөр юу ч байсангүй. Учир нь инжир ургах цаг болоогүй байжээ.  14  Тиймээс Есүс тэр модонд «Үүнээс хойш хэн ч чамаас бүү жимс идэг» гэжээ. Ингэж хэлэхийг шавь нар сонсож байв. 15  Тэд Иерусалимд ирэв. Есүс сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг хөөж гарган, мөнгө солигчдын ширээ, тагтаа зарагчдын сандлыг хөмөрч хаяад,  16  юм зөөн сүмээр дайрч гарахыг хэнд ч зөвшөөрсөнгүй.  17  Мөн тэдэнд сургамжлан «“Миний өргөөг бүх үндэстний залбирлын өргөө гэх болно” гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болголоо» гэжээ.  18  Ахлах тахилчид болон хуулийн багш нар үүнийг сонсоод Есүсийг хөнөөх арга хайж эхлэв. Учир нь бүх хүн түүний сургаалыг гайхан шагшиж байсан тул тэд Есүсээс айж байсан юм. 19  Орой болоход Есүс шавь нартайгаа хамт хотоос гарч явжээ.  20  Өглөө нь замаар явж байх⁠даа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсан байхыг харав.  21  Юу болсныг Петр санаад «Рабби, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж» гэжээ.  22  Есүс тэдэнд «Бурханд итгэ.  23  Хэн боловч энэ ууланд хандан “Дээш өргөгдөж, далайд хаягд” гэж эргэлзэхгүйгээр, хэлж байгаа нь бүтнэ гэсэн итгэлтэйгээр хэлбэл тэр нь ёсоор болно гэдгийг батлан хэлье.  24  Тиймээс та нар гуйж залбирсан бүхнээ авна гэдэгтээ итгэдэг бол тэр бүхнээ авна.  25  Өөрсдийг тань гомдоосон хэнийг ч залбирахдаа уучил. Тэгвэл та нарын алдаа дутагдлыг тэнгэр дэх Эцэг тань уучилна» гэжээ.  26  —* 27  Есүс шавь нартайгаа хамт Иерусалимд дахин иржээ. Түүнийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ард олны ахлагчид ирээд  28  «Та ямар эрхтэй болоод ийм юм хийдэг юм бэ? Хэн танд ийм эрх өгөв?» гэж асуув.  29  Есүс: «Би бас та нараас нэг юм асууя. Та нарыг хариулбал би ямар эрхтэйгээ хэлнэ.  30  Ёохан баптисм хүртээх эрхийг Бурхнаас* авсан уу, хүнээс авсан уу? Надад хариулаач» гэхэд  31  тэд хоорондоо зөвлөж «“Бурхнаас” гэж хэлбэл “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ.  32  Харин “Хүнээс” гэчихвэл яах бол?» гэцгээжээ. Олон түмэн Ёоханыг зөнч гэж үздэг байсан учир тэд айж байлаа.  33  Тэгээд тэд: «Бид мэдэхгүй» гэхэд Есүс: «Тэгвэл хэн надад ийм эрх өгснийг би ч та нарт хэлэхгүй» хэмээжээ.

Зүүлт

Үгч. «Хосанна»
«Түүнийг» гэдгээр Есүсийг хэлжээ.
Мт 17:21-ийн зүүлтийг үзнэ үү.
Үгч. «тэнгэрээс»