Маркийн бичсэн сайн мэдээ 12:1–44

  • Хүний амь хөнөөсөн тариаланчдын тухай (1-12)

  • Бурхан ба Цезарь (13-17)

  • Амилах тухай асуув (18-27)

  • Хамгийн чухал хоёр тушаал (28-34)

  • Христ Давидын хүү юү? (35-37а)

  • Хуулийн багш нараас сэрэмжлүүлэв (37б-40)

  • Ядуу бэлэвсэн эмэгтэйн хоёр зоос (41-44)

12  Есүс жишээ татан ингэж ярив. «Нэгэн хүн усан үзэм тариад түүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзмийн шахуурга суулгаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслүүлээд аянд гарчээ.  2  Ургац хураах цаг болоход усан үзэм авчруулахаар боолоо тариаланчид руу явуулав.  3  Гэтэл тариаланчид боолыг нь барьж зодоод гар хоосон буцаажээ.  4  Өөр нэг боолоо явуулахад тариаланчид толгойг нь хага цохиод гутаан доромжилжээ.  5  Дахин нэг боолоо явуулахад тэр боолыг алав. Өөр олон боол явуулахад заримыг нь зодож, заримыг нь хөнөөжээ.  6  Тэр хүнд үлдсэн ганц хүн нь хайртай хүү нь байлаа. “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ явуулав.  7  Харин тариаланчид: “Энэ чинь өв залгамжлагч байна шүү дээ. Ирцгээ, түүнийг алчи⁠хъя. Өв хөрөнгө нь биднийх болно” гэцгээлээ.  8  Тэгээд түүнийг барьж, амийг нь хөнөөгөөд талбайгаас гаргаж хаяв.  9  Тэгвэл талбайн эзэн яах бол? Хүрч ирээд тариаланчдыг хөнөөж усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст түрээслүүлнэ.  10  Сударт “Барилгачдын голсон чулуу булангийн гол чулуу болов.  11  Энэ чулуу Еховагаас* ирсэн бөгөөд гайхалтай” гэж байдгийг та нар огт уншаагүй юм уу?» хэмээжээ. 12  Есүс жишээ татан өөрсдийнх нь талаар ярьсныг ахлах тахилчид, хуулийн багш нар ойлгосон учир түүнийг барьж авахыг санаархав. Гэвч ард олноос айж байсан тул Есүсийг орхиж явлаа. 13  Тэгээд үгээр нь ороон барьж авах гэсэндээ фарисайчууд болон Херодын талынхныг Есүс рүү явуулжээ.  14  Тэд ирээд «Багш аа, та хүний сэтгэлд тааруулахыг чухалчилдаггүй, харин Бурхан юу хүсдэгийг үнэн зөв заадаг учраас үнэнч бөгөөд хэнийг ч ялгаварладаггүй хүн гэдгийг тань бид мэднэ. Цезарьт* татвар төлөх нь зөв үү?  15  Бид төлөх ёстой юу, үгүй юү?» гэхэд Есүс тэдний хоёр нүүр гаргаж байгааг мэдээд «Та нар юунд намайг сорино вэ? Надад денар үзүүл дээ» гэжээ.  16  Тэд нэг денар өгөхөд Есүс: «Энд хэний дүрс, нэр байна вэ?» гэж асуулаа. «Цезарийнх» гэж хариулахад  17  Есүс: «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» хэмээв. Үүнийг сонсоод тэд ихэд гайхжээ. 18  Үхсэн хүн амилахгүй гэж ярьдаг садукайчууд ирээд ингэж асуужээ.  19  «Багш аа, хэрэв хүн үхэхэд эхнэр нь үр хүүхэдгүй хоцорвол дүү нь бэргэнтэйгээ гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой гэж Мосе бичсэн.  20  Ах дүү долоо байжээ. Ууган нь гэрлэж үр удмаа үлдээлгүй нас нөгчив.  21  Хоёр дахь нь бэргэнтэйгээ гэрлэсэн ч үр удмаа үлдээж чадалгүй нас барсан. Гурав дахь нь ч бас тэгжээ.  22  Ийнхүү долуулаа үр удмаа үлдээлгүй үхжээ. Эцэст нь эмэгтэй ч үхэв.  23  Тэгвэл үхсэн хүн амилахад тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Долуулаа л түүнтэй гэрлэсэн шүү дээ» гэлээ.  24  Есүс: «Та нар Судрыг ч, Бурхны хүчийг ч мэдэхгүй учраас төөрөлдөж байна.  25  Яагаад гэвэл амилсан хүн гэрлэхгүй. Харин тэд тэнгэрийн элчүүд шиг болно.  26  Бутны тухай дурдсан Мосегийн номыг та нар уншаагүй юм уу? Бурхан Мосед “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээсэн нь үхсэн хүн амилахыг хэлсэн хэрэг байсан.  27  Тэр бол үхсэн хүний биш, амьд хүний Бурхан. Та нар буруу бодож байна» хэмээжээ. 28  Тэнд байсан хуулийн багш тэдний маргалдахыг сонсож байв. Сайн хариулахыг нь сонссон тэр багш Есүсээс «Мосегийн хуулийн хамгийн чухал тушаал нь аль вэ?» гэж асуулаа.  29  Есүс: «Хамгийн чухал тушаал нь “Сонс, Израйл аа! Ехова* бол бидний Бурхан. Ехова* бол цорын ганц.  30  Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал*, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова* Бурхнаа хайрла”.  31  Хоёр дахь нь “Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг* хайрла” гэсэн тушаал юм. Эдгээрээс чухал тушаал байхгүй» гэжээ.  32  Тэгэхэд хуулийн багш: «Багш аа, таны хэлсэн үнэн. “Ганц Бурхан байдаг бөгөөд түүнээс өөр бурхан байдаггүй”.  33  Бурхныг бүхий л зүрх, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ хайрлаж, өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах нь шатаалт тахил, өргөл өргөхөөс илүү чухал» гэж хэллээ.  34  Ийнхүү сайн хариулахад нь Есүс: «Та Бурхны Хаант төрд ороход ойрхон байна» хэмээв. Хэн ч дахин юм асууж зүрхэлсэнгүй. 35  Есүс сүмд сургаал айлдаж байхдаа «Яагаад хуулийн багш нар Христийг Давидын хүү гэдэг юм бэ?  36  Харин Давид өөрөө Бурхны агуу хүчний удирдлагаар “Ехова* миний Эзэнд «Чиний дайснуудыг хөл доор чинь оруултал баруун талд минь суу» хэмээсэн” гэж байдаг шүү дээ.  37  Давид Христийг Эзэн гэсэн юм бол Христ яаж хүү нь байх билээ?» гэж ярив. Олон түмэн түүнийг дуртайяа сонсож байлаа.  38  Есүс яриагаа үргэлжлүүлэн «Хуулийн багш нараас болгоомжлогтун. Тэд урт дээлтэй явах, зах дээр бол мэндлүүлэх,  39  синагогт бол урд эгнээнд* суух, найранд бол хойморт залрах дуртай байдаг.  40  Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг* цөлмөдөг, олны анхаарал татах гэж удаан залбирдаг. Тэднийг бүр хатуу шийтгэнэ» гэжээ. 41  Есүс эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад хандив өргөж буй хүмүүсийг ажиглаж эхлэв. Баячууд их хэмжээний зоос өргөж байлаа.  42  Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирээд хоёр жижиг зоос* хийлээ.  43  Есүс шавь нараа дуудаад «Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй эрдэнэсийн санд өргөл өргөсөн бүх хүнээс илүүг өргөснийг батлан хэ⁠лье.  44  Тэд бүгдээрээ илүүдлээсээ өгсөн бол энэ эмэгтэй ядуу боловч байгаа бүхнээ, амин зуулгандаа хэрэгтэй бүхнээ өглөө» хэмээв.

Зүүлт

буюу Ромын эзэн хаан
Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
Үгч. «хөршөө»
Эсвэл «хамгийн сайн суудалд»
Эсвэл «өмч хөрөнгийг»
Үгч. «Хоёр лептон буюу нэг кодрант». 10 орчим минутын ажлын хөлс