Маркийн бичсэн сайн мэдээ 2:1–28
2 Есүс хэд хоногийн дараа Капернаумд буцаж ирэв. Тэгээд айлд байгааг нь хүмүүс дуулжээ.
2 Буусан айлд нь олон хүн цугласнаас үүд хавиар ч зайгүй байлаа. Есүс тэдэнд Бурхны үгийг тунхаглаж эхлэв.
3 Тэгтэл хэдэн хүн иржээ. Тэд саа өвчтэй нэг хүнийг дөрвөн хүнээр өргүүлээд ирсэн байв.
4 Гэвч олон хүн цугласны улмаас тэд саа өвчтэй хүнийг Есүсийн хажууд аваачиж чадсангүй. Тиймээс түүний харалдаах дээврийг хуулж, цоолоод өвчтэй хүнийг дамнуургатай нь доош буулгав.
5 Тэд итгэж байгааг Есүс мэдээд саа өвчтэй хүнд «Хүү минь, нүглийг чинь уучилсан» гэж хэллээ.
6 Тэгэхэд нь тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь:
7 «Энэ хүн яагаад ингэж ярьдаг билээ? Бурхныг доромжилж байна. Бурхнаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ?» гэж боджээ.
8 Есүс тэдний юу бодож байгааг тэр даруй мэдээд «Та нар яагаад ийм юм бодно вэ?
9 Саа өвчтэй хүнд “Нүглийг чинь уучилсан” гэж хэлэх эсвэл “Бос, дамнуургаа аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
10 Гэхдээ хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд ...» гэснээ саа өвчтэй хүнд хандан
11 «Босож дамнуургаа аваад гэртээ харь» гэжээ.
12 Тэр хүн босож тэр даруй дамнуургаа аваад олны өмнүүр гарч явав. Хүмүүс бүгдээрээ гайхаж «Ийм юм ер үзэж байсангүй» гэцгээн Бурхныг магтан алдаршууллаа.
13 Есүс дахиад нуурын эргээр явахад олон түмэн түүнийг дагаж байлаа. Тэрээр сургаал айлдаж эхлэв.
14 Цааш явж байхдаа татварын газар сууж буй Алфайн хүү Левийг* хараад «Намайг дага» гэхэд тэр босож түүнийг дагалаа.
15 Дараа нь Есүсийг шавь нартайгаа хамт Левийн гэрт хоол идэж байтал олон татвар хураагч, олон нүгэлтэн ирээд хамт хоол иджээ. Есүсийн дагалдагч болсон хүн тэдний дунд олон байв.
16 Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчидтай хамт хоол идэж байгааг харсан хуулийн багш фарисайчууд: «Танай багш татвар хураагчид, нүгэлтнүүдтэй хамт хоол иддэг юм уу?» гэж шавь нараас нь асуужээ.
17 Есүс үүнийг сонсоод «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй. Би шударга сайн хүнийг бус, нүгэлтнийг дуудахаар ирсэн юм» гэж тэдэнд хэлэв.
18 Ёоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьдаг ажээ. Ёоханы шавь нар ирээд «Бид ч, фарисайчууд ч мацаг барьдаг байхад таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ?» гэж асуув.
19 Есүс: «Хүргэнийг байхад найзууд нь яалаа гэж мацаг барих юм бэ? Хүргэн байгаа л бол мацаг барихгүй шүү дээ.
20 Харин хүргэнийг авч явах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.
21 Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавуугаар нөхдөггүй. Хэрэв нөхвөл нөхөөсөндөө татагдаж дээл улам их урагдана.
22 Бас хэн ч шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Хэрэв хийвэл дарс тулмаа зад татна. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй болно. Харин шинэ дарсыг шинэ тулманд хийдэг» гэж ярилаа.
23 Амралтын өдөр Есүс тариан талбайгаар явж байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтран идэж эхлэв.
24 Фарисайчууд Есүсээс «Тэд яагаад Амралтын өдөр хийж болдоггүй юм хийж байгаа юм бэ?» гэж асуухад
25 Есүс: «Хоол хүнсгүй болоход Давид болон хамт явсан хүмүүс нь өлсөөд яасныг та нар огт уншаагүй юм уу?
26 Ахлах тахилч Абиатарын тухай тэмдэглэлд дурдсанаар Давид Бурхны өргөөнд орж, Бурханд өргөсөн талхыг авч идээд хамт явсан хүмүүстээ өгсөн бус уу? Тэр талхыг тахилчдаас өөр хэн ч идэх ёсгүй байсан биз дээ?» хэмээгээд
27 «Бурхан Амралтын өдрийг хүний төлөө бий болгосноос бус хүнийг Амралтын өдрийн төлөө бий болгоогүй юм.
28 Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн» гэж хэлжээ.
Зүүлт
^ Матайн өөр нэр