Маркийн бичсэн сайн мэдээ 6:1–56
6 Есүс дагалдагчидтайгаа хамт тэндээс явж, нутагтаа ирэв.
2 Амралтын өдөр Есүс синагогт очиж, сургаал айлдахад сонсож байсан хүмүүсийн олонх нь гайхаж «Энэ хүн үүнийг хаанаас сурсан юм бол? Яаж ийм мэргэн ухаантай болов оо? Яаж ийм гайхамшиг үйлддэг болсон юм бол?
3 Энэ хүн чинь мужаан биш билүү? Эх нь Мариа, дүү нар нь Яаков, Иосеф, Юудас, Симон мөн биз дээ? Охин дүү нар нь энд байдаг биз дээ?» гэлцэн түүнээс болж бүдрэв.
4 Харин Есүс тэдэнд «Зөнч нутаг ус, гэр орноосоо өөр газар, төрөл садангийнхнаасаа өөр хүмүүсийн дунд хүндлэгддэг» гэж хэлэв.
5 Иймээс олон гайхамшиг үйлдсэнгүй. Өвчтэй хэдхэн хүн дээр л гараа тавин эдгээжээ.
6 Хүмүүс итгэхгүй байгааг хараад Есүс гайхаж байлаа. Тэгээд сургаал заахаар ойр хавийн тосгодоор явлаа.
7 Есүс 12 элчээ дуудаж, чөтгөрүүдийг захирах эрх мэдэл өгөөд хоёр хоёроор нь явуулж эхлэв.
8 Замд гарахдаа талх, хоол хийх уут, мөнгө* авалгүй таягаа бариад л
9 өмссөн гутал, хувцастайгаа явахыг захижээ.
10 Есүс: «Хаана ч очсон, нэг айлд буугаад явтлаа тэндээ бай.
11 Тэр нутгийнхан та нарыг хүлээж авахгүй юм уу үгийг чинь сонсохгүй байвал гарч явахдаа бурууг нь гэрчлэн хөлөө сэгсэрч тоосыг нь гөв*» гэж бас хэлжээ.
12 Тэгээд элчүүд замд гарч, гэмших хэрэгтэйг хүмүүст тунхаглав.
13 Бас олон чөтгөрийг хөөж, өвчтэй олон хүнд тос түрхэж, эдгээжээ.
14 Есүсийн талаар хаа сайгүй ярьж байсан тул энэ бүхэн Херод хааны сонорт хүрчээ. Ард олон: «Баптисм хүртээгч Ёохан амилжээ. Тэгээд Есүс гайхамшгуудыг үйлдэж байгаа юм байна» гэцгээж байв.
15 Харин зарим нь: «Энэ хүн бол Елиа» гэж ярьж байхад «Энэ хүн бол эртний зөнчидтэй адил зөнч байна» гэх хүн ч байлаа.
16 Херод энэ бүхнийг сонсоод «Миний цаазлуулсан Ёохан амилсан байна» гэжээ.
17 Тэрээр Херодиагаас болж Ёоханыг баривчлуулан гинжлээд шоронд хориулсан байв. Учир нь Херод ах Филипийнхээ эхнэр Херодиатай гэрлэсэн ажээ.
18 Ёохан түүнд «Та ахынхаа эхнэртэй гэрлэх ёсгүй» хэмээсэн юм.
19 Херодиа Ёоханд ихэд зэвүүцэн, хөнөөхийг санаархсан ч яаж ч чадахгүй байв.
20 Учир нь Херод Ёоханыг Бурхны таалалд нийцдэг, ариун хүн гэж бодоод түүнээс эмээдэг, түүнийг хамгаалдаг байлаа. Яриаг нь сонсох болгондоо Ёоханыг яахаа мэдэхгүй болдог байсан ч сонсох дуртай байв.
21 Херод төрсөн өдрөө тохиолдуулан ноёд түшмэд, цэргийн жанжнууд болон Галилын нэр нөлөөтэй хүмүүсийг урьж найр хийв. Энэ үеэр хорон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх таатай боломж Херодиад олджээ.
22 Херодиагийн охин ирж бүжиглэхэд Херод болон зоог барьж байсан хүмүүс ихэд таашаав. Тэгээд хаан: «Юу хүссэнээ гуй. Би чамд өгье» гэж охинд хэлжээ.
23 «Юу л хүснэ, түүнийг чинь өгье. Хаант улсынхаа талыг ч гэсэн өгнө» гэж амлажээ.
24 Тэгэхэд охин гарч эхээсээ «Би юу гуйх вэ?» гэж асуухад эх нь: «Баптисм хүртээгч Ёоханы толгойг» гэжээ.
25 Охин хаан руу түргэн буцаж очоод «Яг одоо баптисм хүртээгч Ёоханы толгойг царан дээр тавьж өгнө үү» гэхэд
26 хаан ихэд харамссан ч зочдын өмнө нэгэнт амласан тул хүсэлтийг нь биелүүлэхээр болов.
27 Тиймээс тэр даруй бие хамгаалагчаа шорон руу явуулж, Ёоханы толгойг авчрахыг тушаалаа. Бие хамгаалагч нь явж Ёоханыг цаазлаад
28 толгойг нь царан дээр тавиад авчрав. Тэгээд охинд өгөхөд охин эхдээ өгчээ.
29 Ёоханы шавь нар энэ явдлын талаар дуулаад ирж, цогцсыг нь авч оршуулжээ.
30 Элчүүд цуглаж юу хийж, юу зааснаа Есүст тайлагнав.
31 Есүс тэдэнд «Хэдүүлээ хүнгүй газар очоод жаахан амаръя» гэж хэлжээ. Учир нь олон хүн ирж, явж байсан бөгөөд тэдэнд юм идэх ч завдал гарсангүй.
32 Тиймээс тэд хүнгүй газар очихоор завинд суув.
33 Гэвч хот бүрээс ирсэн, тэдний явахыг харсан, мэдсэн хүмүүс гүйлдсээр тэднээс түрүүлэн очжээ.
34 Есүс завинаас буухдаа үлэмж олон хүнийг хараад өрөвдлөө. Яагаад гэвэл хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэгээд тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.
35 Орой болоход шавь нар нь Есүс рүү дөхөж ирээд «Энэ газар зэлүүд, цаг ч орой болжээ.
36 Хүмүүсийг явуулъя. Ойр хавийн тосгон, сууринд очиж юм авч идэг» гэжээ.
37 Харин Есүс: «Та нар тэдэнд идэх юм өг» гэж хэлэв. Шавь нар: «Энэ хүмүүст өгөх талханд 200 денар* зарцуулах гэж үү?» гэлээ.
38 Тэгэхэд нь Есүс: «Яваад хэдэн талх байгааг үзээд ир» гэхэд тэд явлаа. Эргэж ирээд «Таван талх, хоёр загас байна» гэж хэлэв.
39 Есүс хүмүүсийг хэсэг хэсгээр нь зүлгэн дээр суулгахаар болоход
40 хүмүүс зуу, тавиараа сууцгаажээ.
41 Есүс таван талх, хоёр загасыг аваад тэнгэр өөд харан залбирав*. Дараа нь талхыг хуваасан бөгөөд хүмүүст тараалгахаар шавь нартаа өглөө. Тэгээд хоёр загасыг бүх хүний төлөө хуваав.
42 Бүх хүнийг идэж цадахлаар нь
43 тэд загаснаас гадна 12 сагс дүүрэн талхны үлдэгдэл цуглуулав.
44 Талх идсэн хүмүүсийг тоолоход эрчүүд нь 5 000 байжээ.
45 Есүс шавь нараа нөгөө эрэг дэх Бетсайда руу өөрөөсөө түрүүлж явуулах гэж завинд яаравчлан суулгангаа хүмүүсийг буцаав.
46 Хүмүүсийг явсны дараа залбирахаар ууланд гарчээ.
47 Нэлээн орой болоход завь нуурын дунд хөвж, Есүс ууланд ганцаараа байлаа.
48 Салхи сөрөн арай ядан сэлүүрдэж байгаа шавь нараа Есүс хараад шөнийн дөрөвдүгээр манааны үед* тэднийг чиглэн усны мандал дээгүүр алхаж явлаа. Гэхдээ хажуугаар нь өнгөрөх санаатай байв.
49 Нууран дээгүүр алхаж байгаа түүнийг шавь нар нь хараад «Хий үзэгдэл байна!» гэж бодоод хашхирчээ.
50 Учир нь тэд Есүсийг хараад айжээ. Тэр даруй Есүс тэдэнд «Би байна. Бүү ай!» гэж хэлээд
51 завинд суухад салхи намдлаа. Шавь нар тун их гайхав.
52 Учир нь тэд олон хүнийг талхаар хооллосон гайхамшигт явдлыг ухаж ойлгоогүй бөгөөд ухаарах чадваргүй байжээ.
53 Тэд нуур гатлан Генесаретэд ирээд зангуугаа хаяв.
54 Тэднийг завинаасаа буумагц хүмүүс Есүсийг таньжээ.
55 Тэгээд нутгийнхаа хүмүүст дуулгахаар гүйлдэж, Есүсийн байгаа газар өвчтэй хүмүүсийг дамнуургатай нь авчирч байлаа.
56 Түүнийг хот, тосгон, хөдөө гээд хаа ч очсон, өвчтэй хүмүүсийг зах дээр авчирдаг байв. Тэд хувцасныхаа цацагт хүргүүлэхийг Есүсээс гуйж, хүрсэн бүх хүн эдгэж байлаа.
Зүүлт
^ Эсвэл «бүсэлдэг түрийвчтэй мөнгө»
^ 1 денар нь 1 өдрийн ажлын хөлс
^ Үгч. «ерөөв»
^ Шөнийн 3 цагаас өглөөний 6 цагийн орчим