Маркийн бичсэн сайн мэдээ 8:1–38

  • Есүс 4 000 хүнд хоол өгөв (1-9)

  • Гайхамшиг үйлдэхийг шаардав (10-13)

  • Фарисайчууд болон Херодын хөрөнгө (14-21)

  • Бетсайдад сохор хүнд хараа оруулав (22-26)

  • Петр Христийг танив (27-30)

  • Есүс үхэхээ хэлэв (31-33)

  • Жинхэнэ дагалдагч (34-38)

8  Тэр үед дахин үлэмж тооны хүн цугласан бөгөөд тэдэнд идэх юм байсангүй. Есүс шавь нараа дуудаад  2  «Би энэ хүмүүсийг өрөвдөж байна. Надтай хамт гурван өдөр байлаа. Одоо идэх юмгүй болжээ.  3  Өлөн зэлмэн буцаавал замдаа сульдах байх. Зарим нь их холоос ирсэн юм байна» гэхэд  4  шавь нар: «Ийм олон хүнийг цатгах талхыг энэ зэлүүд газрын хаанаас олох билээ?» гэжээ.  5  Есүс: «Та нарт хэдэн талх байна вэ?» гэж асуухад тэд: «Долоо» гэцгээв.  6  Есүс хүмүүст газар суухыг хэлэв. Тэгээд долоон талхыг авч Бурханд талархаад хувааж, хүмүүст тараалгахаар шавь нартаа өгөхөд шавь нар нь тараалаа.  7  Бас хэдэн жижиг загас байсныг авч Бурханд талархаад хүмүүст тараалгахаар шавь нартаа өгөв.  8  Бүх хүн цадталаа иджээ. Үлдэгдлийг нь цуглуулахад долоон том сагс* дүүрчээ.  9  Тэнд 4 000 орчим эрэгтэй байсан юм. Тэгээд Есүс тэднийг үдэж явуулав. 10  Төд удалгүй шавь нартайгаа хамт завинд суун Далманута нутагт иржээ.  11  Фарисайчууд хүрч ирээд түүнтэй маргаж, түүнийг сорив. Бурхан явуулсныг баталж гайхамшиг үйлд хэмээн шаардав.  12  Есүс гүнээ харамсаж «Энэ үеийнхэн яагаад гайхамшиг үзэх гэдэг юм бэ? Үзүүлэхгүй гэдгээ батлан хэлье» хэмээгээд  13  тэднийг орхин явж дахин завинд суугаад нөгөө эрэг рүү хөвлөө. 14  Шавь нар талх авахаа мартсан учир завинд ганц талхнаас өөр идэх юм байсангүй.  15  Есүс тэдэнд «Сонор сэрэмжтэй байж, фарисайчууд болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил» гэж сэрэмжлүүлэв.  16  Тэгэхэд шавь нар талх аваагүйгээсээ болж маргалдаж эхлэв.  17  Үүнийг анзаарсан Есүс: «Талх аваагүйгээсээ болж юунд маргалдана вэ? Та нар одоо хүртэл ойл⁠гож ухаараагүй хэрэг үү? Ойлгоход тийм хэцүү байна уу?  18  “Нүдтэй мөртлөө харахгүй, чихтэй мөртлөө сонсохгүй байна уу?” Та нар санахгүй байна гэж үү?  19  Таван талх хуваан 5 000 эрчүүдэд өгөөд үлдэгдлийг нь цуглуулахад хэдэн сагс дүүрсэн билээ?» гэ⁠хэд шавь нар: «Арван хоёр» гэж хариулав.  20  «Долоон талхыг хувааж 4 000 эрэгтэйд өгөөд үлдэгдлийг нь цуглуулахад хэдэн том сагс* болсон билээ?» гэж асуухад «Долоо» гэв.  21  Тэгэхэд Есүс: «Одоо ч гэсэн та нар ойлгохгүй байна уу?» хэмээжээ. 22  Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэг сохор хүнийг авчраад мутраа хүргэхийг Есүсээс гуйлаа.  23  Есүс сохор хүнийг хөтөлж тосгоноос гаргаад нүд рүү нь нулимж, гараа түүн дээр тавин «Юм харагдаж байна уу?» гэж асуув.  24  Өнөөх хүн эргэн тойрноо харснаа «Хүмүүс харагдаж байна. Гэхдээ явж байгаа мод шиг харагдаад байна» гэж хариулав.  25  Есүс нүдэн дээр нь гараа дахин тавихад сайн хардаг болжээ. Ийнхүү хараа орж бүх юмыг тод хардаг болов.  26  Есүс түүнийг гэр лүү нь явуулахдаа «Тосгонд бүү оч» гэж захижээ. 27  Есүс шавь нартайгаа Цезариа Филип орохоор явж байхдаа тэднээс «Хүний Хүүг хүмүүс хэн гэж байна вэ?» хэмээн асуужээ.  28  Тэд: «Зарим хүн баптисм хүртээгч Ёохан гэдэг. Зарим нь Елиа гэдэг. Зөнчдийн нэг гэх нь ч бий» гэж хариулав.  29  Есүс: «Харин та нар намайг хэн гэх вэ?» гэж тэднээс асуухад Петр: «Та бол Христ» гэв.  30  Тэгэхэд өөрийг нь хэн болохыг хэнд ч хэлж болохгүйг Есүс шавь нартаа хатуу сануулжээ.  31  Мөн хүний Хүү их зовж, ахлагчид, ахлах тахилчид, хуулийн багш нарт хавчигдаж, алуулах бөгөөд гурван өдрийн дараа Бурхан амилуулахыг тайлбарлаж эхлэв.  32  Есүс энэ талаар тодорхой хэлжээ. Гэтэл Петр түүнийг хажуу тийш нь аваачаад зэмлэж эхлэхэд  33  Есүс эргэж шавь нараа харснаа Петрийг буруушаан «Надаас холд, Сатан аа! Яагаад гэвэл чи Бурхныхаар бус, хүний боддогоор бодож байна» гэж хэлэв. 34  Есүс шавь нараа болон олон түмнийг дуудаад «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо* үүрч, намайг үргэлж дага.  35  Учир нь амиа аврахыг хүсдэг хэн боловч амиа алдана. Харин надаас болон сайн мэдээнээс болж амиа алдсан хэн боловч амилна.  36  Хүн ертөнцөд байгаа бүхнийг олж авсан ч амиа алдвал ямар хэрэг байх билээ?  37  Амиа аврахын тулд юу өгөх вэ?  38  Хэрэв хүн энэхүү завхай*, нүгэлт үеийнхний дунд байхдаа надаас болон үгнээс минь ичвэл хүний Хүү Эцгээсээ эрх мэдэл аваад тэнгэрийн ариун элчүүдтэй ирэхдээ тэр хүнээс ичнэ» гэжээ.

Зүүлт

Эсвэл «хүнсний сагс»
Эсвэл «хүнсний сагс»
Эсвэл «үнэнч бус»