Матайн бичсэн сайн мэдээ 11:1–30
11 Есүс 12 шавьдаа заавар өгчихөөд бусад хотод сайн мэдээ тунхаглаж, сургаал айлдахаар гарчээ.
2 Харин шоронд хоригдож байсан Ёохан Христийн хийж байгаа бүхний талаар дуулаад шавь нараа илгээн
3 «Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?» гэж асуулгав.
4 Есүс: «Үзсэн, сонссоноо буцаж очоод Ёоханд хэл.
5 Хараагүй нь харж, доголон нь явж, уяман өвчтэй нь эдгэж, дүлий нь сонсож, үхсэн нь амилж, ядуу нь сайн мэдээ сонсож байна.
6 Эргэлзэхгүйгээр надад итгэдэг хүн жаргалтай*» гэж хариулжээ.
7 Тэднийг замд гарсны дараа Есүс олон түмэнд Ёоханы талаар ийн ярьж эхлэв. «Та нар юу харах гэж цөл рүү явсан бэ? Салхинд найгах зэгсийг үү?
8 Чухам юу харах гэсэн юм бэ? Ганган хээнцэр хүнийг үү? Ганган хээнцэр хувцастай хүн хааны ордонд байдаг шүү дээ.
9 Тэгвэл та нар юу харах гэж очсон бэ? Зөнчийг харах гэж үү? Тийм ээ, Ёохан бол зөнч. Үнэндээ, зөнчөөс ч агуу юм.
10 Түүний талаар “Би чиний өмнө явах элчээ илгээж байна. Тэрээр өмнө чинь зам бэлдэнэ!” гэж бичсэн байдаг.
11 Баптисм хүртээгч Ёоханаас агуу хүн хүмүүсийн дунд үгүй боловч Бурхны Хаант төрд багтах хүмүүсийн дорд нэгэн ч түүнээс агуу юм.
12 Тэнгэрийн Хаант төр нь баптисм хүртээгч Ёоханы үеэс өнөөг хүртэл хүмүүсийн тэмүүлж байгаа зорилго бөгөөд цөхрөлтгүй тэмүүлдэг хүмүүс зорилгодоо хүрнэ.
13 Учир нь энэ талаар Ёоханаас өмнө Хуульд ч бичсэн, зөнчид ч зөгнөсөн.
14 Тиймээс та нар итгэх ч бай, үгүй ч бай, Ёохан бол зөнчдийн хэлсэн ирэх ёстой Елиа мөн.
15 Чихтэй нэг нь сонсог.
16 Энэ үеийнхнийг хэнтэй зүйрлэх вэ? Зах дээр тоглодог хүүхдүүдтэй зүйрлэнэ. Тэд хамт тоглодог хүүхдүүдээ дуудаж
17 “Бид та нарт лимбэ тоглож өгсөн ч та нар бүжиглэсэнгүй. Гашуудлын дуу дуулсан ч та нар чээжээ дэлдсэнгүй” гэж хэлдэг.
18 Ёохан бусадтай адил идэж уудаггүй. Гэвч хүмүүс: “Түүнд чөтгөр шүглэжээ” гэдэг.
19 Харин хүний Хүүг идэж уухад “Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг. Гэхдээ мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг».
20 Дараа нь тэрээр олон гайхамшиг үйлдэхийг нь үзсэн атлаа гэмшээгүй хүмүүсийг зэмлэж эхлэв.
21 «Харамсалтай яа, Хоразин, Бетсайдагийн хүмүүс ээ! Та нарын үзсэн гайхамшгийг Тир, Сидоны хүмүүс үзсэн бол тэр даруй гэмшиж таар нөмрөн үнсэн дунд суух байсан.
22 Шүүх өдөр болоход та нарыг Тир, Сидоны хүмүүсээс илүү хатуу шийтгэнэ.
23 Капернаумын хүмүүс ээ, та нар тэнгэрт өргөмжлөгдөх үү? Үгүй ээ, Булшинд* хаягдана. Учир нь та нарын үзсэн гайхамшгийг Содом хотынхон үзсэн бол тэр хот өнөөг хүртэл байх байсан.
24 Шүүх өдөр болоход та нарыг Содомын хүмүүсээс илүү хатуу шийтгэнэ» гэжээ.
25 Тэгээд Есүс: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь. Таныгаа би олон түмэнд магтъя. Учир нь та эдгээрийг эрдэм номтой, мэргэн хүмүүсээс нууж балчир хүүхдүүдэд илчилсэн.
26 Тийм ээ, Эцэг минь, энэ нь таны хүсэл байсан» хэмээгээд цааш нь
27 «Эцэг минь надад бүхнийг даатгасан бөгөөд Хүүг Эцэг шиг нь мэддэг хэн ч байхгүй. Эцгийг Хүү шиг нь мэддэг хэн ч байхгүй. Мөн Хүү Эцгээ хэнд мэдүүлнэ, тэр хүн шиг мэддэг хэн ч байхгүй.
28 Эцэж туйлдсан, хүнд ачаа үүрсэн та нар бүгдээрээ над руу ир. Би та нарыг сэргээнэ.
29 Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн, даруу*. Та нар сэргэх болно.
30 Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн, миний ачаа хөнгөн» гэж хэлэв.
Зүүлт
^ Үгч. «Бүдрэх шалтаг надаас олоогүй хүн жаргалтай»
^ Үгч. «Хадест». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
^ Үгч. «зүрхэндээ даруу»