Матайн бичсэн сайн мэдээ 17:1–27

  • Есүс хувирч өөрчлөгдөв (1-13)

  • Гичийн үр төдийхөн итгэл (14-21)

  • Есүс үхэхээ дахиад хэлэв (22, 23)

  • Загасны амнаас гарсан зоосоор татвар төлөв (24-27)

17  Зургаан өдрийн дараа Петр болон ах дүү Яаков, Ёохан гурвыг дагуулан Есүс өндөр ууланд гарчээ.  2  Тэднийг харсаар байтал Есүс хувирч өөрчлөгдөв. Нүүр нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл цацарсан цагаан өнгөтэй болов.  3  Мосе Елиа хоёр Есүстэй ярилцаж байгаа харагдав.  4  Тэгэхэд Петр: «Эзэн, бид энд байгаа нь сайн хэрэг боллоо. Таныг хүсвэл би танд, Мосед, Елиад нэг нэг майхан барьж өгье» гэж Есүст хэлэв.  5  Ийн ярьж байтал гэрэлт үүл тэднийг бүрхлээ. Үүлнээс дуу гарч, «Энэ бол миний хайртай хүү. Би хүүгээ таалан соёрхдог. Түүний үгийг дагаж байгтун» гэж хэлэв.  6  Шавь нар үүнийг сонсмогцоо ихэд сүрдэж, сөхөрч унав.  7  Есүс дөхөж ирээд тэдэнд хүрч «Бос, бүү ай» гэж хэллээ.  8  Тэгэхэд нь өндийн хартал Есүсээс өөр хэн ч байсангүй.  9  Уулнаас бууж явахдаа Есүс тэдэнд «Саяын үзсэнээ хүний Хүүг амилтал хэнд ч ярьж болохгүй» гэж тушаажээ. 10  Гэтэл шавь нар нь: «Тэгвэл яагаад хуулийн багш нар эхлээд Елиа ирэх ёстой гэдэг юм бэ?» гэж асуулаа.  11  Есүс: «Елиа ирж, бүхнийг сэргээх нь гарцаагүй.  12  Гэхдээ би та нарт хэлье. Елиа аль хэдийн ирсэн боловч тэд түүнийг огт таниагүй. Харин ч түүнд хүссэнээрээ хандсан. Хүний Хүү ч Елиатай адил тэдний гарт зовно» гэж хариулахад  13  баптисм хүртээгч Ёоханы талаар ярьсныг шавь нар нь ойлгожээ. 14  Тэднийг хурсан олон руу очиж явтал нэг эрэгтэй Есүсийн өмнө хүрч ирээд сөхрөн  15  «Эзэнтэн, та хүүг минь өрөвдөөч. Хүү минь унадаг өвчтэй юм. Өвчнөөсөө болж их зовдог. Байнга л гал, усанд унадаг.  16  Би хүүгээ таны шавь нар дээр авч очсон боловч тэд эдгээж чадсангүй» гэжээ.  17  Тэгэхэд Есүс: «Энэ үеийнхэн яасан итгэдэггүй, нүгэлтэй юм бэ! Хэдий болтол би та нартай хамт байх ёстой юм бэ? Та нарыг хэр удаан тэвчих болж байна вэ? Хүүг нааш нь аваад ир» гэж хэлэв.  18  Тэгээд Есүс чөтгөрийг зэмлэхэд чөтгөр гарч, хүү тэр даруй эдгэжээ.  19  Тэгтэл шавь нар нь хэдүүлхнээ ирээд «Бид яагаад хөөж чадсангүй вэ?» гэж асуухад  20  Есүс: «Яагаад гэвэл та нар бат итгэхгүй байна. Гичийн үрийн чинээ итгэлтэй байхад л энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлэхэд уул нүүнэ. Та нар юу ч хийж чадна» гэж хэлэв.  21  —* 22  Есүс шавь нартайгаа Галилд байхдаа «Хүний Хүү урвагчаас болж дайснуудын гарт орох ёстой юм.  23  Дайснууд түүнийг алж, гурав дахь өдөр нь Бурхан амилуулна» гэж хэлэхэд шавь нар нь ихэд харамсжээ. 24  Есүс шавь нартайгаа Капернаумд ирсэн байлаа. Сүмийн татвар* хураагчид Петрт дөхөж ирээд «Танай багш татвар төлдөг үү?» гэж асуухад  25  «Төлдөг» гэж хариулав. Харин түүнийг гэрт ороход нь Есүс өөрөө түрүүлж «Симон оо, дэлхийн хаад хэнээс татвар хураамж авдаг вэ? Хөвгүүдээсээ юү, бусад хүнээс үү? Чи юу гэж боддог вэ?» гэж асуухад  26  Петр: «Бусад хүнээс» гэв. Тэгэхээр нь Есүс: «Тэгвэл хөвгүүд нь татвар төлдөггүй байж таарна аа даа.  27  Гэхдээ тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлээд яах вэ. Нуур луу очоод дэгээ хая. Эхэлж баригдсан загасны амыг ангайлгавал нэг мөнгөн зоос* байна. Тэр зоосоор миний татварыг өөрийнхтэйгөө төлөөрэй» гэж хэлэв.

Зүүлт

Энэ зүйл Библийн зарим орчуулгад байдаг ч грек хэлээр бичсэн эртний гол гар бичмэлүүдэд байдаггүй.
Үгч. «драхма». 1 драхма нь өдрийн хөлсний дөрөвний гуравтай тэнцүү
Үгч. «статер». 4 драхматай тэнцүү