Матайн бичсэн сайн мэдээ 18:1–35

  • Хаант төрийнхнөөс хамгийн агуу нь (1-6)

  • Нүгэл үйлдүүлдэг бол (7-11)

  • Төөрсөн хонины жишээ (12-14)

  • Зөв юм хийхэд нь ах дүүдээ туслах (15-20)

  • Хатуу сэтгэлтэй боолын жишээ (21-35)

18  Тэр үед шавь нар нь ирээд «Бурхны Хаант төрийнхнөөс хамгийн агуу нь хэн байх вэ?» гэж асуухад  2  Есүс нэгэн балчир хүүхдийг дуудаад дунд нь зогсоон  3  «Та нар өөрчлөгдөж балчир хүүхэд шиг болохгүй бол тэнгэрийн Хаант төрд яавч багтахгүй.  4  Тиймээс энэ хүүхэд шиг даруу болсон хүн Бурхны Хаант төрийнхнөөс хамгийн агуу нь байна.  5  Бас миний төлөө* ийм хүүхдийг хүлээж авсан хэн боловч намайг хүлээж авсан хэрэг.  6  Харин надад итгэдэг балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгээр нүгэл үйлдүүлсэн* хүний хувьд илжигний эргүүлдэг тээрмийн чулууг хүзүүнээсээ зүүлгээд тэнгисийн гүнд хаягдсан нь дээр. 7  Бусдаар нүгэл үйлдүүлдэг энэ дэлхийн хүмүүс зовно! Тийм хүмүүс байх нь зайлшгүй. Гэхдээ тэд зовно!  8  Тиймээс гар эсвэл хөлөөсөө болж нүгэл үйлдвэл тасдаж хая. Хоёр гар, хоёр хөлтэйгөө мөнх гал руу хаягдсанаас* өрөөсөн гар, өрөөсөн хөлтэйгөө амьд үлдэх нь дээр.  9  Бас нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая. Хоёр нүдтэйгээ галт Гехеннад* хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээ амьд үлдэх нь дээр.  10  Балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгийг нь ч бүү басамжил. Учир нь тэдний тэнгэрийн элчүүд тэнгэр дэх миний Эцгийн нүүрийг үргэлж харж байдаг юм.  11  —* 12  Та нар юу гэж бодож байна вэ? 100 хоньтой хүний нэг хонь нь төөрвөл 99 хонио ууланд орхиод төөрсөн хонио хайхаар явахгүй гэж үү?  13  Тэгээд олбол 99 хонио төөрөөгүй гэж баярлахаас илүү төөрсөн нэг хонио олсондоо баярлана.  14  Үүнтэй адилаар, балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэг нь ч бүү үрэгдээсэй гэж тэнгэр дэх миний* Эцэг хүсдэг. 15  Түүнээс гадна, ах дүү чинь чиний эсрэг нүгэл үйлдвэл очоод хоёулхнаа ярилцаж бурууг нь хэл*. Хэрэв чамайг сонсвол чи зөв юм хийхэд нь тусалсан хэрэг.  16  Хэрэв чамайг сонсохгүй бол нэг юм уу хоёр хүнийг дагуулж оч. Ингэвэл хоёр юм уу гурван гэрчийн мэдүүлгээр* хэрэг нотлогдоно.  17  Тэднийг сонсохгүй бол хуралд* хэл. Хурлыг ч сонсохгүй бол тэр хүн чиний хувьд харь үндэстэн, татвар хураагч мэт байг. 18  Газар дээр та нар юуг цоожилно*, тэр нь тэнгэрт аль хэдийн цоожлогдсон байна, та нар юуг нээнэ*, тэр нь тэнгэрт аль хэдийн нээгдсэн байна» гэж хэлэв.  19  «Би бас дахиж батлан хэлье. Хэрэв дэлхийд байгаа та нарын хоёр нь ямар нэг чухал зүйлийг санал нэгтэй гуйвал тэнгэр дэх миний Эцэг биелүүлж өгнө.  20  Учир нь миний нэрээр хоёр юм уу гурван хүн цуг⁠лавал би тэдэнтэй хамт байна» гэж хэлэв. 21  Тэгтэл Петр ирээд «Эзэн, ах дүү минь миний эсрэг нүгэл үйлдвэл би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?» гэж асуухад  22  Есүс: «Долоон удаа биш, 77 удаа*» гэж хариулав. 23  «Бурхны Хаант төрийг боолуудаасаа зээлээ буцааж авахыг хүссэн хаантай зүйрлэж болох юм.  24  Хаан зээлүүлсэн мөнгөө хурааж эхлэв. Тэгээд 10 000 талантын* өртэй нэг хүнийг дуудан ирүүлжээ.  25  Гэвч тэр хүнд өрөө төлөх юм байгаагүй учир түүнийг эхнэр хүүхдүүд болон байгаа юмтай нь зарж өрийг нь барагдуулахыг хаан тушаав.  26  Тэгтэл боол сөхрөн унаж “Та хүлээгээч. Би өрөө бүгдийг нь төлнө” гэж гуйсанд  27  хаан өрөвдөж, өрнөөс нь хэлтрүүлж, боолыг явуулжээ.  28  Гэтэл өнөөх боол гадагш гарч, өөрт нь 100 денарын* өртэй боолыг олоод барьж аван багалзуурдаж “Өрөө төл” гэлээ.  29  Нөгөө боол сөхрөн унаж “Хүлээгээч. Би өрөө төлнө” гэж гуйсан боловч  30  огт тоолгүй өрөө төлтөл нь шоронд хориулжээ.  31  Энэ явдлыг харсан бусад боол их харамсав. Тэгээд явж болсон бүх явдлын талаар хаанд дуулгажээ.  32  Хаан өнөөх боолыг авчруулаад “Хорон муу боол оо, чамайг гуйсан болохлоор би бүх өрнөөс чинь хэлтрүүлсэн.  33  Би чамайг өршөөсөн шиг чи ч бас найз боолоо өршөөх ёстой байсан бус уу?” гэжээ.  34  Ингээд уурлан хилэгнэсэн хаан боолыг өрөө төлж дуустал нь хориулахаар шоронгийн харгалзагчдад тушаасан ажээ.  35  Хэрэв та нар ах дүүгээ чин зүрхнээсээ уучлахгүй бол тэнгэр дэх миний Эцэг та нарыг уучлахгүй» хэмээн ярьж өгөв.

Зүүлт

Эсвэл «миний нэрээр»
Үгч. «нэгийг бүдрүүлсэн»
Бүрмөсөн устгахыг хэлжээ. Үгийн тайлбараас «Гехенна»-г үзнэ үү.
Иерусалимын гадна байсан хог шатаадаг газар. Үгийн тайлбарыг үзнэ үү.
Мт 17:21-ийн зүүлтийг үзнэ үү.
Эсвэл «та нарын» гэсэн бололтой.
Үгч. «зэмлэ»
Үгч. «амаар»
Хурлыг төлөөлдөг хүмүүстэй ярилцахыг хэлжээ. Дэд хууль 19:16, 17-той харьцуулна уу.
Үгч. «уяна». Мт 16:19-ийн зүүлтийг үзнэ үү.
Үгч. «тайлна». Мт 16:19-ийн зүүлтийг үзнэ үү.
Үгч. «70 дахин 7 удаа»
60 сая денар. 1 денар нь 1 өдрийн ажлын хөлс
1 денар нь 1 өдрийн ажлын хөлс