Матайн бичсэн сайн мэдээ 24:1–51

  • ХРИСТ ИРЧИХЭЭД БАЙГААГИЙН ШИНЖ ТЭМДЭГ (1-51)

    • Дайн, өлсгөлөн, газар хөдлөлт (7)

    • Сайн мэдээ тунхаглана (14)

    • Агуу их гамшиг (21, 22)

    • Хүний Хүүгийн тэмдэг (30)

    • Инжрийн мод (32-34)

    • Ноагийн өдрүүдтэй адил (37-39)

    • Сонор сэрэмжтэй бай (42-44)

    • Итгэмжит ба хорон муу боол (45-51)

24  Есүсийг сүмээс гарч явахад шавь нар нь сүмийн барилгыг үзүүлэх гэж дөхөж ирлээ.  2  Есүс тэдэнд «Та нар энэ бүхнийг харж байгаа биз дээ? Би та нарт батлан хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй. Бүгд нурна» хэмээв. 3  Есүсийг Чидун уулан дээр сууж байхад шавь нар нь хэдүүлхнээ ирээд «Хэзээ ийм юм болох вэ? Таны ирчихээд байгаагийн* болон энэ тогтолцооны* төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ? Та хэлж өгөөч» гэлээ. 4  Есүс тэдэнд ингэж хариулжээ. «Хэнд ч мэхлэгдэхгүйн тулд сэрэмжтэй байгаарай.  5  Яагаад гэвэл олон хүн миний нэрийг барин ирж “Би бол Христ*” хэмээн олныг төөрөлдүүлнэ.  6  Та нар дайтах чимээ болон дайны сураг сонсоно. Айж түгших хэрэггүй. Учир нь эдгээр нь заавал болох ёстой боловч төгсгөл хараахан биш юм. 7  Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө.  8  Эдгээр нь зовлонгийн* эхлэл юм. 9  Тэр үед хүмүүс та нарыг хавчиж хяхна, алж хөнөөнө. Миний нэрнээс болж бүх үндэстэн та нарыг үзэн ядна.  10  Бас олон хүн итгэлээсээ няцаж, бие биеэсээ урваж, нэг нэгнээ үзэн ядна.  11  Олон хуурамч зөнч гарч, олныг төөрөлдүүлнэ.  12  Бас ёс бус явдал ихсэх учир ихэнх хүний хайр хөрнө.  13  Харин эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана.  14  Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ. 15  Тиймээс зөнч Даниелын хэлснээр сүйрүүлэх бузар юм ариун газар байхыг харвал (уншигч нь хэрсүү байг)  16  Иудейд байгаа хүмүүс уул руу зугт.  17  Байшингийнхаа дээвэр дээр байгаа хүн юмаа авах гэж гэртээ бүү ор.  18  Талбайд байгаа хүн хувцсаа авах гэж бүү буц.  19  Тэр үед жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй байх эмэгтэйчүүд хөөрхий еэ!  20  Өвөл юм уу Амралтын өдөр* зугтах хэрэг бүү гараасай гэж залбирч бай.  21  Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, хойшид ч болохгүй агуу их гамшиг болно.  22  Тэр өдрүүдийн тоог цөөлөхгүй бол нэг ч хүн аврагдахгүй. Гэхдээ Бурхан сонгосон хүмүүсийнхээ төлөө тэр өдрүүдийн тоог цөөлнө. 23  Тэр үед хэн нэгэн: “Хараач! Христ энд байна” эсвэл “Тэнд байна!” гэж хэлбэл бүү итгэ.  24  Яагаад гэвэл хуурамч Христүүд, хуурамч зөнчид гарч ирэн хүмүүсийг, боломж гарвал, Бурхны сонгосон хүмүүсийг ч төөрөлдүүлэх гэж янз бүрийн агуу гайхамшиг үйлдэнэ.  25  Би та нарт санууллаа.  26  Тиймээс, хэрэв хүмүүс:“Хараач! Тэрээр цөлд байна” гэвэл бүү оч. Эсвэл “Хараач! Байшин дотор* байна” гэвэл бүү итгэ.  27  Хүний Хүү ирчихээд байгаа нь тэнгэрийн зүүн хаяанаас баруун хаяа хүртэл цахих цахилгаан мэт байх юм.  28  Хүүр байгаа газар бүргэд цугладаг. 29  Гамшгийн дараахан нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчирхэг юмс сэгсрэгдэнэ.  30  Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрч, дэлхийн бүх овог гашуудсандаа чээжээ дэлдэнэ. Тэд хүний Хүүг сүр хүч, агуу их цог жавхлантайгаар тэнгэрийн үүлэн дунд ирж явааг харна.  31  Тэрээр бүрээн дуугаар тэнгэрийн элчүүдээ илгээхэд тэд Бурхны сонгосон хүмүүсийг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ертөнцийн дөрвөн зүгээс цуглуулна. 32  Инжрийн модоор жишээ та⁠тъя. Мөчир нь зөөлөрч, навч ургахад та нар зун ойртжээ гэдгийг мэддэг.  33  Үүнчлэн энэ бүхнийг хараад хүний Хүү үүдэнд ирчихээд байгааг ойлгоорой.  34  Би та нарт батлан хэлье. Энэ бүхэн болохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй.  35  Тэнгэр газар үгүй болох ч миний үг яасан ч үгүй болохгүй. 36  Тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элчүүд ч, Хүү ч мэдэхгүй, гагцхүү Эцэг мэднэ.  37  Учир нь хүний Хүүгийн ирчихээд байгаа нь Ноагийн үетэй адил байх юм.  38  Үерийн өмнөх өдрүүдэд, Ноаг авдарт орсон тэр өдрийг хүртэл хүмүүс идэж уун, гэрлэж байлаа.  39  Үер бууж өөрсдийг нь хаман одох хүртэл тэд анхаараагүй юм. Хүний Хүүгийн ирчихээд байгаа нь яг тийм байх юм.  40  Тэр үед Бурхан талбайд байгаа хоёр эрэгтэйн нэгийг авч нөгөөг орхино.  41  Тариа тээрэмдэж байгаа хоёр эмэгтэйн нэгийг авч нөгөөг орхино.  42  Тиймд сонор сэрэмжтэй бай. Яагаад гэвэл Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй. 43  Гэвч нэг юмыг мэдэгтүн. Хэрэв гэрийн эзэн шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол сэрүүн байж гэрээ ухуулахгүй шүү дээ.  44  Тиймээс бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ. 45  Эзэн нь гэрийнхэндээ цагт нь хоол унд өгүүлэхээр томилсон итгэмжит, ухаалаг боол нь чухам хэн бэ?  46  Үүргээ биелүүлж байхад эзэн нь ирээд харвал тэр боол жаргалтай!  47  Би та нарт батлан хэлье. Эзэн нь бүх хөрөнгөө боолдоо хариуцуулна. 48  Харин хорон муу боол “Манай эзэн ирэхгүй удаж байна” гэж бодоод  49  бусад боолоо зодож, архичидтай нийлэн идэж уудаг болбол  50  хүлээгээгүй өдөр, бодоогүй цагт нь эзэн нь ирж  51  түүнийг хатуу шийтгэн хоёр нүүртнүүдийн дунд хаяна. Тэнд тэр уйлж, шүдээ хавирна.

Зүүлт

Эсвэл «үеийн». Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
Мт 1:1-ийн зүүлтийг үзнэ үү.
Жирэмсэн эмэгтэй дуншихтай адил зовлон
Мосегийн хуулиар Амралтын өдөр хол аялахыг хориглодог байв.
Үгч. «Дотоод өрөөнд»