Матайн бичсэн сайн мэдээ 3:1–17

  • Баптисм хүртээгч Ёохан сайн мэдээ тунхаглав (1-12)

  • Есүс баптисм хүртэв (13-17)

3  Баптисм* хүртээгч Ёохан* Иудейн цөлд* ирээд  2  «Гэмшигтүн. Учир нь Бурхны Хаант төр ойрхон байна» хэмээн тунхаглаж байв.  3  Ёоханы тухай Бурхан, зөнч Исаиагаар «“Еховагийн* замыг бэлдэгтүн! Замыг нь тэгшил” гэж хашхирах дуу цөлд гарна» гэж хэлүүлсэн байжээ.  4  Ёохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв.  5  Иерусалим, Иудейн бүх нутаг, Иордан хавийн бүх нутгийн хүмүүс түүн рүү ирж,  6  Иордан голд баптисм хүртэж, гэм нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 7  Фарисай болон садукайчууд олуулаа ирэхэд Ёохан: «Хорт могойн удам аа, удахгүй буух Бурхны шийтгэлээс мултрахыг хэн та нарт хэлээ вэ?  8  Гэмшсэнээ үйл хэргээрээ харуулцгаа.  9  “Бид бол Абрахамын үр сад” хэмээн хэлнэ гэж бүү бод. Үнэндээ, Бурхан энэ чулуугаар ч Абрахамын үр садыг бүтээж чадна.  10  Модыг угаар нь цавчих сүх бэлэн байна. Сайн жимс ургуулдаггүй мод болгоныг цавчиж, галд хийнэ.  11  Би гэмшсэн хүнд усаар баптисм хүртээдэг. Харин миний дараа ирэх нэгэн надаас агуу бөгөөд би шаахайг нь ч тайлах хүндтэй хүн биш ээ. Тэрээр хүмүүст Бурхны агуу хүч болон галаар баптисм хүртээнэ.  12  Гарт нь шигшүүр байх бөгөөд үтрэмээ сайтар цэвэрлэнэ. Тэгээд буудайг агуулахад хурааж хивгийг унтаршгүй галд шатаана» гэж хэлжээ. 13  Есүс баптисм хүртэхээр Ёоханыг зорин Галилаас Иорданд ирэхэд  14  Ёохан болиулахын тулд «Та надад баптисм хүртээх учиртай атал над руу ирж байдаг» гэж хэлтэл  15  Есүс: «Саад болох хэрэггүй. Бурхны таалалд бүрэн нийцүүлэхийн тулд бид ингэх шаардлагатай юм» гэсэнд Ёохан үгэнд нь оров.  16  Есүс баптисм хүртээд голын уснаас гармагц тэнгэр заагдаж Бурхны агуу хүч Есүс дээр тагтаа мэт буун ирэх нь Ёоханд харагдав.  17  Бас «Энэ бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэх дуу тэнгэрээс гарав.

Зүүлт

Иохан гэж бас бичдэг.
Хүн ам цөөтэй газар