Матайн бичсэн сайн мэдээ 5:1–48
-
УУЛАН ДЭЭР АЙЛДСАН СУРГААЛ (1-48)
5 Есүс олон түмнийг хараад уулан дээр гарч суухад шавь нар нь хүрч ирэв.
2 Тэрээр тэдэнд сургаал айлдаж эхлэв.
3 «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх.
4 Шаналж зовдог хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг тайвшруулна.
5 Номхон дөлгөөн хүн жаргалтай. Учир нь тийм хүн дэлхийг өвлөн авна.
6 Шударга ёсны төлөө* өлсөж, цангадаг хүн жаргалтай. Учир нь Бурхан тийм хүний хүслийг бүрэн хангана.
7 Өршөөнгүй хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг өршөөнө.
8 Цагаан цайлган сэтгэлтэй* хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхныг харна.
9 Эв эеийг сахидаг хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхны хүү гэгдэнэ.
10 Зөв юм хийгээд хавчигддаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх.
11 Намайг дагадгаас болж хүмүүс та нарыг доромжилж, хавчиж, элдвээр гүтгэхэд та нар жаргалтай.
12 Тэнгэрт гараад агуу шагнал хүртэх учир баярлагтун, ихэд баярлагтун. Учир нь та нараас өмнөх зөнчид бас тийнхүү хавчигдаж байсан.
13 Та нар бол газрын давс. Давс амтаа алдвал дахин яаж давслаг болох билээ? Хэрэгцээгүй тийм давс газар асгагдаж, олны хөлд гишгэгдэнэ.
14 Та нар бол дэлхийн гэрэл. Уулан дээрх хот ил харагддаг.
15 Хүмүүс дэн асаачихаад дээрээс нь сагс хөмөрдөггүй, харин суурин дээр нь тавьдаг. Тэгэхэд гэрт байгаа бүх хүн дээр гэрэл тусдаг.
16 Үүнтэй адилаар, хүмүүсийн өмнө та нар гэрэлт. Тэгвэл хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэрийн Эцгийг тань магтан алдаршуулна.
17 Та нар намайг Хууль* болон зөнчдийн хэлснийг үгүйсгэхээр ирсэн гэж бүү бодогтун. Харин ч биелүүлэхээр ирсэн.
18 Би та нарт батлан хэлье. Тэнгэр газар үгүй болсон ч Хуульд бичигдсэн бүхэн биелтэл хамгийн жижиг үсэг, нэг цэг тэмдэг ч үгүй болохгүй.
19 Тиймээс хүмүүсийн боддогоор чухал бус эдгээр тушаалын нэгийг зөрчдөг, зөрчихийг бусдад заадаг хэн боловч тэнгэрийн Хаант төрд чухал бус гэгдэнэ. Харин эдгээр тушаалыг сахидаг, сахихыг бусдад заадаг хэн боловч тэнгэрийн Хаант төрд чухалд тооцогдоно.
20 Тиймд та нар хуулийн багш нар, фарисайчуудаас илүү зөв юм хийхгүй бол тэнгэрийн Хаант төрд яавч орохгүй.
21 “Хүн бүү ал. Хүн алсан хэн боловч шүүгдэнэ” гэж эртний хүмүүст хэлснийг та нар мэддэг.
22 Гэхдээ би та нарт хэлье. Ах дүүдээ* уурласан хэвээрээ байдаг хүн бүхэн шүүгдэнэ. Ах дүүдээ зэвүүцэн, хэлшгүй муухайгаар хэлдэг хэн боловч Дээд шүүхээр шүүгдэнэ. “Адгийн тэнэг” гэж хэлдэг хэн боловч галт Гехеннад* хаягдана.
23 Тахилын ширээн дээр өргөл өргөх гэж байхдаа өөрт чинь гомдсон ах дүүгээ санавал
24 өргөлөө тахилын ширээний өмнө орхиод яв. Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр. Дараа нь ирж өргөлөө өргө.
25 Шүүхэд очихоос өмнө заргалдагчтайгаа учраа түргэн ол. Эс бөгөөс тэрээр чамайг шүүхэд өгч, шүүгч хуягт тушааж, чамайг шоронд хорих вий.
26 Чи сүүлчийн жижиг зоосыг* төлөхөөс нааш тэндээс гарахгүй гэдгийг би баталж хэлье.
27 “Завхайрч болохгүй” гэж ярьдгийг та нар мэддэг.
28 Гэхдээ би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг харсаар байгаад тачааддаг хэн боловч тэр эмэгтэйтэй бодол санаандаа* аль хэдийн завхайрчээ.
29 Тиймээс, баруун нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая. Бүтэн бие чинь Гехеннад хаягдсанаас нэг эрхтнээсээ салсан нь дээр.
30 Эсвэл баруун гараасаа болж нүгэл үйлдвэл тасдаад хая. Бүтэн бие чинь Гехеннад хаягдсанаас нэг эрхтнээсээ салсан нь дээр.
31 Түүнээс гадна, “Эхнэрээсээ салсан хүн эхнэртээ салсныг гэрчлэх бичиг өгөг” гэж ярьдаг.
32 Гэхдээ би та нарт хэлье. Садар самуунаас* өөр шалтгаанаар эхнэрээсээ салж буй хэн боловч эхнэрээ завхайрахад хүргэж байгаа хэрэг. Мөн салсан* эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг.
33 “Биелүүлэхгүй юм бол ам тангараг бүү өг. Еховад* амласнаа биелүүл” гэж эртний хүмүүст хэлснийг та нар бас мэднэ.
34 Гэхдээ би та нарт хэлье. Ам тангараг бүү өг. Тэнгэрийг ч гэрч бүү болго. Учир нь тэнгэр бол Бурхны сэнтий.
35 Газрыг ч гэрч бүү болго. Учир нь газар бол Бурхны хөлийн гишгүүр. Иерусалимыг ч гэрч бүү болго. Учир нь Иерусалим бол агуу Хааны хот билээ.
36 Амь насаараа дэнчин бүү тавь*. Учир нь та нар ширхэг үсийг ч цагаан юм уу хар болгож чадахгүй шүү дээ.
37 Харин “за” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай. Үүнээс илүү юм ярих нь хорон муу нэгнээс* үүдэлтэй.
38 “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэж ярьдгийг та нар мэддэг.
39 Гэхдээ би та нарт хэлье. Муу хүнтэй бүү тэмцэлд. Баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа бас өг.
40 Хэрэв чамтай заргалдаж байгаа хүн цамцыг чинь авах гэвэл дээлээ бас өг.
41 Эрх мэдэлтэй хүн чамайг нэг бээр яв гэж албадвал түүнтэй хамт хоёр бээр яв.
42 Тусламж хүссэн хүнд тусал, хүүгүй зээлэхийг хүссэн хүнд зээлүүл.
43 “Бусдыг хайрла, харин дайснаа үзэн яд” гэж ярьдгийг та нар мэддэг.
44 Гэхдээ би та нарт хэлье. Дайснаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.
45 Ингэвэл та нар тэнгэрийн Эцгийнхээ хөвгүүд гэдгээ батална. Учир нь тэрээр сайн, муу хүмүүсийн хэн хэнийх нь дээр нар мандуулж, шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнийх нь дээр бороо оруулдаг.
46 Та нар өөрсдийг чинь хайрладаг хүнийг хайрладаг бол ямар шагнал хүртэх билээ? Татвар хураагчид хүртэл тэгдэг биш үү?
47 Та нар ах дүүтэйгээ л мэндэлдэг бол ямар онцгой юм хийж байгаа билээ? Харь үндэстнүүд ч тэгдэг биш үү?
48 Та нар тэнгэр дэх төгс Эцгээ дуурайж бүх хүнийг хайрла*.
Зүүлт
^ Эсвэл «Бурхны хүсэлд нийцүүлж, тушаалыг нь биелүүлэхийн төлөө»
^ Үгч. «цэвэр зүрхтэй»
^ Мосегийн хууль
^ Израйлчууд угсаа гарал, шүтлэг нэгтэй учир бие биеэ ах дүү гэж үздэг байв.
^ Иерусалимын гадна байсан хог шатаадаг газар. Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «кодрант». 10 орчим минутын ажлын хөлс
^ Үгч. «зүрхэндээ»
^ Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Садар самуунаас өөр шалтгаанаар нөхрөөсөө салсан
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «Толгойгоороо бүү тангарагла»
^ буюу Сатан
^ Үгч. «Тэнгэрийн Эцэг чинь төгс байдагчлан та нар төгс бай»