Нахум 3:1–19
3 Цуст хот харамсалтай яа!
Тэр хот хууран мэхлэлт, дээрэм тонуулаар дүүрэн
Тэр хот олзгүй байна гэж үгүй
2 Ташуур тас хийж, тэрэгний дугуйнууд тарчигнажМорьд болон морин тэрэгнүүд давхина
3 Цэргүүд мориндоо мордож, илд гялалзаж, жад гялсхийнэҮй олон хүнийг хядаж, цогцсыг нь овоолноТоймгүй олон хүүр байна
Тэд хүүрнүүд дээгүүр бүдчин явна
4 Энэ нь тэр янхан асар их завхайрснаас болсонДур булаам, сэтгэл татам тэрбээр ид шидтэн бөгөөдЗавхайрал, ид шидээрээ үндэстнүүдийг урхиддаг
5 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тунхаглаж байна«Би чам руу* довтолноЧиний хормойг нүүрэнд чинь хүртэл сөхнөНүцгэн байгааг чинь үндэстнүүдэд харуулжХаадад шившгийг чинь дэлгэнэ
6 Би чам дээр бузар юм асгажЖигшмээр болгоноЧамайг үзмэр болгоно
7 Чамайг харсан бүхэн чамаас дайжиж“Ниневе сүйрчээ!
Хэн түүнийг аргадах вэ?” гэнэ
Чамайг тайвшруулах хүнийг би хаанаас олох вэ?
8 Чи Нилийн сувгийн дэргэдэх Но-Амоноос* илүү юм уу?
Тэр усаар хүрээлэгдсэн байсанЭд хөрөнгө, хана хэрэм нь тэнгис байсан
9 Хэмжээгүй хүч чадлынх нь эх үндэс Етиоп болон Египет
Туслах нь Пут болон ливичүүд байсан
10 Тэгсэн ч тэр олзлогдож, цөлөгдсөнХүүхдүүдийг нь гудамж болгоны буланд бяц шидсэн
Хүндтэй хүмүүсийг нь хувааж авах гэж шавга хаясан
Бүх агуу хүнийг нь дөнгөлсөн
11 Чи бас согтоноДалд орно
Чи дайснаасаа болж хоргодох газар хайна
12 Бүх бэхлэлт чинь анхны ургац нь гүйцэд болсон инжрийн мод шиг байнаСэгсэрмэгц жимс нь идэгчийн аманд орно
13 Цэргүүд чинь эмэгтэйчүүд шиг сул дорой болно
Танай газар нутгийн дааман хаалга дайснуудын чинь өмнө дэлгээтэй байх болно
Дааман хаалганы чинь хөндлөвч мод галд шатна
14 Бүслэгдэхдээ хэрэглэх усаа нөөцөл
Бэхлэлтээ улам бат бэх болго
Шавартай газар очоод шавран дээр гишгэлТоосгоны хэвээ гартаа барь
15 Тэгсэн ч гал чамайг залгина
Илд чамайг цавчина
Залуу царцаанууд ургамлыг цөлмөдөг шиг тэд чамайг цөлмөнө
Залуу царцаанууд мэт олшроод үз!
Тийм ээ, царцаанууд мэт олшроод үз л дээ!
16 Чи худалдаачдаа тэнгэрийн оддоос олон болгосон
Залуу царцаа бүрхүүлээ тайлж нисэн оддог
17 Харуулууд чинь царцаа мэтЦэргүүд чинь сүрэг царцаа мэт юм
Тэд хүйтэн өдөр чулуун хашаан дээр суудаг бөгөөдНар гарахад нисэн оддогХаана очсоныг нь хэн ч мэддэггүй
18 Ассирийн хаан аа, хоньчид чинь үүрэглэжНоёд чинь гэртээ сууж байна
Ард түмэн чинь уулсаар тархжээТэднийг цуглуулж байгаа хүн алга
19 Хэн ч чамайг сүйрлээс аврахгүй
Чиний шарх эдгэшгүй
Чамд юу тохиолдсоныг дуулсан бүхэн алгаа ташнаҮл төгсөх харгислалаас чинь болж зовоогүй хүн байна уу?».