Нехемиа 1:1–11

  • Иерусалимын тухай мэдээ (1-3)

  • Нехемиагийн залбирал (4-11)

1  Хакалиагийн хүү Нехемиагийн* үгс. Артаксеркс хаан захирсны 20 дугаар оны Хислев* сард би Суса дахь ордонд байлаа.  Тэр үед миний ах дүүсийн нэг Ханани хэсэг эрчүүдтэй Иудагаас ирэв. Би тэднээс Иерусалимын тухай, олзноос чөлөөлөгдсөн иудейчүүдийн талаар асуулаа.  Тэд: «Иуда мужид байгаа, олзноос чөлөөлөгдсөн хүмүүс туйлын хүнд нөхцөлд амьдарч, ичгүүр гутамшиг болж байна. Иерусалимын нурсан хэрэм, шатсан дааман хаалганууд одоог хүртэл сэргээн босгогдоогүй байгаа» гэв.  Би үүнийг сонсмогцоо доош суун уйлав. Хэдэн өдөр гашуудаж тэнгэрийн Бурхны өмнө мацаг барин, залбирлаа.  Би: «Тэнгэрийн Бурхан Ехова минь, та бол агуу, бишрэм бөгөөд өөрийг тань хайрлаж, тушаалыг тань дагадаг хүмүүсийг үнэнчээр хайрладаг, гэрээгээ биелүүлдэг Бурхан билээ.  Өнөөдөр боолынхоо залбиралд анхаарал хандуулж, чих тавин сонсооч. Би таны боол израйлчуудын төлөө өдөр шөнөгүй залбирч, таны эсрэг үйлдсэн нүглийг нь улайж байна. Бид бүгдээрээ нүгэл үйлдсэн. Би ч, миний эцгийн гэрийнхэн ч ялгаагүй.  Зарц Моседоо өгсөн зарлиг тушаал, хууль дүрэм, шийдвэрийг тань бид дагалгүй таны эсрэг бузар мууг үйлдсэн.  Зарц Моседоо хэлсэн үгээ санаач. Та: “Хэрэв та нар надад үнэнч бус хандвал би та нарыг үндэстнүүдийн дунд тараана.  Харин над руу эргэж ирэн миний тушаалуудыг сахиж, дуулгавартай байвал би та нарыг дэлхийн хязгаар хүртэл тарж бутарсан байлаа ч цуглуулж, нэрээ алдаршуулахаар сонгосон газартаа авчирна” гэсэн билээ. 10  Тэд бол таны зарц нар, таны ард түмэн. Та тэднийг хүчит мутар, агуу их хүчээрээ аварсан*. 11  Ехова минь, таны нэрээс эмээдэгтээ баярладаг үйлчлэгчдийнхээ болон боол миний залбиралд чих тань сонор байг. Энэ өдөр боолынхоо ажил үйлсийг бүтээж хааныг надад хайр энэрэл үзүүлэхэд туслаач» гэж залбирав. Тэр үед би хааны сөнч байлаа.

Зүүлт

«Ехова тайвшруулдаг» гэсэн утгатай.
Хавсралт Б15-ыг үзнэ үү.
Үгч. «зольж авсан»