Нехемиа 13:1–31

  • Нехемиа өөрчлөлт шинэчлэлт хийв (1-31)

    • Аравны нэгээ өгөв (10-13)

    • Амралтын өдрийг бузарлах ёсгүй (15-22)

    • Харь хүмүүстэй гэрлэснийг нь буруушаав (23-28)

13  Тэр өдөр Мосегийн номыг уншиж, ард олонд сонсгов. Уг номд бичсэнээр жинхэнэ Бурхны хуралд аммончууд, моабчуудыг хэзээ ч оруулах ёсгүй байв.  Учир нь тэд израйлчуудыг талх, ус барин угтахын оронд хараалгахаар Балаамыг хөлсөлсөн юм. Гэхдээ бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон билээ.  Израйлчууд Хуулийг сонсмогцоо харийн угсаа гаралтай бүх хүнийг тусгаарлав.  Энэ явдлаас өмнө Тобиагийн хамаатан, тахилч Елиашиб Бурхны өргөөний агуулахуудыг* хариуцдаг байжээ.  Елиашиб Тобиад том агуулахыг суллаж өгсөн ажээ. Өмнө нь тэнд идээн өргөл, гүгэл, сав суулга, мөн левичүүд, дуучид, хаалгачдад зориулсан үр тарианы аравны нэг, шинэ дарс, тос болон тахилчдад зориулсан хандивыг хадгалдаг байв.  Би Вавилоны хаан Артаксерксын 32 дугаар онд хаан дээр буцаж очсон тул дээрх бүхэн болох үед Иерусалимд байгаагүй юм. Хэсэг хугацааны дараа би хаанаас буцаж явах зөвшөөрөл гуйв.  Иерусалимд эргэж ирээд Елиашибыг жинхэнэ Бурхны өргөөний хашаан дахь агуулахын өрөөг Тобиад гаргаж өгөн байж боломгүй хэрэг хийснийг олж мэдсэн юм.  Миний уур ихэд хүрч, Тобиагийн бүх эд хогшлыг агуулахаас гаргаж хаялаа.  Дараа нь намайг тушаал өгөхөд тэд агуулахуудыг цэвэрлэв. Тэгээд би жинхэнэ Бурхны өргөөний сав суулгануудыг идээн өргөл, гүгэлтэй нь буцааж тавилаа. 10  Бас левичүүдэд өгөх ёстой хувийг өгөхгүй байгаагаас болоод тэнд үйлчилж байсан левичүүд, дуучид өөр өөрсдийнхөө талбай руу явсныг би олж мэдсэн юм. 11  Тиймээс би удирдагчдыг зэмлэж «Жинхэнэ Бурхны өргөөг юунд ийнхүү ганд нь хаяв?» гэж хэлээд тэднийг* цуглуулж, хүн бүрийг үүрэгт ажилд нь орууллаа. 12  Тэгээд иудачууд бүгдээрээ үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирсан юм. 13  Би тахилч Шелемиа, хуулан бичээч* Задок, леви хүн Педаиад агуулахуудыг хариуцуулж, туслахаар нь Маттаниагийн ач, Заккурын хүү Хананыг томилов. Тэд итгэл даасан хүмүүс байсан бөгөөд ах дүү нартаа хувийг нь өгөх үүрэгтэй байлаа. 14  Бурхан минь ээ, энэ бүхнийг хийсний минь төлөө намайг санаач. Таны өргөө болон өргөөний үйлчлэлийн төлөө үнэнч хайрандаа хөтлөгдөн хийсэн бүхнийг минь бүү мартаач. 15  Тэр үед Иудагийн хүмүүс Амралтын өдөр дарс хийж*, үр тариаг илжиг илжгээр, мөн дарс, усан үзэм, инжир, бүх төрлийн барааг Иерусалимд авчирч байв. Би түүнийг нь хараад тэдэнд Амралтын өдөр худалдаа наймаа хийхгүй байхыг анхааруулсан юм*. 16  Иерусалимд амьдардаг тирчүүд Амралтын өдөр загас, бүх төрлийн бараа сэлт авчран Иерусалим дахь иудачуудад зардаг байв. 17  Тиймээс би Иудагийн удирдагчдыг зэмлэж «Та нар юунд ийм бузар юм хийж, Амралтын өдрийг бузарлана вэ? 18  Эцэг өвгөд чинь ийм юм хийснээс болж Бурхан энэ бүх гай гамшгийг бидэнд, бас энэ хотод учруулж байгаа биш үү? Гэтэл та нар Амралтын өдрийг бузарлаж байна. Үүнээс чинь болоод Бурхан Израйлд улам хилэгнэж байна» гэж хэлэв. 19  Тиймээс Амралтын өдөр болохоос өмнө бүрэнхий болмогц би Иерусалимын дааман хаалгануудыг хаахыг тушаав. Бас Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг тушаасан юм. Түүнээс гадна Амралтын өдөр ачаа бараа оруулахгүйн тулд би зарим зарцаа дааман хаалган дээр зогсоов. 20  Тиймээс худалдаачид, төрөл бүрийн бараа авчирч зардаг хүмүүс ганц хоёр удаа Иерусалимын гадна хоносон билээ. 21  Тэгэхэд нь би тэдэнд анхааруулаад «Та нар яагаад хэрмийн гадна хоноод байгаа юм бэ? Дахиад ингэвэл хүч хэрэглэнэ шүү» гэж хэлсэн. Түүнээс хойш тэд Амралтын өдөр ирэхээ болив. 22  Би бас левичүүдэд өөрсдийгөө тогтмол ариусгахыг, Амралтын өдрийг ариун байлгахын тулд дааман хаалганууд дээр харуул манаа гаргаж байхыг захисан. Бурхан минь ээ, бас үүний төлөө намайг санаач. Та агуу их, үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг энэрээч. 23  Би зарим иудейчүүдийг ашдод, аммон, моаб эмэгтэйчүүдтэй гэрлэснийг* тэр үед олж мэдсэн юм. 24  Хүүхдүүдийнх нь хагас нь ашдод, бусад нь өөр үндэстнүүдийн хэлээр ярьдаг ч, нэг нь ч иудейчүүдийн хэлээр ярьж чадахгүй байв. 25  Тийм болохоор би иудейчүүдийг зэмлэж, тэдэнд Бурхны шийтгэлийг сануулан, цохихыг нь цохиж, үснээс нь зулгааж, Бурханд тангараг өргүүлэн «Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй. Тэдний охидыг хөвгүүддээ ч, өөртөө ч эхнэр болгон авах ёсгүй. 26  Израйлын хаан Соломон ингэж л нүгэл үйлдсэн биш гэж үү? Үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй. Соломон Бурхны хайрыг татсан учраас Бурхан түүнийг бүх Израйлын хаан болгосон. Гэтэл харийн эхнэрүүд нь Соломоноор нүгэл үйлдүүлсэн шүү дээ. 27  Тийм байтал та нар харийн эмэгтэйчүүдтэй гэрлэн Бурхандаа үнэнч бус хандаж, ийм их бузар хэрэг үйлдэж байгаа чинь байж боломгүй юм биш гэж үү?» гэв. 28  Тэргүүн тахилч Елиашибын хүү Иоиадагийн нэг хүү нь Бет-хороны хүн Санбаллатын хүргэн болсон байлаа. Тиймээс би түүнийг хөөж явуулав. 29  Бурхан минь ээ, таны тахилчид ба левичүүдтэй байгуулсан гэрээг болон тахилчийн үйлчлэлээ бузарласан тэднийг санаж, шийтгэлгүй бүү орхиоч. 30  Дараа нь би ард түмнийг харь үндэстнүүдийн бузар булай бүхнээс цэвэрлэж, тахилчид, левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов. 31  Бас түлээ мод болон боловсорч гүйцсэн анхны үр жимсийг тогтмол авчирч байх ажлыг зохион байгуулав. Бурхан минь ээ, хийсэн бүхнийг минь санаж, намайг ивээгээч.

Зүүлт

Эсвэл «хоолны танхимуудыг»
Левичүүд, дуучдыг хэлжээ.
Эсвэл «гүүш»
Үгч. «усан үзэм шахаж»
Эсвэл «худалдаа наймаа хийхгүй байхыг тэр өдөр анхааруулсан юм» гэсэн бололтой.
Эсвэл «өөрсдийнхөө гэрт авчирсныг»