Нехемиа 4:1–23

  • Эсэргүүцлийг үл тоон ажиллав (1-14)

  • Зэвсгээ агсаад ажиллав (15-23)

4  Биднийг хэрмийг сэргээн барьж байгааг Санбаллат сонсмогцоо уурлаж, ихэд дургүйцэн иудейчүүдээр доог тохуу хийсээр байлаа.  Тэрбээр хамсаатнуудынхаа болон Самарийн цэргүүдийн өмнө «Энэ олхиогүй иудейчүүд юу л хийгээд байна даа, чааваас. Өөрсдөө барьж чадах уу? Бас тахил өргөх юм гэнэ. Ганц өдрийн дотор дуусгачих хэрэг үү? Энэ нурангиас бүтэн чулуу олно гэж үү?» гэв.  Хажууд нь зогсож байсан аммон хүн Тобиа: «Барьж байгаа юмных нь дээгүүр үнэг харайхад л энэ чулуун хэрэм нь нураад уначихна» гэжээ.  Тэгэхэд нь би: «Бурхан минь, юу гэж доромжилсныг нь сонсооч. Тэдний доромжлолыг өөрсдийнх нь толгой дээр буулгаач. Тэднийг юу ч үгүй болгож харь нутагт олзлуулж явуулаач.  Хэрэм барьж байгаа хүмүүсийг доромжилсон тэдний гэмийг битгий цайруулаач. Нүглийг нь битгий уучлаач» гэж залбирав.  Бид хэрмийн бүх нурсан хэсгийг сэргээн барьсаар өндрийнх нь талд хүргэв. Хүмүүс ажилдаа хамаг сэтгэлээ зориулж байлаа.  Иерусалимын хэрмийг сэргээн засварлах ажил урагшилж, хэрмийн нурсан хэсгийг сэргээн барьсныг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд, ашдодчууд дуулаад уур хилэн нь бадрав.  Мөн тэд Иерусалимд ирж бидэн рүү довтлон үймээн самуун гаргахаар хуйвалдсан юм.  Харин бид Бурхандаа залбирч, тэднээс сэргийлэн өдөр шөнөгүй харуул гаргав. 10  Гэтэл иудачууд: «Ажилчид ядарч сульдаж, нуранги ч барагдахгүй их байна. Бид хэзээ ч хэрмийг сэргээн барьж дуусахгүй юм байна» гэж байлаа. 11  Мөн дайснууд: «Тэдэнд мэдэгдэхгүйгээр дунд нь орж, хүйс тэмтрэн ажлыг нь зогсооё» гэцгээж байсан юм. 12  Тэдэнтэй ойролцоо амьдардаг иудейчүүд Иерусалимд ирэх болгондоо «Тэд бидэн рүү тал бүрээс дайрна» гэж дахин дахин хэлдэг байлаа. 13  Тийм учраас би хэрмийн ар талын хамгийн нам газрууд болох задгай газруудад харуулуудыг ураг ургаар нь сэлэм, жад, нум сумтай нь байрлуулав. 14  Би хүмүүсийн айж байгааг мэдээд шууд босож язгууртнууд, түшмэд болон бусад хүнд «Тэднээс бүү айцгаа. Агуу, бишрэм Ехова Бурхнаа санаж, элэг нэгтнүүд, хөвгүүд, охид, эхнэрүүд, гэр орныхоо төлөө тулалдагтун» гэж хэлэв. 15  Дайснууд хуйвалдаан нь илэрхий болсныг, төлөвлөгөөнд нь жинхэнэ Бурхан саад хийснийг ойлгосон юм. Харин бид бүгд хэрэм барих ажилдаа эргэж орсон. 16  Тэр өдрөөс эхлэн манай эрчүүдийн хагас нь ажлаа хийж, үлдсэн хагас нь хамгаалалтад гарч хайрст хуяг өмсөөд жад, бамбай барьж, нум сум агсаж зогсов. Мөн удирдагчид хэрмийг барьж буй иудейчүүдийг дэмжиж байв. 17  Ачаа зөөж байсан хүмүүс нэг гараараа ажлаа хийж, нөгөө гартаа зэвсэг барьсан байлаа. 18  Барилгачин болгон илдээ ташаандаа зүүгээд ажиллаж байсан ба бүрээ үлээх хүн миний хажууд зогсож байв. 19  Би язгууртнууд, түшмэд болон бусад хүнд «Хийх ажил их байна. Бид хэрмэн дээр бие биеэсээ зайтай ажиллаж байна. 20  Бүрээн дуу сонсмогцоо бидэн дээр ирээрэй. Бурхан маань бидний төлөө тулалдана» гэлээ. 21  Хүмүүсийн маань хагас нь жад барин хамгаалалтад гарч, үлдсэн хагас нь үүр цайхаас үдшийн бүрий хүртэл ажиллаж байв. 22  Тэр үед би ард олонд «Эрчүүд зарц нартайгаа Иерусалимд хонож, өдөртөө ажиллаж, шөнөдөө ээлжээр харуулд гарч бай» гэсэн юм. 23  Тиймээс би өөрөө ч, миний элэг нэгтнүүд ч, зарц нар маань ч, намайг дагаж буй хамгаалагчдын хэн нь ч хувцсаа тайлалгүй, баруун гартаа зэвсэгтэй явдаг байв.

Зүүлт