Нехемиа 5:1–19

  • Нехемиа мөлжлөгийг зогсоов (1-13)

  • Нехемиа амин хувиа бодоогүй (14-19)

5  Гэтэл эрчүүд болон эхнэрүүд нь иудей ах дүү нарынхаа талаар гомдоллон хашхирав.  Зарим нь: «Бид олон хүүхэдтэй. Голоо зогоож, амьд явахын тулд үр тариа хэрэгтэй байна» гэж байхад  нөгөө зарим нь: «Хоол хүнс хомсдоход бид тариа будаа авах гэж тариан талбай, усан үзмийн талбай, гэр орноо барьцаалсан» гэж байв.  Бусад нь: «Бид хаанд алба гувчуур өгөхийн тулд тариан талбай, усан үзмийн талбайгаа барьцаалж мөнгө зээлсэн.  Бид чинь элэг нэгтнүүд биз дээ?* Хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй л адилхан шүү дээ. Гэтэл бид хүүхдүүдээ боол болгохоос өөр аргагүй болоод байна. Бүр зарим охиноо аль хэдийн боол болгочихсон. Бидний тариан талбай, усан үзмийн талбай хүнийх болсон учраас бид энэ байдлаас яасан ч өөрсдөө гарч чадахгүй» гэцгээв.  Тэдний гомдлыг сонсоод миний уур их хүрэв.  Тэгээд би сайн бодсоны эцэст язгууртнууд, түшмэдийг зэмлэж «Та нар ах дүүгээсээ хүү нэхэх* ч гэж дээ!» гэж буруушаасан. Бас тэднээс болж бүх чуулганыг цуглуулсан юм.  Би тэдэнд «Бид өөр үндэстэнд худалдагдсан ах дүүгээ боломжийнхоо хэрээр худалдаж авсан. Гэтэл одоо та нар ах дүүгээ худалдаж яаж чадаж байна аа? Бид тэднийг буцааж худалдаж авах ёстой болж байна уу?» гэхэд тэд хэлэх үггүй болж, юу ч дуугарсангүй.  Би бас «Та нарын хийж байгаа зүйл чинь сайн юм яавч биш. Та нарыг Бурхнаас эмээвэл өөр үндэстнүүд, дайснууд доромжлохоо болих биш үү? 10  Би ч, ах дүү нар маань ч, зарц нар маань ч мөнгө, үр тариа хүүгүй зээлүүлж байгаа. Одоо хүүтэй зээлүүлэх явдлыг зогсооцгооё. 11  Тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидун модод, гэр орныг буцааж өгнө үү. Бас мөнгө, үр тариа, шинэ дарс, тосноос нэг хувийн хүүндээ* авснаа буцааж өгнө үү» гэлээ. 12  Тэгэхэд тэд: «Бид тэднээс авсан бүхнээ буцааж өгөөд өөр юу ч нэхэхгүй. Яг таны хэлснээр хийнэ» гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж ирүүлээд тэдний дэргэд тэр буруутай хүмүүсээс амласнаа биелүүлнэ гэсэн ам өчиг авав. 13  Би өврөө сэгсрэн «Жинхэнэ Бурхан амлалтаа биелүүлээгүй бүх хүнийг үүн шиг сэгсрэг. Бурхан тэр хүнийг гэр орон, эд хөрөнгөөс нь салгаг» гэж тэдэнд хэлсэн юм. Тэгэхэд бүх чуулган: «Амен*!» гэж хэлснийхээ дараа Еховаг магтлаа. Хүүтэй мөнгө зээлүүлсэн хүмүүс тангарагласнаа биелүүлэв. 14  Намайг Иуда мужийн захирагчаар томилогдсон өдрөөс хойш буюу Артаксеркс хааны 20 дугаар оноос 32 дугаар он хүртэлх 12 жилийн хугацаанд би ч, зарц нар маань ч захирагчдад зориулсан хангамжийн хоол хүнснээс идээгүй. 15  Миний өмнөх захирагчид ард олны нуруун дээр хүнд ачаа үүрүүлж талх, дарсны төлөө өдөр бүр 40 мөнгөн шекел* авч байсан. Зарц нар нь ч бас ард түмнийг дарлаж байв. Харин би Бурхнаас эмээсэн учир тийм юм хийгээгүй. 16  Түүнээс гадна би хэрэм барих ажилд гар бие оролцсон. Мөн миний бүх зарц тэнд ажилласан бөгөөд бид ядуу хүний талбайг аваагүй. 17  Иудейчүүд, түшмэд нийлсэн 150 хүнээс гадна биднийг зорьж ирсэн бусад үндэстний хүмүүс надтай цуг хооллодог байв. 18  Би өөрийнхөө зардлаар өдөр бүр нэг үхэр, зургаан шилмэл хонь, шувуудыг бэлдүүлж байлаа. Мөн 10 хоногт нэг удаа бүх төрлийн дарснаас элбэг дэлбэг өгдөг байсан. Хэдий тийм ч би захирагчдын авах эрхтэй хангамжийн хүнсийг авъя гэж шаарддаггүй байв. Яагаад гэвэл ард олон угаасаа хүнд ачаа үүрч байлаа. 19  Бурхан минь, энэ ард түмний тусын тулд хийсэн бүхний минь төлөө намайг санаж, ивээгээч.

Зүүлт

Үгч. «Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил.»
Эсвэл «мөнгө хүүлэх»
Сар болгоны хүү
Эсвэл «Ёсоор болтугай»
1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.