Нехемиа 6:1–19

  • Эсэргүүцэл үргэлжилсээр байв (1-14)

  • Хэрмийг 52 хоногт сэргээн барив (15-19)

6  Хэрмийг сэргээн барьж, нэг ч зай завсар үлдээгээгүйг (дааман хаалгануудад хавтсыг нь хараахан хийж дуусаагүй байсан үе) Санбаллат, Тобиа, араб хүн Гешем болон бусад дайсан мэдсэн билээ.  Санбаллат, Гешем хоёр тэр даруйдаа надад захидал илгээж «Бүгдээрээ Оногийн тал дахь аль нэг тосгонд уулзацгаая!» гэв. Үнэн хэрэгтээ тэд надад хор хүргэхээр төлөвлөсөн байлаа.  Би тэдэн рүү элчүүдээ илгээж «Би их чухал ажилтай байгаа тул очиж чадахгүй. Яагаад та нар дээр очиж ажлаа зогсоох ёстой билээ?» гэж хэлүүлэв.  Тэд дээрхтэй адил захидлыг над руу дөрвөн удаа илгээсэн бөгөөд тэр болгонд нь би ийн хариулдаг байв.  Санбаллат тав дахь удаагаа адилхан үгтэй захидлыг зарцаараа явуулсан юм. Зарцынх нь гарт битүүмжлээгүй захидал байлаа.  Тэр захидалд «Үндэстнүүдийн дунд яриа гарч, Гешем ч бас хэлж байна. Чамайг болон иудейчүүдийг бослого гаргахаар хуйвалдсан гэцгээж байна. Тэдний ярьж байгаагаар, та нар хэрэм барьж, чи хаан нь болох гэнэ.  Бас чи өөрийнхөө талаар “Иуда хаантай боллоо!” гэж Иерусалим даяар тунхаглуулахаар зөнчдийг томилсон юм байна. Одоо энэ цуурхал хааны сонорт хүрнэ. Ийм учраас хүрээд ир, хамт хэлэлцье» гэсэн байлаа.  Би хариуд нь «Таны ярьж байгаа шиг зүйл ерөөсөө болоогүй. Та эдгээрийг санаанаасаа зохиож байна» гэсэн юм.  Тэд бүгдээрээ биднийг айлгахыг оролдож, өөр хоорондоо «Иудейчүүд шантарч, ажил нь зогсоно» гэж ярьж байв. Тиймээс би: «Бурхан минь, намайг зоригжуулаач*» гэж залбирлаа. 10  Тэгээд би гэрийн хорионд байсан Мехетабелын ач хүү, Делаиагийн хүү Шемаиа дээр очиход тэрбээр: «Тэд чамайг алахаар шөнө ирэх учраас хоёулаа цаг товлон жинхэнэ Бурхны өргөөнд, сүм дотор хаалгыг нь дотроос нь түгжиж байгаад уулзъя» гэв. 11  Тэгэхэд нь би: «Над шиг хүн зугтана гэж үү? Над шиг хүн сүмд орлоо гээд амьд үлдэнэ гэж үү? Би тийшээ орохгүй!» гэж хариулав. 12  Тэгэхэд би Шемаиаг Бурхан илгээгээгүйг, харин Тобиа, Санбаллат хоёр намайг мэхлэхийн тулд түүнийг хөлсөлснийг ойлгов. 13  Намайг айж, нүгэл үйлдэнэ гэж бодон түүнийг хөлсөлжээ. Тийнхүү тэд намайг буруутган, нэр хүндийг маань унагаах гэсэн юм. 14  Би: «Бурхан минь, Тобиа, Санбаллат хоёрын хийсэн бүхнийг битгий мартаарай. Бас үргэлж намайг айлгахыг оролддог зөнч эмэгтэй Ноадиа болон бусад зөнчийг битгий мартаач!» гэж залбирав. 15  Хэрэм барих ажил 52 хоногийн дотор, Елул* сарын 25-нд дууслаа. 16  Үүнийг дайснууд сонсож, эргэн тойрны бүх үндэстэн үзээд нүүр хийх газаргүй болов. Энэ ажлыг Бурхны тусламжтайгаар хийснийг тэд ойлгожээ. 17  Тухайн үед Иудагийн язгууртнууд Тобиад олон захидал илгээж, Тобиа ч тэдэнд хариу бичдэг байв. 18  Иудагийн олон хүн Тобиад үнэнч байх тангараг өргөжээ. Яагаад гэвэл тэрбээр Арагийн хүү Шеканиагийн хүргэн бөгөөд хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн юм. 19  Бас тэд надад Тобиагийн талаар үргэлж сайнаар яриад зогсохгүй миний ярьсныг түүнд хэлдэг байв. Тийм учраас Тобиа надад сүрдүүлсэн захидал явуулдаг байлаа.

Зүүлт

Үгч. «миний гарыг хүчирхэгжүүлээч»
Хавсралт Б15-ыг үзнэ үү.