Нехемиа 9:1–38

  • Хүмүүс нүглээ илчлэв (1-38)

    • Ехова ууч Бурхан (17)

9  Уг сарын 24-ний өдөр израйлчууд цуглаад таар нөмөрч, мацаг барин толгой дээрээ шороо цацав.  Израйлчуудын үр удам харь үндэстнүүдээс салж зогсон өөрсдийнхөө нүгэл, эцэг өвгөдийнхөө гэм бурууг илчилжээ.  Тэд байрандаа зогссон хэвээр Ехова Бурхныхаа Хуулийн номоос гурван цаг чанга уншив. Дараа нь гурван цаг нүглээ илчлэн Ехова Бурхандаа сөгдөн мөргөж байлаа.  Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани, Хенани нар левичүүдийн тавцан дээр зогсоод Ехова Бурхандаа чанга залбирав.  Леви хүмүүс болох Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа, Петахиа нар: «Босож зогсоод Ехова Бурхнаа үүрд мөнхөд магтагтун» гээд «Бурхан минь, магтаж баршгүй агуу нэрээ тэднээр магтуулаач.  Ехова, та бол цорын ганц Бурхан. Та тэнгэрийг, хамгийн дээд тэнгэрийг, тэнд байдаг бүхнийг*, газар дэлхийг, түүн дээр оршигч бүхнийг, далай тэнгисийг, тэнд оршигч бүхнийг бүтээсэн билээ. Та тэднийг амьд байлгадаг ба тэнгэрт оршигч бүхэн* танд сөгдөн мөргөдөг.  Ехова, та бол жинхэнэ Бурхан билээ. Та Абрамыг сонгон халдеичуудын Ур хотоос гаргаж, Абрахам гэдэг нэр хайрласан.  Та чин үнэнч байсныг нь хараад түүнд болон үр удамд нь канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, иебусчууд, гиргашчуудын газар нутгийг өгнө гэж гэрээ байгуулсан. Та үнэнч шударга учир амлалтаа биелүүлсэн.  Та манай эцэг өвгөдийн Египетэд зовж байгааг харж, Улаан тэнгисийн дэргэд тусламж гуйн хашхирахыг нь сонссон. 10  Тэгээд фараоныг бүх албат, ард түмэнтэй нь шийтгэн тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэн. Яагаад гэвэл тэд таны ард түмнийг дарлан зовоосон билээ. Та нэрээ алдаршуулсан бөгөөд таны нэр өнөөг хүртэл дуурьсагддаг. 11  Та ард түмнийхээ нүдэн дээр тэнгисийг хуваахад, тэд тэнгисийн дундуур хуурай газраар гарсан. Харин мөшгөгчдийг нь хөөсрөн шуугиж буй ус руу чулуу шидэх мэт тэнгисийн гүнд хаясан билээ. 12  Та ард түмнээ өдөр нь үүлэн баганаар удирдаж, шөнө нь явах ёстой замыг нь галан баганаар гэрэлтүүлж байсан. 13  Та Синаи уулан дээр буун ирж, тэнгэрээс тэдэнтэй ярьсан. Шударга зарлиг, үнэн хууль*, тушаал, зөв хэм хэмжээгээ мэдүүлсэн. 14  Бас ариун Амралтын өдрөө мэдүүлсэн ба үйлчлэгч Мосегоороо дамжуулан тушаал, хэм хэмжээ, хуулиа өгсөн. 15  Өлсөхөд нь тэнгэрээс талх өгч, ундаасахад нь хаднаас ус гаргаж өгсөн. Бас та тэдэнд өөрийнхөө өгнө гэж амласан нутаг руу ороод эзлэн авахыг тушаасан. 16  Гэвч бидний эцэг өвгөд том толгойлж, гөжүүдлэн таны хууль тушаалыг сонсоогүй. 17  Тэд таныг үл сонсон, өөрсдийнх нь төлөө үйлдсэн гайхамшгуудыг тань санаагүй. Бас Египетэд боолчлогдохоор буцна гэж зөрүүдлэн удирдагчийг томилсон. Гэхдээ та уучлахад бэлэн, өрөвч, өршөөнгүй, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам Бурхан бөгөөд тэднийг орхиогүй. 18  Тэд өөрсдөдөө тугалын хөшөө* хийгээд “Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” гэж хэлэн таныг асар ихээр доромжилсон. 19  Гэлээ ч та агуу өршөөнгүй учраас цөлд тэднийг хаяагүй. Явах ёстой замыг нь өдөр нь үүлэн баганаар чиглүүлж, шөнө нь галан баганаар гэрэлтүүлж байлаа. 20  Та агуу хүчээрээ тэдэнд ойлгон ухаарах чадвар өгсөн. Тэднээс маннаг харамлаагүй. Ундаасахад нь ус өгсөн. 21  Цөлд 40 жил хоол хүнсээр хангасан. Тэд юугаар ч дутагдаж гачигдаагүй, хувцас нь ч элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй. 22  Та улс орнууд, ард түмнүүдийг тэдэнд хэсэг хэсгээр нь хувааж өгсөн учраас тэд Хешбоны хаан Сихоны нутаг, Башаны хаан Огийн нутгийг эзлэн авсан. 23  Та үр удмыг нь тэнгэрийн одод мэт олон болгосон. Бас эцэг өвгөдөд нь өгөхөөр амласан нутагт, эзэмших ёстой нутагт нь аваачсан. 24  Тиймээс үр удам нь тэр нутгийг эзэлж авсан юм. Та тэдний нүдэн дээр канаанчуудыг бут цохиж, хаад болон тэр нутгийн ард түмнийг тэдний мэдэлд өгч, хүссэнээ хийхийг нь зөвшөөрсөн. 25  Тэд бэхлэгдсэн хотууд, үржил шимтэй газруудыг эзлэн авч, сайхан бүхнээр дүүрэн гэрүүд, ухсан худгууд, усан үзмийн талбайнууд, чидун модод, жимсний асар олон модыг эзэмшсэн. Тэд цадталаа идэж, таргалан, таны өгсөн сайн сайхан бүхэнд умбасан. 26  Гэсэн ч тэд танд дуулгаваргүй болж тэрслэн, Хуулийг тань дагаагүй*. Тан руу буцааж авчрах гэж ятгасан зөнчдийг тань алж, танд туйлын хүндэтгэлгүй хандсан. 27  Тиймээс өөрсдийг нь дарлаж байсан дарлагчдынх нь мэдэлд та тэднийг өгсөн билээ. Зовж шаналаад тан руу хашхирахад нь та тэнгэрээс сонссон. Та агуу их өршөөнгүй сэтгэлтэй учраас дайсных нь савраас аврахаар аврагчдыг илгээсэн билээ. 28  Гэвч тэд зовлонгоос ангижирмагцаа дахин таны үзэн яддаг юмыг үйлдсэн. Тэгэхэд нь та дайснуудынх нь гарт өгч, дарлуулсан. Тэд тан руу эргэж тусламж гуйн дуудахад та асар их өршөөнгүй учир тэнгэрээс сонсож тэднийг дахин аварсан. 29  Та хуулиа дахин сахиулах гэсэндээ тэдэнд сануулсан боловч тэд сонсолгүй, ихэрхэг бардам загнаж, амь өгөх чадалтай хууль тушаал, хэм хэмжээг тань уландаа гишгэн нүгэл үйлдсэн. Тэд зөрүүдлэн муйхарлаж, сонсоогүй юм. 30  Та олон жил тэднийг тэвчин, агуу хүчээ өгсөн зөнчдөөрөө ард түмэндээ анхааруулж байсан боловч тэд сонсоогүй. Эцэст нь тэднийг үндэстнүүдийн эрхшээлд оруулсан. 31  Та агуу өршөөнгүй учраас тэднийг устгаагүй, хөсөр хаяагүй юм. Та өрөвч, өршөөнгүй Бурхан билээ. 32  Тиймээс Бурхан минь ээ, агуу, хүчирхэг, бишрэм бөгөөд гэрээгээ сахиж, үнэнчээр хайрладаг Бурхан минь ээ, бидний туулсан зовлонг болон манай хаад, удирдагчид, тахилчид, зөнчид, эцэг өвгөд гээд Ассирийн хааны үеэс өнөөг хүртэлх ард түмнийхээ туулсан бүх зовлонг бүү мартаач. 33  Бидний үзэж туулсан бүх зовлонд та буруугүй. Учир нь та үнэнч шударгаар үйлддэг билээ. Харин бид бузар мууг үйлдсэн. 34  Манай хаад, ноёд, тахилчид, эцэг өвгөд таны хуулийг сахиагүй, тушаалыг тань дагаагүй, өгсөн сануулгыг тань үл тоомсорлосон. 35  Тэд өөрсдийн гэсэн хаадтай, таны өгсөн сайн сайхан бүхнийг эдэлж, өргөн уудам, үржил шимтэй нутагт амьдарч байсан ч танд үйлчлээгүй, бузар мууг үйлдэхээ болиогүй. 36  Тиймээс одоо бид энд боолчлогдож байна. Үр жимс, сайн сайхныг нь хүртэг гээд эцэг өвгөдөд маань таны өгсөн энэ нутагт бид боолчлогдож байна. 37  Бид нүгэл үйлдсэн тул энэ нутгийн арвин их ургац бидний дээр таны тавьсан харийн хаадынх болдог. Тэд биднийг ч, мал сүргийг маань ч хүссэнээрээ захирч, эзэмшдэг. Бид туйлын их зовж байна. 38  Тиймээс энэ бүхнээс үүдээд бид бичгээр гэрээ хийж манай удирдагчид, левичүүд, тахилчид тамгаа дарж баталгаажууллаа» гэв.

Зүүлт

Үгч. «тэнгэрийн армийг»
Үгч. «тэнгэрийн арми»
Эсвэл «найдвартай хууль»
Эсвэл «металл тугал», «цутгамал тугал»
Үгч. «таны Хуулийг нурууныхаа араар хаясан»