Ромчуудад бичсэн захидал 2:1–29

  • Иудей болон грекчүүдийг Бурхан шүүнэ (1-16)

    • Сайн мууг ялгах төрөлхийн чадвар (14, 15)

  • Иудейчүүд болон Хууль (17-24)

  • Зүрхнийхээ хөвчийг таслуулах (25-29)

2  Тиймээс та хэн ч байсан, бусдыг буруутгадаг бол өөрийгөө өмгөөлөх аргагүй. Яагаад гэвэл буруу юм хийдэг байж бусдыг буруутгадаг бол өөрийгөө буруутгаж байгаа хэрэг.  2  Буруу юм хийдэг хүнийг Бурхан үнэн зөв шүүнэ гэдгийг бид мэддэг. 3  Буруу юм хийдэг атлаа буруу юм хийдэг хүнийг шүүмжилдэг таныг Бурхан шүүхгүй гэж үү?  4  Эсвэл сайхан сэтгэлтэй Бурхан таныг гэмшээсэй гэж хүсдэгийг мэдэхгүй болоод уужим сэтгэлээр энэрч, хүлцэн тэвчдэгийг нь үл хайхрах уу?  5  Үнэндээ та зөрүүдлэн, гэмших хүсэлгүй байгаагаараа Бурхны уурыг хүргэх юм хийж байна. Бурхан шударга шүүх өдрөө танд уурлан хилэгнэнэ.  6  Бурхан хүн бүрийг үйл хэргийнх нь дагуу шүүнэ.  7  Тиймээс сайн үйлсийг шантрахгүй хийж, алдар хүндтэй, усташгүй биетэй болохыг хүсдэг хүнд мөнх амь өгнө.  8  Харин өрсөлдөөнч, үнэний замаар явдаггүй, муу юм хийдэг хүнд уурлан хилэгнэнэ.  9  Муу юм хийдэг хүн бүр, юуны өмнө иудейчүүд, тэгээд грекчүүд зовж шанална.  10  Харин сайн юм хийдэг хүн бүр, юуны өмнө иудейчүүд, тэгээд грекчүүд алдар хүндтэй, амар тайван байх болно.  11  Учир нь Бурхан хэнийг ч алаг үздэггүй. 12  Хуулийг мэдэхгүйгээр нүгэл үйлдсэн хүнийг хуулийн дагуу биш боловч шийтгэнэ. Харин хуулийг мэдсээр байж нүгэл үйлдсэн бол хуулийн дагуу шийтгэнэ.  13  Хуулийг сонсдог хүнийг бус, харин сахидаг хүнийг Бурхан шударга сайн гэж үздэг.  14  Харь үндэстнүүд Бурхны хуулийг мэддэггүй ч өөрийн эрхгүй сахидаг нь тэр хууль тэдний дотор байдгийн баталгаа юм.  15  Бурхны хууль зүрх сэтгэлд бичигдсэн байдгийг тэд харуулдаг. Тэд оюун ухаанаараа өөрсдийгөө буруутгадаг эсвэл зөвтгөдөг нь сайн мууг ялгах төрөлхийн чадвартай гэсэн үг.  16  Миний тунхагладаг сайн мэдээгээр бол хэлсэн зүйл минь Бурхан хүн төрөлхтний нууцаар үйлдсэн юмыг Христ Есүсээр шүүлгэх үед биелнэ. 17  Иудей гэгддэг та хуульд найддаг, Бурхнаар сайрхдаг бөгөөд  18  Бурхан юу хүсдэгийг мэддэг, Хуулийг заалгасныхаа* ачаар чухал зүйлийг ойлгодог гэдэгтээ итгэлтэй байдаг.  19  Мөн та сохруудын газарч, харанхуйд байгчдын гэрэл,  20  мунхаг хүмүүсийн сургагч, балчир хүүхдүүдийн багш, Хуульд байдаг үнэнийг ойлгодог, үндсэн мэдлэгийг олж авсан гэдэгтээ итгэлтэй байдаг.  21  Тэгвэл бусдад заадаг та яагаад өөртөө заадаггүй юм бэ? «Хулгай бүү хий» гэж сургадаг та яагаад өөрөө хулгай хийдэг юм бэ?  22  «Завхайрч болохгүй» гэж сургадаг та яагаад өөрөө завхайрдаг юм бэ? Та шүтээнүүдийг жигшдэг байж яагаад сүмийг тонодог юм бэ?  23  Та хуулиар сайрхдаг хэрнээ яагаад Хууль зөрчиж Бурхныг гутаадаг юм бэ?  24  «Бурхны нэр та нараас болж харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж бичигдсэнчлэн болж байна. 25  Хууль сахидаг хүн л хөвч таслуулсны ач тусыг үзнэ. Харин хууль зөрчдөг бол хөвч таслуулсны хэрэг гарахгүй.  26  Харин хөвчөө таслуулаагүй хүн Бурхны Хуулийг сахидаг бол хөвчөө таслуулсанд тооцогдоно шүү дээ.  27  Та Хуультай бөгөөд хөвчөө таслуулсан хэдий ч хууль зөрчдөг бол хөвчөө таслуулаагүй хэдий ч хууль сахидаг хүн таныг шүүнэ.  28  «Би иудей хүн» гэж хэлснээрээ, эсвэл хөвчөө таслуулснаараа жинхэнэ иудей хүн болчихгүй.  29  Зүрх сэтгэлээрээ иудей, хуулиар бус харин Бурхны агуу хүчний нөлөөгөөр зүрхнийхээ хөвчийг таслуулсан хүн л жинхэнэ иудей хүн мөн. Тийм хүн хүмүүсээс бус, Бурхнаас магтаал хүртэнэ.

Зүүлт

Эсвэл «яриулж заалгасныхаа»