Ромчуудад бичсэн захидал 6:1–23

  • Христ рүү баптисм хүртээд шинэ амьдралтай болох (1-11)

  • Нүгэлд биеэ бүү захируул (12-14)

  • Нүглийн боол байхаа больж Бурхны боол болох (15-23)

    • Нүглийн хөлс бол үхэл, Бурхны бэлэг бол амь (23)

6  Тэгвэл юу гэж хэлэх вэ? Бурхан биднийг бүр их нигүүлсээсэй гээд нүгэл үйлдээд байх хэрэг үү?  2  Яалаа гэж! Бид нүглээс чөлөөлөгдсөн* учир яаж нүгэл үйлдээд байх юм бэ?  3  Эсвэл Христ Есүс рүү баптисм хүртсэн бид бүгдээрээ түүний үхэл рүү бас баптисм хүртсэнийг та нар мэдэхгүй гэж үү?  4  Түүний үхэл рүү баптисм хүртсэн болохоор Бурхан биднийг түүнтэй хамт оршуулсан. Энэ нь агуу хүчээрээ Христийг амилуулсан шигээ биднийг шинэ амьдралтай болгох гэснийх юм.  5  Хэрэв бид түүн шиг үхсэн бол түүн шиг амилна. Ийнхүү бид түүнтэй нэгдэж байгаа хэрэг.  6  Учир нь хуучин бие маань түүнтэй хамт шонд хадагдсан нь нүгэлт бие маань биднийг захирахаа больж, бид ч хойшид нүгэлд боолчлогдохгүйн тулд юм гэдгийг бид мэддэг.  7  Учир нь үхсэн хүн нүглээсээ чөлөөлөгддөг. 8  Түүнээс гадна, хэрэв бид Христтэй хамт үхсэн юм бол түүнтэй хамт амьдарна гэдэгтээ итгэдэг.  9  Учир нь үхээд амилсан Христ дахиж үхэхгүй бөгөөд үхэл түүнийг захирах эрхгүйг бид мэддэг.  10  Тэрээр нүглийг арилгахын тулд нэг л удаа үхсэн. Харин эдүгээ Бурхны төлөө амьд байгаа.  11  Үүнтэй адилаар, та нар нүглийн хувьд үхсэн, харин Христ Есүсийн дагалдагчийн хувьд Бурхны хүслийг үйлдэхийн тулд амьд байгаа гэж тооц. 12  Тиймээс үхдэг биеийнхээ хүсэлд дийлдэхгүйн тулд хаан мэт нүгэлд биеэ бүү захируул.  13  Муу юм хийх зэвсэг болгон биеэ нүгэлд бүү зориул. Харин үхээд амилсан гэдгээ ухаарч өөрсдийгөө Бурханд зориул. Түүнчлэн, сайн юм хийх зэвсэг болгон биеэ Бурханд зориул.  14  Та нар хуульд захирагдахаа больж, харин Бурхны нигүүлслийг хүртсэн. Тиймээс нүгэл та нарыг захирах учиргүй. 15  Тэгэхээр яана гэсэн үг вэ? Хуульд захирагдахаа больж, Бурхны нигүүлслийг хүртсэн гээд нүгэл үйлдээд байх уу? Яалаа гэж!  16  Хэнд боол мэт дуулгавартай байна, түүний боол болдгийг та нар мэдэхгүй гэж үү? Нүглийн боол болбол үхнэ, харин Бурхны боол болж, дуулгавартай байвал шударга сайнд тооцогдоно.  17  Тиймээс бүгдээрээ Бурханд талархацгаая. Урьд нь та нар нүглийн боол байсан ч эдүгээ Бурхны сургаалыг* чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг.  18  Тийм ээ, та нар нүглийн боолчлолоос чөлөөлөгдсөнөөсөө хойш шударга сайны боол болсон.  19  Та нар махан биеийнхээ улмаас сул дорой учир би хүний ёсоор хэлье. Та нар биеэ муу юманд хүргэх цэвэр бус, муу муухай юмны боол болгосон. Тэгвэл одоо ариун юманд хүргэх шударга сайны боол болго.  20  Учир нь та нар нүглийн боол байхдаа шударга сайнаас ангид байсан. 21  Нүглийн боол байсны тань үр дагавар юу байв? Одоо бол та нар тийм юм хийхээс ичдэг. Тийм юм хийдэг хүн үхдэг.  22  Харин одоо нүглээс чөлөөлөгдөж, Бурхны боол болсон та нар ариун үйл хэргийнхээ үр дүнг үзэж байгаа бөгөөд эцэст нь мөнх амиар шагнуулна.  23  Учир нь нүглийн хөлс бол үхэл. Харин Бурхны бэлэг бол Эзэн Христ Есүсээр дамжуулан өгөх мөнх амь мөн.

Зүүлт

Үгч. «нүглийн хувьд үхсэн»
Үгч. «сургаалын хэв маягийг»