Ромчуудад бичсэн захидал 8:1–39

  • Агуу хүчний ачаар амь, эрх чөлөө (1-11)

  • Үрчилж авсныг агуу хүч гэрчилдэг (12-17)

  • Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдлэхээ бүтээл хүлээдэг (18-25)

  • «Агуу хүч бидний өмнөөс гуйдаг» (26, 27)

  • Бурхан урьдаас сонгосон (28-30)

  • Хайрладаг Бурхныхаа ачаар ялдаг (31-39)

8  Тиймээс Христ Есүстэй санаа нэг байдаг хүмүүс буруутгагдахгүй.  Яагаад гэвэл Христ Есүсээр дамжуулан амь өгдөг агуу хүчний хууль та нарыг нүгэл, үхлийн хуулиас чөлөөлсөн.  Хүмүүс төгс бусаасаа болоод Хуулийг чанд сахиж чадаагүй бөгөөд Хууль хүмүүсийг бүрэн гүйцэд авраагүй. Харин Бурхан нүглийг арилгахын тулд Хүүгээ нүгэлт хүнтэй адил болгон илгээж, Хуулийн хийж чадаагүйг хийсэн. Ингэж махан бие дэх нүглийг буруутгадаг юм.  Тиймээс Хуулийн шударга шаардлагыг биелүүлье гэвэл бид махан биедээ захирагдалгүй Бурхны агуу хүчээр удирдуулах хэрэгтэй.  Махан биедээ захирагдаж амьдардаг хүн махан биеийн юмыг боддог. Харин Бурхны агуу хүчээр удирдуулж амьдардаг хүн Бурхны агуу хүчинд таалагдах юмыг боддог.  Махан биеийн юмыг боддог хүн үхнэ. Харин Бурхны агуу хүчинд таалагдах юмыг боддог хүн амьд явна, амар тайван* байна.  Яагаад гэвэл махан биеийн юмыг бодох нь Бурхны дайсан болж байгаа хэрэг. Махан бие нь Бурхны хуульд захирагддаггүй, захирагдаж чадах ч үгүй.  Тиймээс махан биедээ захирагддаг хүн Бурханд таалагдаж чадахгүй.  Хэрэв Бурхны агуу хүч та нарын дотор байдаг бол та нар өөрсдийнхөө махан биедээ биш, харин тэр хүчинд захирагддаг хэрэг. Харин Христтэй адил боддоггүй* хүн Христийнх биш юм. 10  Хэрэв та нар Христтэй санаа нэг байдаг бол нүглийн улмаас бие тань үхэх боловч шударга сайнд тооцогдсон учраас агуу хүч та нарт амь өгнө. 11  Есүсийг амилуулсан тэр нэгний агуу хүч та нарын дотор байдаг бол Христ Есүсийг амилуулсан тэр нэгэн та нарын дотор оршдог агуу хүчээрээ үхэх биед тань амь өгнө. 12  Тиймээс ах дүү нар аа, биелүүлэх ёстой үүрэг бидэнд байдаг ч, махан биедээ захирагдах нь бидний үүрэг биш. 13  Махан биедээ захирагдаж амьдарвал үхэх нь гарцаагүй. Харин биеийнхээ үйлсийг агуу хүчээр үхүүлбэл амьдарна. 14  Учир нь Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүмүүс бол Бурхны хөвгүүд юм. 15  Бурхан биднийг агуу хүчээрээ боолчилдоггүй, айлгадаггүй. Харин агуу хүчээрээ хөвгүүдээ болгон үрчилж авсан. Бид тэр хүчээр удирдуулан «Абба*, Эцэг минь» гэж дууддаг. 16  Бурхны агуу хүч бидэнд* Бурхны хүүхэд болсныг гэрчилдэг. 17  Бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчид нь бас мөн. (Тийм ээ, бид Бурхны өв залгамжлагчид. Гэхдээ Христтэй хамт өв залгамжилна.) Бид Христтэй хамт зовдог юм бол Христтэй хамт алдаршуулагдана. 18  Бидэнд илчлэгдэх алдрыг бодохоор одоогийн зовлон юу ч биш юм шиг санагддаг. 19  Бурхны хөвгүүд илчлэгдэх тэр цагийг бүтээл тэсэн ядан хүлээж байна. 20  Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр хоосонд захирагдаагүй. Харин хоосонд захирагдахыг нь Бурхан зөвшөөрчээ. Гэхдээ найдвар өгсөн. 21  Энэ найдвараар бол бүтээл ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ. 22  Яагаад гэвэл бүх бүтээл өнөөдрийг хүртэл ёолж, зовж шаналж байгаа. 23  Түүнчлэн, тэнгэр дэх өвийнхөө эхний хэсэг* болгон агуу хүчийг авчихсан бид ч гэсэн Бурхны хөвгүүд болж үрчлэгдээд золиосны ачаар биеэсээ ангижрахаа тэсэн ядан хүлээнгээ ёолдог. 24  Бурхан биднийг нүглээс аврахад бид ийм найдвар өвөрлөсөн. Гэхдээ найдвар нь биелэхийг үзэхлээр найдах шаардлагагүй болдог. Нэгэнт биелчихсэн бол найдах хэрэггүй болно биз дээ? 25  Харин бид үзэж хараагүй зүйлд найддаг бол түүнийгээ тэвчээртэй хүлээдэг. 26  Үүнчлэн, Бурхны агуу хүч сул дорой бидэнд тусалдаг. Залбирах ёстойгоо мэддэг ч юу гэж залбирахаа мэдэхгүй үед, тэр бүү хэл, ямар үгээр сэтгэл санаагаа илэрхийлэхээ мэдэхгүй байхад агуу хүч бидний өмнөөс гуйдаг. 27  Агуу хүч юу гуйж байгааг зүрхийг шалгадаг Бурхан мэддэг. Учир нь агуу хүч ариун хүмүүсийн төлөө, Бурхны таалалд нийцдэг зүйлийг гуйдаг. 28  Бурхан өөрийг нь хайрладаг, санаа зорилгынхоо дагуу сонгосон хүмүүсийн сайн сайхны төлөө бүх үйл хэргээ уялдуулан зохицуулдгийг бид мэддэг. 29  Бурхан хүмүүсийг сонгохоо урьдаас мэдэж байсан бөгөөд тэднийг Хүүтэйгээ адил болгохоор шийдсэн. Энэ нь Хүүгээ ах дүүгийнх нь дунд ууган болгохын тулд байжээ. 30  Түүнээс гадна, Бурхан мэдэж байсан хүмүүсээ сонгосон, сонгосон хүмүүсээ шударга сайнд тооцсон. Шударга сайнд тооцсон хүмүүсээ алдаршуулсан. 31  Тэгвэл энэ талаар бид юу хэлэх вэ? Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэж чадах юм бэ? 32  Бурхан Хүүгээ харамлалгүй золиос болгон бидэнд өгсөн. Тэгвэл Бурхан болон Хүү нь бидэнд бусад бүх юмыг дуртайяа өгөхгүй гэж үү? 33  Бурхны сонгосон хүмүүсийг хэн буруутгах вэ? Тэднийг шударга сайнд тооцсон нэгэн нь Бурхан шүү дээ. 34  Мөн хэн ч тэднийг яллахгүй. Учир нь үхээд амилуулагдаж, Бурхны баруун талд заларсан Христ Есүс биднийг өмгөөлдөг. 35  Христ биднийг хайрлахад юу саад болох юм бэ? Гамшиг, зовлон, хавчлага, өлсгөлөн, ядуурал*, аюул, илд саад болох уу? 36  «Таны төлөө бид үхэлтэй үргэлж нүүр тулгардаг. Биднийг нядлагдах хонинд тооцсон» гэж бичсэн байдаг. 37  Гэхдээ биднийг хайрладаг нэгний ачаар энэ бүхнийг ялдаг. 38  Үхэл ч, амь ч, тэнгэрийн элч ч, төр засаг ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, 39  өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл Бурхан биднийг Эзэн Христ Есүсээр маань дамжуулан хайрлахад саад хийж чадахгүй гэдэгт би итгэдэг.

Зүүлт

Эсвэл «Бурхантай эвтэй»
Грекээр «пневма». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.
Хүүхэд аавыгаа дотночлон, хүндэтгэж харьцахдаа хэлдэг арамей үг
Энэ нь доторх хүнийг хэлдэг. Грекээр «бидний пневмад». Үгийн тайлбараас «Хүч»-ийг үзнэ үү.
Үгч. «анхны үр жимс»
Үгч. «нүцгэн»