Ромчуудад бичсэн захидал 9:1–33
9 Христийн дагалдагчийн хувьд би үнэн ярьж байгааг агуу хүчээр удирдуулдаг хүн чанар минь гэрчилж байна.
2 Юу гэвэл би туйлын их энэлэн шаналж, байнга зовж байна.
3 Болдог бол, би ах дүү болох ард түмнийхээ төлөө Христээс салгагдаж, хараал болох юм сан.
4 Тэд бол израйлчууд. Бурхан тэднийг үрчлэн авч, алдар хүнд, гэрээ, Хуулиа өгч, өөрт нь ариунаар үйлчлэх завшаан олгож, амлалтуудаа өгсөн билээ.
5 Тэдний өвөг дээдэс бол Христийн өвөг дээдэс билээ. Бүхнийг захирагч Бурхан мөнхөд магтагдах болтугай. Амен.
6 Гэхдээ энэ нь Бурхны үг биелэхээ больсон хэрэг биш юм. Учир нь израйл удамтай бүх хүн жинхэнэ «израйл» биш.
7 Тэд Абрахамын үр удам мөн боловч бүгдийг нь Абрахамын үр удам гэж Бурхан үздэггүй. Харин «Чиний үр удам гэгдэх хүмүүс Исаакаас гарна» гэжээ.
8 Иймээс Абрахамын хүүхдүүдийг бүгдийг нь Бурхны хүүхэд гэхгүй. Харин амласны дагуу төрсөн хүүхдүүдийг л Абрахамын үр удам гэж Бурхан тооцдог.
9 Учир нь Бурхан: «Хойтон өдийд намайг ирэхэд Сара хүүтэй болно» гэж амласан.
10 Үүнээс гадна, бидний өвөг дээдэс Исаакийн ихэр хүүхдийг Ребека төрүүлэх гэж байхад Бурхан бас амлалт өгсөн шүү дээ.
11 Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, сайн муу ямар ч юм хийгээгүй байхад нь Бурхан хэрхэн сонгохоо шийдчихсэн бөгөөд энэ нь хүн юу хийхээс шалтгаалаагүй. Бурхан таалсан нэгнээ сонгодог.
12 Энэ талаар «Ах нь дүүгийнхээ боол болно» гэж Ребекад хэлсэн.
13 Түүнчлэн, «Би Иаковыг хайрласан. Харин Есавыг үзэн ядсан» гэж хэлсэн байдаг.
14 Тэгвэл бид юу хэлэх вэ? Бурхан шударга бус болж байна уу? Яалаа гэж!
15 Учир нь Бурхан Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Энэрэх хүнээ энэрнэ» гэж айлдсан.
16 Тэгэхээр, хүн хүсээд эсвэл хичээгээд сонгогддог юм биш, харин Бурхан өршөөнгүй учраас сонгодог ажээ.
17 «Би чамаар дамжуулан хүчээ үзүүлж, дэлхий дахинд нэрээ тунхаглахын тулд чамайг амьд үлдээсэн» гэж фараонд хэлснийг Сударт тэмдэглэсэн байдаг.
18 Тиймээс Бурхан таалсан хүнээ өрөвдөн энэрдэг ч, зарим хүнийг зөрүүдлэн гөжүүдлэхэд нь саад хийдэггүй.
19 Тэгэхээр та бүхэн надад «Яагаад Бурхан одоо ч гэсэн хүмүүсийг буруутгаад байгаа юм бэ? Учир нь Бурхны шийдвэрийг хэн эсэргүүцэж чадах юм бэ?» гэх байх.
20 Бурхны өөдөөс юм хэлдэг та хэн бэ? Баримал нь барималчиндаа «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг үү?
21 Ваарчин нь шаврынхаа нэг хэсгээр чамин гоё ваар, нөгөөгөөр нь жирийн ваар хийх эрх мэдэлгүй гэж үү?
22 Хэрэв Бурхан муу хүмүүст уур хилэнгээ буулгаж, хүч чадлаа үзүүлэхийг хүсэж байсан ч устгавал зохих савтай зүйрлэм, шийтгүүлбэл зохих хүмүүсийг хүлцэн тэвчсэн бол юу гэх вэ?
23 Ингэсэн нь алдарт зориулж бэлтгэсэн савтай зүйрлэм, энэрэл өршөөлийг нь хүртэх зохистой хүмүүст алдар хүндээ мэдүүлэхийн тулд байсан юм.
24 Өөрөөр хэлбэл, иудейчүүдээс төдийгүй харь үндэстнүүдээс сонгогдсон бидэнд алдар хүндээ харуулах гэснийх юм.
25 Хосеа номонд ч «Минийх байгаагүй ард түмнийг “Миний ард түмэн”, хайрлуулаагүй эмэгтэйг “Хайрлагдсан” гэх болно.
26 Мөн “Та нар миний ард түмэн биш” гэж хаана хэлсэн, тэр газарт тэднийг “Амьд Бурхны хүүхдүүд” гэх болно» гэсэн үг нь байдаг.
27 Түүнээс гадна, Исаиа Израйлын тухай тунхаглахдаа «Израйлчуудын тоо далайн эргийн элс мэт байсан ч үлдсэн нь л аврагдана.
28 Ехова* дэлхий дээр шүүх ажиллагаа явуулна. Үүнийгээ бүрэн гүйцэд, хурдан шуурхай хийнэ» гэжээ.
29 Исаиа бас «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова* бидэнд үр удам үлдээгээгүй бол бид Содом болон Гоморра шиг л болох байсан» гэж зөгнөсөн байдаг.
30 Тэгвэл бид юу гэх вэ? Харь үндэстнүүд шударга сайн байх гэж хичээгээгүй боловч итгэсэн учир Бурхан тэднийг шударга сайнд тооцсон.
31 Харин израйлчууд хууль сахиад шударга сайнд тооцогдохыг зорьж байсан ч хуулийн бүх заалтыг сахиж чадаагүй юм.
32 Яагаад? Яагаад гэвэл тэд итгэснээрээ биш, ажил үйлээрээ шударга сайнд тооцогдоно гэж бодож байсан. Тэд «бүдрүүлэх чулуунд» бүдэрчээ.
33 Энэ талаар «Би Сионд бүдрүүлэх чулуу, саад болох хадыг тавина. Гэхдээ түүнд итгэдэг хүн харамсахгүй» гэж бичсэн байдаг.