Рут 3:1–18

  • Наоми Рутэд зөвлөв (1-4)

  • Рут Боаз хоёр үтрэм дээр (5-15)

  • Рут Наоми дээр буцаж ирэв (16-18)

3  Хадам ээж Наоми нь Рутэд «Охин минь, би чамайг сайн сайхан явуулахын тулд гэр оронтой болгох ёстой биш гэж үү? 2  Боаз манай хамаатан. Шивэгчдийг нь чи бараадаж байсан шүү дээ. Тэр өнөө орой үтрэм дээр арвай шигшихээр очно. 3  Тийм болохоор биеэ угаан анхилуун үнэртэй тос түрхэж, хамгийн гоё хувцсаа өмсөөд үтрэм дээр оч. Боазыг идэж ууж дуустал нь тэнд байгаагаа битгий мэдэгдээрэй. 4  Хэвтэхэд нь хаана хэвтэхийг нь ажиглаарай. Тэгээд очиж, хөл хавийнх нь бүтээлгийг сөхөөд хэвт. Тэр чамд яах ёстойг чинь хэлнэ» гэв. 5  Рут: «Таны хэлсэн болгоныг би хийнэ» гэлээ. 6  Тэрбээр үтрэм рүү яваад хадам ээжийнхээ хэлсэн бүхнийг хийв. 7  Боаз идэж уун сэтгэл нь хөөрсөн байлаа. Тэгээд овоолсон тарианы захад хэвтэхээр явав. Рут сэмээрхэн очоод хөл хавийг нь сөхөөд хэвтжээ. 8  Шөнө дунд Боаз цочиж сэрээд өндийж хартал хөлд нь эмэгтэй хүн хэвтэж байв. 9  Боазыг «Чи хэн бэ?» гэхэд «Таны боол Рут байна. Та өвийг маань зольж авах эрхтэй учраас намайг дээлийнхээ хормойгоор хучна уу» гэв. 10  Боаз: «Охин минь, Ехова чамайг ивээг. Чи анхныхаасаа ч илүү үнэнч хайрыг илэрхийллээ. Баян, ядуу ямар ч залуугийн араас явсангүй. 11  Охин минь, бүү ай. Би хэлсэн болгоныг чинь хийнэ. Яагаад гэвэл энэ хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ. 12  Би өвийг чинь зольж авах эрхтэй нь үнэн. Гэхдээ тийм эрхтэй илүү ойрын хамаатан бас байгаа. 13  Өнөө шөнө эндээ хоно. Маргааш өглөө тэр зольж авна гэвэл аваг. Харин татгалзвал би өөрөө зольж авахаа амьд Бурхан Еховагаар тангараглаж байна. Өглөө болтол эндээ бай» гэлээ. 14  Ингээд Рут өглөө болтол Боазын хөлд хэвтжээ. Тэгээд гэгээ орж хүмүүс бие биеэ танихаас өмнө босов. Боаз: «Үтрэмд эмэгтэй хүн ирснийг хүмүүст мэдэгдэж болохгүй» гэлээ. 15  Тэрбээр Рутэд «Нөмрөгөө тайлаад дэлгээд барь даа» гэв. Рутийг нөмрөгөө дэлгэж барихад Боаз зургаан хэмжүүр* арвай хийгээд Рутэд үүрүүлэв. Дараа нь Боаз хот руу буцлаа. 16  Рутийг ирэхэд хадам ээж нь: «За охин минь, юу болов?» гэж асуулаа. Рут Боазын яасныг ээждээ нэг бүрчлэн ярьж өгөв. 17  Бас «Тэр надад зургаан хэмжүүр арвай өгөөд “Хадам ээж дээрээ гар хоосон очиж болохгүй” гэж хэлсэн» гэлээ. 18  Тэгэхэд хадам ээж нь: «Энэ явдал өнөөдөр шийдэгдтэл тэр амрахгүй. Яаж дуусахыг мэдтэлээ хүлээ, охин минь» гэжээ.

Зүүлт

6 сеа хэмжүүр бололтой. 44 л орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.