Тооллого 13:1–33

  • Канаан руу 12 туршуул илгээв (1-24)

  • 10 туршуул муу мэдээтэй ирэв (25-33)

13  Ехова Мосед  «Миний израйлчуудад өгөх гэж байгаа Канаан нутаг руу туршуулуудыг илгээ. Овог бүрээс нэг удирдагчийг илгээгтүн» гэв.  Тиймээс Мосе тэднийг Параны цөлөөс Еховагийн тушаасан ёсоор илгээв. Тэдгээр эрчүүд бүгдээрээ Израйлын удирдагчид байлаа.  Нэрсийг нь тоочвол: Реубен овгоос Заккурын хүү Шаммуа,  Симеон овгоос Хоригийн хүү Шафат,  Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб,  Иссахар овгоос Иосефын хүү Игал,  Ефраим овгоос Нуны хүү Хошеа,  Бениамин овгоос Рафугийн хүү Палти, 10  Зебулун овгоос Содигийн хүү Гаддиел, 11  Иосефын овгоос буюу Манассе овгоос Сусигийн хүү Гадди, 12  Дан овгоос Гемаллигийн хүү Аммиел, 13  Ашер овгоос Михаелын хүү Сетур, 14  Нафтали овгоос Вофсигийн хүү Нахби, 15  Гад овгоос Махигийн хүү Геуел байв. 16  Эдгээр нь Канаан нутгийг тандуулахаар Мосегийн илгээсэн туршуулуудын нэрс юм. Мосе Нуны хүү Хошеад Иошуа* гэдэг нэр өгөв. 17  Мосе Канаан руу туршуулуудыг илгээхдээ тэдэнд «Негевээр дайраад уулархаг нутаг руу өгс. 18  Газар нутгийг нь тандаж мэд. Оршин сууж байгаа хүмүүс нь хүчтэй юү сул дорой юу, цөөн үү олон уу, 19  газар нутаг нь сайн уу муу юу, хотууд нь бэхлэлттэй юү үгүй юү гэдгийг мэд. 20  Бас газар нутаг нь үржил шимтэй юү үгүй юү гэдгийг болон модтой эсэхийг нь танд. Та нар зоригтой байх ёстой. Тэр нутгийн үр жимснээс авчрагтун» гэлээ. Энэ үе нь усан үзэм боловсрох цаг байв. 21  Ингээд тэд өгсөн явж Зиний цөлөөс Лебо-Хаматын ойролцоох Рехоб хүртэлх нутгийг танджээ. 22  Тэд Негевээр дамжин өгсөөд анакчууд* болох Ахиман, Шешаи, Талмаи нарын суудаг Хебронд хүрэв. Хеброныг Египетийн Зоанаас долоон жилийн өмнө барьжээ. 23  Дараа нь тэд Ешколын хөндийд* хүрээд нэг хонгорцог усан үзэмтэй мөчрийг тасдаж авсан бөгөөд хоёр хүн дундаа дамнуургаар дамнан авч явав. Бас анар, инжир авч явлаа. 24  Израйлчууд тэндээс хонгорцог тасдаж авсан учраас тэр газрыг Ешколын* хөндий хэмээн нэрлэв. 25  Тэд газар нутгийг 40 хоног тандаад буцжээ. 26  Тэгээд тэд Мосе, Аарон болон Израйлын хамаг чуулганыг Параны цөлд Кадешт байхад нь хүрч очив. Тэд үзсэн харснаа хамаг чуулганд тайлагнаж, явсан газрынхаа жимсийг үзүүлэв. 27  Тэд Мосед ийн тайлагнав. «Таны явуулсан нутаг руу бид явчхаад ирлээ. Үнэхээр ч сүү, балаар бялхсан нутаг байна. Энэ тэндхийн жимс. 28  Гэхдээ тэндхийн хүмүүс нь их хүчтэй, хотууд нь их сайн бэхлэлттэй юм байна. Тэнд бүр анакчууд байсан. 29  Амалекчууд Негевийн нутагт, хитчүүд, иебусчууд, аморичууд уулархаг нутагт, канаанчууд тэнгис болон Иорданы дагуу амьдарч байна» гэжээ. 30  Тэгэхэд Калеб Мосегийн өмнө зогсож байсан ард олныг тайвшруулах гээд «Бүгдээрээ бушуухан шиг явж тэр газрыг эзэмшицгээе. Бид эзэлж чадна» гэв. 31  Гэтэл хамт явсан эрчүүд нь: «Тэд биднээс хүчтэй учраас бид дийлэхгүй» гэцгээв. 32  Тэд тандсан газрынхаа талаар израйлчуудад сөрөг юм ярьсаар байв. Юу гэвэл «Бидний тандсан тэр нутагт та нар амьд гарна гэж байхгүй. Тэндхийн хүмүүс аварга том биетэй. 33  Бид бүр нефилимүүдийг харсан. Анакчууд бол Нефилимийн үр удам. Бид хажууд нь дэвхрэг л гэсэн үг. Тэд ч гэсэн ингэж л бодож байгаа» гэж байв.

Зүүлт

Эсвэл «Иехошуа». «Ехова бол аврал» гэсэн утгатай.
Аварга биетэй, маш хүчтэй хүмүүс
Эсвэл «сайрт»
«Усан үзмийн хонгорцог» гэсэн утгатай.