Тооллого 18:1–32
18 Дараа нь Ехова Ааронд «Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл үүрэх ёстой. Харин тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи хөвгүүдтэйгээ үүрнэ.
2 Эцэг өвгөдийнхөө овог Леви овгийн ах дүүсээ дэргэдээ авчир. Тэгснээр тэд та нартай нэгдэж гэрчлэлийн асрын өмнө чамд болон хөвгүүдэд чинь туслах юм.
3 Тэд чиний даалгасан ажлыг хийж асартай хамаатай үүргээ биелүүлнэ. Гэхдээ тэд ариун газрын эд хэрэгсэл, тахилын ширээний ойролцоо очих ёсгүй. Эс бөгөөс чи ч, тэд ч үхнэ.
4 Тэд чамтай нэгдэж цугларалтын асарт үйлчлэхтэй хамаатай бүх даалгавраа биелүүлнэ. Зөвшөөрөлгүй хүн* чам руу дөхөж очиж болохгүй.
5 Чи ариун газар болон тахилын ширээтэй хамаатай хүлээсэн үүргээ биелүүлэгтүн. Тэгснээр би Израйлын ард олонд дахин уурлан хилэгнэхгүй.
6 Би ах дүү левичүүдийг чинь израйлчуудын дундаас чамд бэлэг болгож өгсөн. Тэд Еховагийнх болж цугларалтын асарт үйлчилнэ.
7 Чи хөвгүүдтэйгээ тахилын ширээ болон хөшигний доторх эд хэрэгсэлтэй хамаатай тахилчийн үүргээ биелүүлэх ёстой. Та нар ийнхүү үйлчлэх юм. Би та нарт тахилчийн үйлчлэлийг бэлэг болгож өгсөн. Харин зөвшөөрөлгүй хүн ойртож очвол хөнөөх ёстой» гэв.
8 Ехова цааш нь Ааронд «Надад өгөх хандивуудыг би чамд хариуцуулъя. Би израйлчуудын хандивласан бүх ариун зүйлээс тодорхой хэсгийг нь чамд болон хөвгүүдэд чинь байнгын хангамж болгон өгч байна.
9 Шатаан өргөх, маш ариун дараах өргөл тахилуудаас тодорхой хэсэг нь та нарынх болно. Үүнд ард олны авчирсан бүх өргөл тахил, тэр дундаа идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил орно. Эдгээр нь чамд болон хөвгүүдийн чинь хувьд маш ариун зүйлс байх юм.
10 Эдгээрийг та нар маш ариун газар идэх ёстой. Эрэгтэй хүн бүр идэж болно. Эдгээр нь та нарын хувьд ариун байх юм.
11 Израйлчуудын бүх даллах өргөл, бэлэг болгон хандивласан зүйлс нь бас та нарынх болно. Би тэдгээрийг чамд болон хөвгүүд, охидод чинь байнгын хангамж болгон өгч байна. Гэрт чинь байгаа цэвэр хүн бүр үүнээс идэж болно.
12 Ехова би израйлчуудын өгсөн анхны ургацын хамгийн сайн тос, хамгийн сайн дарс, үр тариаг та нарт өгч байна.
13 Тэдний Еховад өгсөн, газрынх нь анхны боловсорч гүйцсэн үр тариа, жимс жимсгэнэ та нарынх болно. Гэрт чинь байгаа цэвэр хүн бүр түүнээс идэж болно.
14 Израйлд хүн юуг ч Бурханд бүрэн зориулсан тэр нь та нарынх болно.
15 Израйлчуудын Еховад өгөх хүн малын ууган бүр та нарынх болох ёстой. Харин хүний ууган болон бузар амьтдын ууганы оронд төлөөс авагтун.
16 Нэг сар болон түүнээс дээших насны хүүхдийн төлөөсөнд тогтсон үнэ нь болох таван мөнгөн шекелийг* авах ёстой. Шекелийг ариун газрын хэмжигдэхүүнээр тооцох бөгөөд нэг шекел нь 20 гератай* тэнцэнэ.
17 Үхэр, хонь, ямааны ууган төл нь ариун учраас золих ёсгүй. Цусыг нь тахилын ширээ рүү цацаж, өөхийг нь Еховад тааламжит үнэрт тахил болгон шатаан уугиулах ёстой.
18 Тэдгээрийн мах нь даллах өргөлийн өвчүү, баруун гуя шиг та нарынх болно.
19 Ехова би израйлчуудын өгөх бүх ариун хандивыг чамд болон хөвгүүд, охидод чинь байнгын хангамж болгон өгч байна. Ехова би чамтай болон үр удамтай чинь энэхүү давст гэрээг* байгууллаа» хэмээн айлдав.
20 Тэгээд Ехова Ааронд «Чи тэдний нутагт газар өвлөхгүй. Тэдний нутгаас чамд оногдох хувь байхгүй. Учир нь израйлчуудын дунд би чиний хувь, чиний өв билээ.
21 Би левичүүдэд цугларалтын асарт үйлчилснийх нь төлөө Израйл дахь бүх аравны нэгийг өв болгон өгч байна.
22 Израйлчууд цаашид цугларалтын асарт ойртох ёсгүй. Эс бөгөөс тэд нүглээ үүрч үхэх болно.
23 Левичүүд цугларалтын асартай хамаатай үүргээ биелүүлэх бөгөөд ард олны гаргасан алдааны хариуцлагыг үүрнэ. Левичүүд израйлчуудын дунд газар өвлөх ёсгүй. Энэ зарлигийг үе уламжлан сахигтун.
24 Учир нь Ехова би израйлчуудын надад зориулсан арван хувийн хандивыг левичүүдэд өв болгон өгч байна. Тийм учраас би: “Тэд израйлчуудын дунд газар өвлөх ёсгүй” гэж айлдсан юм» гэжээ.
25 Дараа нь Ехова Мосед
26 «Чи левичүүдэд “Миний та нарт өв болгон өгч байгаа арван хувийг израйлчуудаас авахдаа түүнийхээ арван хувийг Еховад хандивлах ёстой.
27 Бурхан тэр хандивыг чинь та нарын үтрэмийн тариа, шахуургаас чинь гарсан арвин их дарс, тос гэж үзнэ.
28 Ийнхүү та нар израйлчуудаас авсан аравны нэг бүрээсээ Еховад хандив өргөгтүн. Тэдгээр аравны нэгээсээ Еховад өргөх хандиваа тахилч Ааронд өг.
29 Та нар ард олны өгсөн бэлгүүдээс төрөл бүрээс нь, хамгийн сайныг нь Еховад хандивлагтун. Энэ хандив нь ариун юм” гэж хэл.
30 Бас тэдэнд “Левичүүд та нарыг хамгийн сайныг нь хандивлахад Бурхан тэдгээрийг өөрсдийн чинь үтрэмийн тариа, шахуургаас чинь гарсан арвин их дарс, тос гэж үзнэ.
31 Та нар ч, гэрийнхэн чинь ч израйлчуудын өгсөн юмсаас үлдсэнийг нь хаана ч идэж болно. Яагаад гэвэл энэ нь цугларалтын асарт үйлчилсний чинь хөлс юм.
32 Та нар аравны нэгээсээ хамгийн сайныгаа хандивлаж байгаа цагт нүгэлтэйд тооцогдохгүй. Мөн израйлчуудын ариун юмсыг бузарлаж болохгүй. Эс бөгөөс үхнэ” гэж хэл» хэмээн айлдав.
Зүүлт
^ Аароны удмын биш хүн
^ 1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ 1 гера нь 0,57 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Цуцлагдахгүй, хувиршгүй гэрээ