Тооллого 21:1–35

  • Арадын хааныг ялав (1-3)

  • Зэс могой (4-9)

  • Израйлчууд Моабаар дайраагүй (10-20)

  • Аморичуудын хаан Сихоныг ялав (21-30)

  • Аморичуудын хаан Огийг ялав (31-35)

21  Негевт суудаг, Арад нутгийн канаан хаан израйлчуудыг Атаримын замаар ирж явааг дуулаад тэдэн рүү довтолж заримыг нь олзлов.  Тиймээс израйлчууд Еховад «Хэрвээ та энэ хүмүүсийг ялахад тусалбал бид тэдний хотуудыг бүрмөсөн устгана» гэж тангараглав.  Ехова израйлчуудыг сонсож канаанчуудыг эрхшээлд нь өгөхөд тэд хотуудыг нь хүмүүстэй нь устгав. Тийм учраас тэд тэр газрыг Хорма* хэмээн нэрлэжээ.  Тэд Хор уулаас хөдөлж Едомын нутаг руу оролгүй Улаан тэнгисийн замаар явлаа. Тэд аяншиж ядарчээ.  Тэгээд ард олон Бурхан болон Мосег эсэргүүцэж «Та нар яах гэж биднийг Египетээс гаргасан юм бэ? Энэ цөлд алах гэж авчраа юу? Энд хоол ч алга, ус ч алга. Энэ заваан маннаг чинь жигшиж байна» гэцгээв.  Тиймээс Ехова ард олон руу хорт* могойнуудыг илгээв. Олон израйл хүн могойд хатгуулж үхжээ.  Ард олон Мосе дээр ирээд «Бид Еховагийн эсрэг, бас таны эсрэг нүгэл үйлдлээ. Могойнуудыг зайлуулж өгөхийг Еховагаас гуйж өгөөч» гэхэд Мосе ард олны төлөө гуйлаа.  Тэгэхэд нь Ехова Мосед «Хорт могойг дуурайлгаж хийгээд шонд өлгө. Могойд хатгуулсан хүн амьд үлдэхийн тулд тийшээ харах ёстой» гэлээ.  Мосе даруйхан зэс могой хийгээд шонд өлгөв. Могойд хатгуулсан хүн бүр зэс могой руу хараад амьд үлдэж байлаа. 10  Дараа нь израйлчууд тэндээс хөдөлж Оботод буудаллав. 11  Тэгээд тэд Оботоос хөдөлж Моабын урд байдаг, зүүн зүг дэх цөлийн Ии-Абаримд буудаллалаа. 12  Тэндээсээ хөдөлж Зередийн хөндийн* хажууд буудаллав. 13  Цааш хөдөлж аморичуудын хил хүртэл үргэлжилдэг цөл дэх Арноны нутагт буудаллав. Арнон нь Моабын хил бөгөөд моабчууд болон аморичуудын нутгийг заагладаг. 14  Тийм ч учраас Еховагийн дайн тулааны тухай номд «Суфа дахь Вахеб, Арноны хөндийнүүд*, 15  эгц уруу хөндийнүүд* (Ар хот хүртэл үргэлжилж цаашлаад Моабын хилийг налан сунайдаг)» гэж гардаг. 16  Дараа нь тэд Беер лүү явлаа. Энэ бол Еховагийн Мосед «Ард олныг цуглуул. Би тэдэнд ус өгье» гэж хэлсэн худаг юм. 17  Тэгэхэд израйлчууд дуулан: «Худаг аа, оргилооч! Түүнд дуулагтун! 18  Удирдагчдын очирт таягаараа ухсан худагАрд олны тэргүүнүүдийн таягаараа малтсан худаг» гэв. Тэгээд тэд цөлөөс Маттана руу явж, 19  Маттанагаас Нахалиел, Нахалиелаас Бамот руу явжээ. 20  Тэд Бамотоос Иешимон* руу харсан Писгагийн өндөрлөг газрын дэргэд орших Моабын тал дахь хөндий рүү явав. 21  Израйл аморичуудын хаан Сихон руу элчүүдийг илгээн 22  «Танай нутгаар дамжин өнгөрөхийг зөвшөөрөөч. Бид нар тариалангийн талбай, усан үзмийн талбай руу чинь орохгүй. Аль ч худгаас чинь ус уухгүй. Танай нутгаас гартлаа Хааны замаар л явна» гэж хэлүүлэв. 23  Гэвч Сихон израйлчуудыг нутгаараа дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрсөнгүй. Харин бүх хүнээ дагуулаад израйлчуудтай тулалдахаар цөл рүү явж Иахазад очоод тулалдлаа. 24  Израйлчууд ялж хүмүүсийг нь илдээр хөнөөн Арноноос аморичуудын нутгийн дэргэдэх Иаббок хүртэл эзэлж авав. Яагаад гэвэл Иазер аммончуудын нутагтай хиллэж байлаа. 25  Ийнхүү израйлчууд Хешбоныг харьяа* тосгодтой нь мөн аморичуудын бусад хотыг эзэлж тэндээ суух болов. 26  Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байсан юм. Тэрбээр моабчуудын хаантай тулалдаж Арнон хүртэлх нутгийг нь эзэлж авч байжээ. 27  Тийм учраас ийм егөө үг гарсан юм. «Хешбон руу ирцгээ Сихоны хот босож сүндэрлэг 28  Учир нь Хешбоноос гал, Сихоны хотоос дөл гаран Моабын Ар болон Арноны өндөрлөг газруудын эздийг шатаасан 29  Моаб аа, чи золгүй еэ! Хемошийн хүмүүс ээ, та нар устгагдана! Хөвгүүдээ оргодол босуул болгож, охидоо аморичуудын хаан Сихонд олзлуулна 30  Тэдэн рүү довтолцгооёХешбоноос Дибон хүртэл сүйрнэНофа хүртэл эзгүйрүүлцгээеМедеба хүртэлхийг гал цөлмөнө» гэцгээдэг. 31  Ийнхүү израйлчууд аморичуудын нутагт суух болов. 32  Дараа нь Мосе Иазерыг тандуулахаар хэдэн эрийг явуулав. Израйлчууд харьяа* тосгодыг нь эзэлж, тэнд амьдарч байсан аморичуудыг хөөн зайлуулжээ. 33  Дараа нь тэд зүгээ өөрчилж, Башаны замаар явав. Башаны хаан Ог израйлчуудтай Едреид тулалдахаар хүмүүстэйгээ гарчээ. 34  Ехова Мосед «Би түүнийг бүх хүн, газар нутагтай нь чиний эрхшээлд оруулах учраас түүнээс битгий ай. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоныг чи яасан шигээ түүнийг бас тэгнэ» хэмээв. 35  Иймээс тэд Огийг хөвгүүд, бүх хүнтэй нь хөнөөв. Нэг ч хүн үлдээгээгүй бөгөөд газар нутгийг нь эзэлж авчээ.

Зүүлт

«Устгалд зориулагдсан» гэсэн утгатай.
Эсвэл «галт»
Эсвэл «сайрын»
Эсвэл «сайрууд»
Эсвэл «сайрууд»
Эсвэл «элсэн цөл, зэлүүд газар» гэсэн бололтой.
Эсвэл «эргэн тойрных нь»
Эсвэл «эргэн тойрных нь»