Тооллого 22:1–41

  • Балак Балаамыг хөлслөв (1-21)

  • Балаамын илжиг ярив (22-41)

22  Дараа нь израйлчууд хөдөлж Иерихогийн харалдаа Иорданы зүүн тал дахь Моабын цөлд буудаллав.  Зиппорын хүү Балак Израйлын аморичуудад хийсэн бүхнийг дуулжээ.  Израйлчууд маш олуулаа байсан тул моабчууд ихэд айв. Моабчууд тэднээс болж айдаст автжээ.  Тиймээс моабчууд Мидианы ахлагчдад «Үхэр өвсийг цөлмөдөг шиг энэ хүмүүс манай нутгийг сүйрүүлнэ» гэж хэлцгээв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан байлаа.  Тэрбээр Евфрат мөрний дэргэдэх уугуул нутаг Петортоо суугаа Беорын хүү Балаам руу элчүүдийг явуулав. Балаамыг авчрахын тулд ингэж хэлэв. «Нэг ард түмэн Египетээс гарч иржээ. Тэд газрын гадаргыг бүрхэж манай нутгийн хажууханд амьдарч байна.  Тэд надаас илүү хүчирхэг болохоор одоо ирж миний төлөө энэ ард түмнийг хараагаач. Тэгвэл би тэднийг ялж хөөн зайлуулж чадна. Яагаад гэвэл таны ерөөсөн хүн ерөөгдөж, хараасан хүн хараагддагийг би сайн мэднэ» гэжээ.  Ингээд Моаб болон Мидианы ахлагчид мэргэ төлгөний төлбөрийг гар гартаа бариад Балаам руу явж Балакийн хэлсэн үгийг дамжуулав.  Тэгэхэд Балаам: «Өнөө шөнө энд хоноцгоо. Еховагийн надад айлдсаныг би та нарт хэлье» гэлээ. Тиймээс Моабын удирдагчид Балаамынд хонов.  Бурхан Балаам дээр ирж «Юун хүмүүс чамтай хамт байгаа юм бэ?» гэхэд 10  Балаам жинхэнэ Бурханд «Моабын хаан, Зиппорын хүү Балак хүмүүсээ явуулж 11  “Египетээс ирсэн нэг ард түмэн газрын гадаргыг бүрхэж байна. Одоо чи над дээр ирж миний төлөө тэднийг хараагаач. Тэгвэл би тэдэнтэй тулалдаж тэднийг хөөн зайлуулж чадна” гэж хэлүүлсэн юм» гэв. 12  Бурхан Балаамд «Чи тэдэнтэй явж болохгүй. Тэр ард түмэн ерөөгдсөн учраас харааж болохгүй» гэжээ. 13  Балаам өглөө босоод Балакийн явуулсан удирдагчдад «Ехова намайг та нартай явахыг зөвшөөрөөгүй учраас та нар нутаг буцагтун» гэлээ. 14  Тэгэхэд нь Моабын удирдагчид явж Балак дээр буцаж очоод «Балаам бидэнтэй ирэхээс татгалзлаа» гэв. 15  Гэвч Балак эхэлж явуулснаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг явуулжээ. 16  Тэд Балаам дээр очоод «Зиппорын хүү Балак ингэж хэллээ. “Над руу ирэхэд тань юу ч бүү саад болог. 17  Би таныг хүндлэхийн дээдээр хүндэлж, хэлсэн болгоныг тань хийнэ. Тиймээс ирж миний төлөө энэ ард түмнийг хараагаач”» гэхэд 18  Балаам Балакийн албатуудад «Балак надад алт мөнгөөр дүүрэн гэр орноо өгөх байлаа ч би Ехова Бурхныхаа тушаалыг зөрчих юм юу ч хийхгүй. Жижиг юман дээр ч, том юман дээр ч зөрчихгүй. 19  Одоо та нар өмнө нь хоносон хүмүүс шиг өнөө шөнө энд хонооч. Еховагийн юу гэхийг би мэдье» гэж хэлжээ. 20  Шөнө нь Бурхан Балаам дээр ирж «Энэ хүмүүс чамайг авч явахаар ирсэн юм бол чи яв даа. Харин миний хэлэх үгийг л хэлээрэй» хэмээн айлдав. 21  Тиймээс Балаам өглөө босоод илжгээ эмээллэж Моабын удирдагчидтай явлаа. 22  Балаамыг явсанд Ехова Бурхан уурлан хилэгнэв. Тэнгэрийн элч Балаамын замд саад хийхээр хөндөлсжээ. Балаам илжгээ унаад явж байсан бөгөөд хоёр зарц нь хамт явж байлаа. 23  Илжиг Еховагийн тэнгэрийн элчийг сэлэм бариад зам дээр зогсож байхыг хараад замаасаа гарч хээр тал руу явах гэв. Тэгтэл Балаам илжгээ буцааж зам руу оруулах гэж жанчив. 24  Еховагийн тэнгэрийн элч усан үзмийн хоёр талбайн хоорондох, хоёр талаараа чулуун ханатай нарийхан зам дээр зогсож байлаа. 25  Илжиг Еховагийн тэнгэрийн элчийг харангуутаа хана руу шахаж Балаамын хөлийг хавчив. Балаам дахиад л илжгээ нүдэж гарлаа. 26  Еховагийн тэнгэрийн элч цааш яван, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов. 27  Илжиг Еховагийн тэнгэрийн элчийг харангуутаа доош хэвтэхэд Балаам ихэд уурлаж илжгээ саваагаараа балбаж гарав. 28  Тэгтэл Ехова илжгийг яриулсанд илжиг нь Балаамд «Би танд ингэж гурван удаа зодуулах юу хийсэн юм бэ?» гэв. 29  Балаам илжгэндээ «Чи надаар тохуурхаад байна. Хэрвээ би гартаа сэлэмтэй байсан бол чамайг алах байсан юм» гэлээ. 30  Илжиг нь Балаамд «Би таны насан туршдаа унасан илжиг чинь биш гэж үү? Би өмнө нь танд ингэж аашилж байгаагүй биз дээ?» гэхэд Балаам «Үгүй» гэж хариулав. 31  Дараа нь Еховаг Балаамын нүдийг нээхэд Еховагийн тэнгэрийн элч илд бариад зам дээр зогсож байх нь тэр! Балаам тэр даруй мэхийж, сөгдөж мөргөлөө. 32  Еховагийн тэнгэрийн элч Балаамд «Чи яагаад илжгээ ингэж гурван удаа нүдэж балбав? Чамайг миний хүсэл зорилгод нийцэхгүй юм хийж байгаа учраас би чамд саад учруулахаар өөрөө ирээд байна. 33  Илжиг чинь намайг хараад надаас гурван удаа зүгээ буруулахыг оролдсон. Хэрвээ бултаагүй байсан бол би чамайг алж, илжгийг чинь амьд үлдээх байсан юм» гэлээ. 34  Балаам Еховагийн тэнгэрийн элчид «Би нүгэл үйлджээ. Таныг надтай уулзахаар зам дээр зогсож байгааг мэдээгүй юм. Миний явах нь танд таалагдахгүй байвал би буцаад явъя» гэхэд 35  Еховагийн тэнгэрийн элч Балаамд «Наад хүмүүстэйгээ хамт явагтун. Харин миний хэлэх үгийг л хэлээрэй» гэв. Ингээд Балаам Балакийн явуулсан удирдагчидтай цааш явжээ. 36  Балак Балаамын ирж явааг сонсмогцоо түүнтэй уулзахаар Арноны эрэг дээр орших, Моабын хилийн хот руу явлаа. 37  Балак Балаамд «Би таныг дуудуулахаар хүн явуулсан биш үү? Та яагаад над руу ирсэнгүй вэ? Би таныг хүндлэхийн дээдээр хүндэлж чадахгүй гэж бодоо юу?» гэж хэлэхэд 38  Балаам: «Одоо би таны өмнө ирчхээд байна шүү дээ. Гэхдээ би өөрийнхөө дураар юу ч хэлж чадахгүй. Бурхны хэл гэснийг л хэлнэ» гэжээ. 39  Тэгээд Балаам Балактай явж Кириат-Хузотод хүрэв. 40  Балак тахилд зориулж үхэр, хонь нядлаад махнаас нь Балаам болон түүнтэй хамт байсан удирдагчдад өгчээ. 41  Өглөө нь Балаам Балактай хамт Бамот-Баал руу өгсөж гараад тэндээс Израйлын ард түмнийг харуулав.

Зүүлт