Тооллого 27:1–23
27 Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн гуч, Махирын жич, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехадын охид Мосе руу дөхөж очив. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза гэдэг байв.
2 Тэд цугларалтын асрын үүдэнд Мосе, тахилч Елеазар, удирдагчид болон чуулганы өмнө зогсоод
3 «Аав маань цөлд нас барсан. Гэхдээ Еховаг эсэргүүцсэн Корагийн хамсаатнуудын дунд байгаагүй. Харин өөрийнхөө нүглээс болж нас барсан юм. Аав маань хүүгүй байсан.
4 Хүүгүй байснаасаа болж яагаад ургаасаа нэр нь хасагдах ёстой юм бэ? Бид нарт аавын маань ах дүүгийн дунд өв өгөөч» гэлээ.
5 Иймээс Мосе тэдний хэргийг Еховагийн өмнө аваачив.
6 Тэгэхэд нь Ехова Мосед
7 «Зелофехадын охидын зөв. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг заавал өгөх ёстой. Тэдэнд эцгийнх нь өвийг шилжүүлэн өгтүгэй.
8 Бас израйлчуудад “Хэрэв хүн хүүгүй байгаад нас барвал өвийг нь охинд нь шилжүүлэгтүн.
9 Охингүй бол өвийг нь ах дүүд нь өг.
10 Ах дүү байхгүй бол өвийг нь эцгийнх нь ах дүүд өгөгтүн.
11 Хэрэв эцэг нь ах дүүгүй бол өвийг нь ураг дотроос нь хамгийн ойрын хамаатанд нь өг. Тэр хүн өвийг нь эзэмшинэ. Энэ нь Еховагийн Мосед тушаасан ёсоор израйлчуудад хууль ёсны тогтоол болох ёстой” гэж хэл» хэмээн айлдав.
12 Дараа нь Ехова Мосед «Энэ Абарим уулан дээр гараад израйлчуудад миний өгөх нутгийг хар.
13 Чи тэр нутгийг үзээд ах Аарон шигээ эцэг өвгөдийнхөө нэгэн адил нойрсоно.
14 Яагаад гэвэл Зиний цөлд чуулганыг надтай сөргөлдөхөд чи усны дэргэд миний тушаалыг зөрчин намайг ариун хэмээн хүндэтгээгүй. Тэр ус нь Зиний цөл дэх Кадешийн дэргэдэх Мерибагийн ус байсан» хэмээв.
15 Мосе Еховад
16 «Бүх хүнд амь өгдөг Ехова Бурхан та чуулганы төлөө нэг хүнийг томилооч.
17 Тэрбээр бүх юман дээр тэднийг удирдаж, тэд ч бүх юман дээр түүнийг дагах юм. Тэгвэл Еховагийн чуулган хоньчингүй хоньд мэт болохгүй» гэлээ.
18 Тэгэхэд нь Ехова Мосед «Нуны хүү Иошуаг авчирч дээр нь гараа тавь. Түүнд чадвар бий.
19 Иошуаг тахилч Елеазар болон чуулганы өмнө зогсоож тэдний нүдэн дээр үүрэгт ажилд нь томил.
20 Чи түүнд эрх мэдлээсээ шилжүүл. Тэгвэл Израйлын чуулган түүний үгийг дагана.
21 Иошуа тахилч Елеазарын өмнө зогсох бөгөөд Елеазар түүний төлөө Ехова Бурхны шийдвэрийг мэдэхийн тулд Урим хаяж Бурхантай зөвлөлдөж байх юм. Тэр тушаалыг бүх хүн дагана. Тэрбээр өөрөө ч, израйлчууд ч, чуулган ч дагана» гэж айлдав.
22 Ингээд Мосе Еховагийн тушаасныг биелүүлжээ. Тэрбээр Иошуаг авчирч тахилч Елеазар болон чуулганы өмнө зогсоогоод
23 дээр нь гараа тавьж Еховагийн Мосед тушааснаар үүрэгт ажилд нь томилов.