Тооллого 3:1–51

  • Аароны хөвгүүд (1-4)

  • Левичүүд үйлчлэлд томилогдов (5-39)

  • Уугануудын төлөөх төлөөс (40-51)

3  Синаи уулан дээр Еховаг Мосетой ярих үед Аарон Мосе хоёрын үр удам нь дараах байжээ.  Аароны хөвгүүдийг нэрлэвэл, ууган хүү нь Надаб, удаах хөвгүүд нь Абиху, Елеазар, Итамар нар юм.  Эдгээр нь Аароны хөвгүүдийн нэрс бөгөөд тэд тахилчаар үйлчлэхээр томилогдож, тослогдсон билээ.  Гэвч Надаб Абиху хоёр Синаин цөлд Еховагийн өмнө ёс бус утлагыг уугиулаад Еховагийн өмнө үхсэн юм. Тэд үр хүүхэдгүй байжээ. Елеазар Итамар хоёр эцэг Ааронтайгаа тахилчаар үргэлжлүүлэн үйлчлэв.  Дараа нь Ехова Мосед  «Левичүүдийг авчирч тахилч Аароны өмнө зогсоо. Тэд түүнд туслаг.  Тэд цугларалтын асрын өмнө үйлчилж Аарон болон хамаг чуулганы төлөө үүргээ биелүүлэх юм.  Тэд цугларалтын асрын бүх эд хэрэгслийг хариуцах ба асартай хамаатай янз бүрийн ажил хийж үйлчилнэ. Ийнхүү тэд израйлчуудыг төлөөлөн үүргээ биелүүлэх юм.  Чи левичүүдийг Аарон болон хөвгүүдэд нь өгөгтүн. Тэд израйлчуудаас Ааронд туслахаар томилогдсон. 10  Аароныг хөвгүүдтэй нь томилж тахилчаар үйлчлүүлэгтүн. Харин зөвшөөрөлгүй хүн* ариун газарт ойртож очвол тэр хүнийг хөнөөх ёстой» гэж айлдав. 11  Ехова цааш нь Мосед 12  «Би левичүүдийг израйлчуудын дундаас бүх ууганых нь оронд авах бөгөөд тэд минийх болно. 13  Учир нь бүх ууган минийх. Би Египетийн нутагт бүх ууганыг нь хөнөөсөн өдрөө израйлчуудын уугануудыг хүн мал гэлтгүй бүгдийг нь өөртөө зориулж ариусган тусгаарласан юм. Тэд минийх байх болно. Би бол Ехова» гэлээ. 14  Ехова Синаин цөлд цааш нь Мосетой ярин 15  «Левичүүдийг эцгийн бүлүүдээр нь, ургуудаар нь бүртгэгтүн. Нэг сар болон түүнээс дээших насны бүх эрэгтэйг нь бүртгэ» гэжээ. 16  Ингээд Мосе Еховагийн тушааснаар, яг хэлсэн ёсоор нь тэднийг бүртгэв. 17  Левигийн хөвгүүдийн нэрс нь Гершон, Кохат, Мерари юм. 18  Гершоны хөвгүүд нь Либни Шимеи хоёр бөгөөд тэдний нэрээр ургууд нь нэрлэгджээ. 19  Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар бөгөөд тэдний нэрээр ургууд нь нэрлэгджээ. 20  Мераригийн хөвгүүд нь Махли Муши хоёр бөгөөд тэдний нэрээр ургууд нь нэрлэгджээ. Эдгээр нь эцгийн бүлүүдийнхээ дагуу бүртгэгдсэн левичүүдийн ургууд юм. 21  Гершоноос Либни, Шимеи гэдэг хоёр ураг гарсан юм. Тэд бол гершончуудын ургууд билээ. 22  Нэг сар болон түүнээс дээших насны бүртгэгдсэн эрэгтэйчүүд нь 7 500 байв. 23  Гершончуудын ургууд баруун зүгт, шүтлэгийн асрын ард хуарагнав. 24  Гершончуудын эцгийн бүлийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф юм. 25  Гершончуудын цугларалтын асартай хамаатай үүрэг нь асар, түүний бүрээснүүд, үүднийх нь хөшиг, 26  шүтлэгийн асар ба тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд, үүдний хөшиг, уяануудыг нь хариуцах бөгөөд тэдгээртэй хамаатай ажлыг хийнэ. 27  Кохатаас амрамчуудын ураг, изхарчуудын ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарсан юм. Тэд бол кохатчуудын ургууд билээ. 28  Кохатчууд ариун газрыг хариуцах бөгөөд нэг сар болон түүнээс дээших насны бүртгэгдсэн эрэгтэйчүүд нь 8 600 байв. 29  Кохатчуудын ургууд шүтлэгийн асрын урд талд хуарагнав. 30  Кохатчуудын ургуудын эцгийн бүлийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан юм. 31  Тэдний үүрэг бол гэрээний авдар, ширээ, дэнгийн суурь, тахилын ширээ, утлагын ширээ, ариун газар үйлчлэхэд хэрэглэх эд хэрэгслүүд, хөшгийг хариуцаж, тэдгээртэй хамаатай ажлыг хийх юм. 32  Левичүүдийн удирдагчдын тэргүүн нь тахилч Аароны хүү Елеазар бөгөөд ариун газарт үүрэг хүлээсэн хүмүүсийг хариуцна. 33  Мераригаас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарсан юм. Тэд бол Мераригийн ургууд билээ. 34  Нэг сар болон түүнээс дээших насны бүртгэгдсэн эрэгтэйчүүд нь 6 200 байв. 35  Мераригийн ургуудын эцгийн бүлийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел юм. Тэд шүтлэгийн асрын хойд талд хуарагнав. 36  Мераричуудын үүрэг бол шүтлэгийн асрын яс модон хүрээнүүд, хөндлөвч моднууд, баганууд, углуургууд, эд хэрэгслүүдийг нь хариуцаж, тэдгээртэй хамаатай ажлыг хийх юм. 37  Мөн хашааны багануудыг углуургууд, гадаснууд, уяануудтай нь хариуцна. 38  Наран мандах зүг рүү харсан цугларалтын асар буюу шүтлэгийн асрын өмнө талд, зүүн зүгт Мосе, Аарон болон Аароны хөвгүүд буудаллав. Тэд израйлчуудын өмнөөс ариун газрыг хариуцах үүрэгтэй юм. Харин зөвшөөрөлгүй хүн* ариун газарт ойртож очвол тэр хүнийг хөнөөх ёстой. 39  Мосе Аарон хоёр Еховагийн тушааснаар нэг сар болон түүнээс дээших насны леви эрэгтэйчүүдийг ургуудынх нь дагуу бүртгэхэд нийт 22 000 хүн байв. 40  Дараа нь Ехова Мосед «Израйлын нэг сар болон түүнээс дээших насны ууган эрэгтэйчүүдийг тоолж, нэрсийнх нь жагсаалтыг гаргагтун. 41  Чи израйлчуудын ууган хүү бүрийн оронд левичүүдийг, мөн израйлчуудын мал сүргийн ууган төл бүрийн оронд левичүүдийн мал сүргийг надад зориулах ёстой. Би бол Ехова» гэж айлдлаа. 42  Тиймээс Мосе Еховагийн тушааснаар Израйлын бүх ууганыг бүртгэв. 43  Нэг сар болон түүнээс дээших насны бүх ууган эрэгтэйчүүдийн нэрсийг бүртгэхэд нийт 22 273 хүн байв. 44  Ехова цааш нь Мосед 45  «Израйлчуудын ууган хүү бүрийн оронд левичүүдийг, мөн израйлчуудын мал сүргийн ууган төл бүрийн оронд левичүүдийн мал сүргийг авагтун. Тэд минийх болох ёстой. Би бол Ехова. 46  Левичүүдийн тооноос давж гарсан Израйлын 273 ууган эрэгтэйн төлөөсийг 47  нэг хүний таван шекелээр* бодож авах ёстой. Шекелийг ариун газрын хэмжигдэхүүнээр бодогтун. Нэг шекел нь 20 гератай* тэнцэнэ. 48  Тэдгээр илүү гарсан хүний төлөөсийг Аарон болон хөвгүүдэд нь өгөгтүн» гэжээ. 49  Ингээд Мосе левичүүдийн тооноос давж гарсан хүмүүсийн төлөөсний мөнгийг цуглуулав. 50  Тэрбээр Израйлын уугануудын төлөөсөнд ариун газрын хэмжигдэхүүнээр 1 365 шекелийг авсан юм. 51  Мосе уг төлөөсний мөнгийг Еховагийн тушааснаар Аарон болон хөвгүүдэд нь өгчээ. Ийнхүү яг Еховагийн хэлснээр гүйцэтгэв.

Зүүлт

Аароны удмын биш хүн
Левичүүдээс бусад хүнийг хэлсэн.
1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
1 гера нь 0,57 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.