Тооллого 32:1–42

  • Иорданы зүүн тал дахь эзэмшил (1-42)

32  Реубенчүүд, гадчууд асар олон тооны мал сүрэгтэй байв. Тэд Иазер, Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг харжээ.  Тиймээс тэд Мосе, тахилч Елеазар, чуулганы удирдагчид дээр очоод  «Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо, Беон хэмээх  израйлчуудын төлөө Еховагийн эзэлсэн газар нутгууд нь мал сүргийн нутаг юм. Зарц нар тань маш их мал сүрэгтэй шүү дээ» гэлээ.  Тэгээд тэд: «Хэрэв бид таны сайшаалыг хүлээж байгаа бол та зарц бидэндээ энэ газар нутгуудыг эзэмшил болгон өгөөч. Иорданыг битгий гатлуулаач» гэв.  Тэгэхэд нь Мосе гадчууд, реубенчүүдэд «Та нарыг энд амьдарч байх зуур ах дүүс чинь дайнд явах болж байна уу?  Та нар яагаад Еховагийн өгөх газар нутаг руу гатлан явах гэж байгаа израйлчуудын зоригийг мохооно вэ?  Би танай эцгүүдийг энэ нутгийг тандуулахаар Кадеш-Барнеагаас явуулахад тэд бас ингэж байсан.  Тэд Ешколын хөндийд* очиж Еховагийн өгөх гэж байсан газрыг хараад тийшээ явах гэж байсан израйлчуудын зоригийг мохоосон. 10  Тэр өдөр Ехова уурлан хилэгнэж, андгайлан хэлэхдээ 11  “Египетээс гарсан 20 болон түүнээс дээших насны хүмүүс намайг хоёргүй сэтгэлээр дагаагүй учраас миний Абрахам, Исаак, Иаковт өгнө гэж амласан нутгийг үзэхгүй. 12  Харин кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа л үзнэ. Яагаад гэвэл тэд Ехова намайг хоёргүй сэтгэлээр дагасан” гэсэн шүү дээ. 13  Тэгээд Ехова израйлчуудад маш их уурлаж Еховагийн өмнө хорон мууг үйлдсэн үеийнхнийг бүгдийг нь үхэж үрэгдтэл тэднийг 40 жил цөлөөр тэнүүчлүүлсэн юм. 14  Тийм байтал нүгэлт хүмүүсийн үр сад та нар эцгүүдийнхээ араас орж, израйлчуудад хилэгнэсэн Еховагийн уур хилэнг улам хөдөлгөж байна. 15  Хэрэв та нар түүнийг дагахаа боливол тэрбээр израйлчуудыг дахин цөлд орхино. Та нараас болж энэ ард түмэн тэр чигээрээ устана» гэжээ. 16  Дараа нь тэд Мосе дээр очоод «Бид нар энд мал сүрэгтээ хашаа хороонууд, хүүхдүүддээ хотууд барья. 17  Үр хүүхдээ эндхийн ард түмнээс хамгаалж бэхлэгдсэн хотуудад суулгая. Харин өөрсдөө израйлчуудыг мөнөөх газар нутагт нь аваачталаа тэдний урд тулалдахад бэлэн байдалтай явъя. 18  Израйлчуудыг бүгдийг нь өвлөх газар нутгаа эзэмштэл бид гэр орон руугаа буцахгүй. 19  Бид Иорданы зүүн талд өвөө авчихвал Иорданы цаана нөгөө талд тэдний дунд өв авахгүй» гэв. 20  Мосе тэдэнд «Тэгвэл ийм болзолтой зөвшөөрье. Та нар дайн тулаанд орох бэлтгэлээ Еховагийн өмнө базаагаад 21  зэвсэглэсэн эрчүүд чинь бүгдээрээ Еховагийн өмнө Иорданыг гаталж, түүнийг дайснуудаа хөөн зайлуултал тулалдах ёстой. 22  Газар нутаг Еховагийн өмнө эзлэгдсэний дараа та нар буцаж болно. Тэгж байж Еховагийн өмнө, израйлчуудын өмнө гэм буруугүй үлдэнэ. Тэгээд энэ нутаг Еховагийн өмнө та нарын эзэмшил болно. 23  Харин тэгэхгүй бол та нар Еховагийн эсрэг нүгэл үйлдсэн болно. Тэгээд гэм нүглийнхээ горыг амсана гэж мэд. 24  Та нар үр хүүхдүүддээ хотууд, мал сүрэгтээ хашаа хороо барьж болох ч амласнаа заавал биелүүлнэ шүү» гэлээ. 25  Гадчууд, реубенчүүд Мосед «Зарц нар тань эзнийхээ тушаасныг яг таг биелүүлнэ. 26  Эхнэр хүүхдүүд, мал амьтад маань Гилеадын хотуудад үлдэнэ. 27  Харин зарц нар тань эзнийхээ хэлсэн ёсоор бүгдээрээ зэвсэглээд Еховагийн өмнө дайтахаар явна» гэв. 28  Ингээд Мосе тэдний талаар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа, Израйлын овгуудын эцгийн бүлүүдийн тэргүүнүүдэд тушаал өгөв. 29  Мосе тэдэнд «Хэрэв гадчууд, реубенчүүдийн эрчүүд зэвсэглээд Еховагийн өмнө дайтахаар та нартай хамт Иорданыг гаталж, та нар тэр нутгийг эзлэн авбал Гилеадын нутгийг тэдэнд эзэмшил болгон өгөөрэй. 30  Хэрэв тэд зэвсэглэхгүй, та нартай хамт явахгүй бол тэд Канаан нутагт та нарын дунд амьдрах болно» гэлээ. 31  Тэгэхэд нь гадчууд, реубенчүүд: «Зарц нар тань Еховагийн айлдсаныг ёсчлон биелүүлнэ. 32  Бид зэвсэглээд Еховагийн өмнө Иорданыг гатлан Канаан руу явна. Харин эзэмшил нутгаа Иорданы энэ талд авъя» гэв. 33  Ингээд Мосе гадчууд, реубенчүүд, Иосефын хүү Манассегийн овгийнхны хагаст аморичуудын хаан Сихоны хаант улс, Башаны хаан Огийн хаант улс, тэдгээрийн хил хязгаар доторх хот тосгодыг эргэн тойрных нь газруудтай нь өгчээ. 34  Гадчуудын барьсан* хотууд нь Дибон, Атарот, Ароер, 35  Атрот-Шофан, Иазер, Иогбеха, 36  Бет-Нимра, Бет-Харан гэсэн бэхлэгдсэн хотууд байлаа. Тэд мөн мал сүрэгтээ хашаа хороо барив. 37  Реубенчүүдийн барьсан хотууд нь Хешбон, Елеале, Кириатаим, 38  Небо, Баал-Меон (эдгээр нь хуучин нэр), Сибма байлаа. Тэд сэргээн барьсан хотууддаа шинэ нэр өгсөн юм. 39  Манассегийн хүү Махирын үр сад Гилеад руу довтолж эзлэн аваад тэнд амьдарч байсан аморичуудыг хөөн зайлуулав. 40  Тиймээс Мосе Манассегийн хүү Махирын үр удамд Гилеадыг өгсөн бөгөөд тэд тэнд амьдран суух болжээ. 41  Мөн Манассегийн удмын Иаир тэдэн рүү довтолж майхант тосгодыг нь эзлэн аваад Хаввот-Иаир* гэж нэрлэв. 42  Ноба явж Кенат болон харьяа* тосгод руу нь довтолж эзлэн аваад өөрийнхөө нэрээр Ноба гэж нэрлэжээ.

Зүүлт

Эсвэл «сайрт»
Эсвэл «сэргээн барьсан»
«Иаирын майхант тосгод» гэсэн утгатай.
Эсвэл «эргэн тойрных нь»