Тооллого 34:1–29

  • Канааны хил (1-15)

  • Газар нутгийг хуваах эрчүүдийг томилов (16-29)

34  Ехова цааш нь Мосед  «Энэ зааврыг израйлчуудад өгөгтүн. “Та нар Канаанд очоод Канааныг өвлөж авах бөгөөд хил хязгаар нь ийм байх юм.  Өмнөд хил чинь Зиний цөлөөс Едомын хилийн дагуу үргэлжлэх бөгөөд зүүн өмнөд хил чинь Давст тэнгисийн* адгаас эхэлнэ.  Тэндээсээ Акраббимын давааны өмнөд тал руу эргэн Зин хүртэл үргэлжилж, Кадеш-Барнеагийн урдуур өнгөрнө. Тэгээд Хазар-Аддар хүрч, Азмоноор дайран гараад  Азмоноосоо Египетийн сайрыг* чиглэн эргэж тэнгист* төгсөнө.  Баруун хил чинь Их тэнгис* ба Их тэнгисийн эрэг байх юм. Энэ нь танай баруун хил болно.  Танай хойд хил Их тэнгисээс Хор уул хүртэл үргэлжилж,  Хор уулаасаа Лебо-Хамат* хүртэл, цаашлаад Зедад хүртэл үргэлжилнэ.  Уг хил тэндээсээ Зифрон хүрч, Хазар-Енанд төгсөнө. Энэ нь танай хойд хил болно. 10  Танай зүүн хил Хазар-Енанаас Шефам хүртэл, 11  Шефамаас Аины зүүн тал дахь Рибла хүртэл үргэлжилж, тэндээсээ уруудан Хиннеретийн тэнгисийн* зүүн талын толгодоор дайрч 12  Иордан хүртэл үргэлжлэн Давст тэнгис дээр төгсөнө. Эдгээр нь танай нутгийн хил хязгаар болно”» гэж айлдав. 13  Тиймээс Мосе израйлчуудад заавар өгч «Энэ бол Еховагийн тушааснаар есөн овог болон хагас овогт та нарын шавгаар хуваарилж эзэмшил болгон өгөх ёстой газар нутаг юм. 14  Учир нь Реубен овог эцгийн бүлүүдээрээ, Гад овог эцгийн бүлүүдээрээ, мөн Манассе овгийнхны хагас аль хэдийн өвөө авчихсан. 15  Энэ хоёр овог болон хагас овог Иерихогийн харалдаа Иорданы зүүнтээд, наран мандах зүгт аль хэдийн өвөө авчихсан» гэжээ. 16  Ехова дараа нь Мосед 17  «Та нарын эзэмших нутгийг хувааж өгөх хүмүүс нь тахилч Елеазар, Нуны хүү Иошуа хоёр юм. 18  Тэднээс гадна овог бүрээс нэг удирдагчийг сонгож, өв болох газар нутгийг хуваарилуул. 19  Тэр эрчүүдийн нэрс нь: Иуда овгоос Иефуннегийн хүү Калеб, 20  симеончуудын овгоос Аммихудын хүү Шемуел, 21  Бениамин овгоос Хислоны хүү Елидад, 22  данчуудын овгоос Иоглигийн хүү, удирдагч Букки, 23  Иосефын хүү Манассегийн овгоос Ефодын хүү, удирдагч Ханниел, 24  ефраимчуудын овгоос Шифтаны хүү, удирдагч Кемуел, 25  зебулунчуудын овгоос Парнахын хүү, удирдагч Елизафан, 26  иссахарчуудын овгоос Аззаны хүү, удирдагч Палтиел, 27  ашерчүүдийн овгоос Шеломигийн хүү, удирдагч Ахихуд, 28  нафталичуудын овгоос Аммихудын хүү, удирдагч Педахел юм» гэв. 29  Энэ хүмүүс нь Еховагийн тушааснаар израйлчуудад канаан нутгийг хувааж өгөх хүмүүс билээ.

Зүүлт

Сөнөсөн тэнгис
«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
Их тэнгис буюу Газар дундын тэнгис
Газар дундын тэнгис
Эсвэл «Хаматын үүд»
Геннесарет буюу Галил нуур