Тооллого 5:1–31

  • Бузартсан хүнийг тусгаарлах (1-4)

  • Нүглээ илчлэх, нөхөн төлөх (5-10)

  • Завхайрсан эсэхийг нь усаар шалгах (11-31)

5  Дараа нь Ехова Мосед  «Уяман өвчтэй, гоождостой хүмүүс болон цогцост хүрсэн хүмүүсийг хуарангаас гаргахыг израйлчуудад тушаагтун.  Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай гарга. Миний дунд нь оршдог хуаранг бузартуулахгүйн тулд тэднийг хуарангаас гаргах ёстой» хэмээн айлдав.  Тиймээс израйлчууд айлдсанаар нь хийж, тэднийг хуарангаас гаргав. Тэд яг Еховагийн Мосед хэлснээр хийжээ.  Ехова цааш нь Мосед  «Израйлчуудад ингэж хэл. “Эрэгтэй юм уу эмэгтэй хүн Еховад үнэнч бус загнан ямар нэгэн нүгэл үйлдвэл тэр хүн гэм буруутай болно.  Тэрбээр үйлдсэн нүглээ илчлэн хэлэх ёстой бөгөөд нүгэл үйлдээд учруулсан хохирлоо бүрэн барагдуулахаас гадна тавны нэгийг нэмж хохирогчид өгөх ёстой.  Хэрэв хохирогчийн нөхөн төлбөрийг авах ойрын хамаатан байхгүй бол нөхөн төлбөрийг Еховад өгөх бөгөөд тэр нь тахилчийнх болно. Бас тэрбээр нүглээ уучлуулахын тулд тахил өргүүлэхээр тахилчид хуц өгнө.  Тахилчид өгсөн ариун хандив бүр тахилчийнх болно. 10  Хүн бүрийн авчирсан ариун зүйлс нь түүнд* үлдэх юм. Тахилчид юу ч өгсөн тэр нь тахилчийнх болно”» гэв. 11  Тэгээд Ехова Мосед 12  «Израйлчуудад ингэж хэл. “Хэрэв эхнэр нь нөхөртөө үнэнч бус байн 13  өөр эрэгтэйтэй унтсан байгаад нөхөр нь мэдээгүй, хэрэг нь илчлэгдээгүй буюу эхнэр нь өөрийгөө бузарласан ч түүнийг нь гэрчлэх хүнгүй, баригдаагүй бол ингэх ёстой. 14  Эхнэр нь өөрийгөө бузарласан ч бай, үгүй ч бай нөхөр нь эхнэрийнхээ үнэнч эсэхэд эргэлзэж, хардаж сэрдвэл 15  эхнэрээ тахилч дээр аваачих ёстой. Тэгэхдээ ефагийн аравны нэг* арвайн гурилыг эхнэрийнхээ төлөөх өргөл болгон аваачна. Энэ нь тэр эмэгтэйн гэмтэй үгүйг илчлэх хардалтын идээн өргөл учраас дээр нь тос асгах юм уу анхилуун үнэртэй давирхай тавих учиргүй. 16  Тахилч тэр эмэгтэйг урагш гаргаад Еховагийн өмнө зогсооно. 17  Тэгээд ваартай саванд ариун ус хийгээд дээр нь шүтлэгийн асрын шалны шорооноос хийнэ. 18  Мөн тахилч тэр эмэгтэйг Еховагийн өмнө зогсоогоод үсийг нь задалж, гэмтэй үгүйг нь илчлэх хардалтын идээн өргөлийг алган дээр нь тавина. Харин өөрөө хараал авчрах гашуун усыг гартаа барина. 19  Дараа нь тахилч тэр эмэгтэйгээр тангараглуулж, түүнд «Чи гэрлэснээсээ хойш нөхрөөсөө өөр эртэй унтаж нүгэл үйлдэн бузартаагүй бол хараал авчрах энэ усыг уусан ч яах ч үгүй. 20  Харин чи нөхөртэй атлаа өөрийгөө бузарлаж нүгэл үйлдэн ханиасаа өөр хүнтэй унтсан бол ...» гэж хэлээд 21  тэр эмэгтэйгээр, үнэхээр завхайрсан бол хараагдана гэсэн тангаргийг тавиулна. Тахилч цааш нь «Ехова чамайг хүмүүсийн хараал, тангараг хэлэхдээ татдаг жишээ болгоно. Хэрэв чи үнэхээр завхайрсан бол Ехова гуяыг* чинь хатааж*, хэвлийг чинь хөөлгөнө. 22  Хараал авчрах ус гэдэс рүү чинь орж, хэвлийг чинь хөөлгөн гуяыг чинь хатаана» гэх бөгөөд эмэгтэй «Амен! Амен!*» гэж хариулна. 23  Тахилч энэ хараалыг номд бичээд гашуун усанд хийж угаан бичгийг нь арилгах ёстой. 24  Тэгээд хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгах бөгөөд тэр ус биед нь орж гашуу оргиулна. 25  Тахилч эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч Еховагийн өмнө нааш цааш нь даллаад тахилын ширээний дэргэд аваачна. 26  Түүнээсээ атгыг аваад идээн өргөлийг төлөөлүүлэн тахилын ширээн дээр уугиулна. Дараа нь эмэгтэйд усыг уулгах ёстой. 27  Хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлаж, нөхрөө араар нь тавьсан бол хараал авчрах усыг уухад ус биед нь орж гашуу оргиулна. Мөн хэвлий нь хөөж, гуя нь хатна. Хүмүүс бусдыг хараахдаа тэр эмэгтэйгээр жишээ татдаг болно. 28  Харин эмэгтэй өөрийгөө бузарлаагүй, цэвэр ариун бол ингэж шийтгүүлэхгүй бөгөөд жирэмсэлж хүүхэд төрүүлэх чадвартай хэвээрээ байна. 29  Энэ бол хардалтын тухай хууль юм. Эмэгтэй хүн нөхөртэй атлаа нүгэл үйлдэж, өөрийгөө бузарлавал 30  эсвэл эр хүн эхнэрийнхээ үнэнч эсэхэд эргэлзэж, хардаж сэрдвэл нөхөр нь эхнэрээ Еховагийн өмнө зогсоох бөгөөд тахилч энэ бүх хуулийн дагуу гүйцэтгэнэ. 31  Нөхөр нь буруугүй юм. Харин эхнэр нь буруутай бол хариуцлага хүлээнэ”» хэмээн айлдав.

Зүүлт

Тахилчийг хэлсэн бололтой.
Аравны нэг ефа нь 2,2 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Нөхөн үржихүйн эрхтнийг хэлсэн бололтой.
Нөхөн үржих чадваргүй болгохыг хэлсэн байж болох юм.
Эсвэл «Ёсоор болтугай! Ёсоор болтугай!»