Тооллого 6:1–27

  • Назирын тангараг (1-21)

  • Тахилчдын хэлэх ерөөл (22-27)

6  Ехова цааш нь Мосед  «Израйлчуудад ингэж хэл. “Эрэгтэй юм уу эмэгтэй хүн назир* хүний ёсоор амьдрахаар Еховад өөрийгөө зориулах онцгой тангараг өргөвөл  дарс, бусад согтууруулах ундааг цээрлэх ёстой. Мөн дарс болон өөр согтууруулах ундаанаас гаргаж авсан цуу ууж болохгүй. Усан үзмээс гаргаж авсан ямар ч ундааг уух ёсгүй бөгөөд шинэ ч бай, хатаасан ч бай, ямар ч усан үзэм идэж болохгүй.  Тэрбээр назир байх үедээ усан үзмээр хийсэн юуг ч, түүхий усан үзмийг ч, хальсыг нь ч идэх учиргүй.  Мөн назирын тангарагтай үедээ толгойдоо тонгорог хүргэж болохгүй. Еховад зориулагдсан өдрүүдээ дуустал үсээ ургуулж ариун байх ёстой.  Тэрбээр Еховад зориулагдсан байх хугацаандаа үхсэн хүнд ойртож очиж болохгүй.  Эцэг эх, ах, эгч, дүү нь өнгөрсөн байлаа ч өөрийгөө бузарлах учиргүй. Яагаад гэвэл назирын тэмдэг болох үсээ ургуулж байгаа хугацаандаа тийн бузарлаж болохгүй.  Тэрбээр назир байх бүхий л хугацаандаа Еховад ариун юм.  Хэрэв назир хүний хажууд хүн гэнэт үхвэл тухайн назир хүний Бурханд зориулагдсаных нь тэмдэг болох үс нь бузартана. Тэрбээр цэвэр ариун болсон өдрөө буюу долоо дахь өдрөө үсээ хусах ёстой. 10  Тэгээд найм дахь өдрөө хоёр хүүрзгэнэ юм уу хоёр залуу тагтааг цугларалтын асрын үүдэнд тахилчид аваачиж өгнө. 11  Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон бэлдэж, түүгээрээ үхсэн хүнээс болж бузартсан назир хүний төлөө нүглийг нь уучлуулахын тулд тахил өргөнө. Өнөөх хүн тэр өдрөө толгойгоо ариусгаж, үсээ дахин ургуулж эхэлнэ. 12  Тэгээд өмнө нь назир байсан үеийнх шигээ Еховад өөрийгөө дахин зориулж гэмийн төлөөх тахил болгон эр хурга авчрах ёстой. Гэвч тэрбээр назир байхдаа өөрийгөө бузарласан учраас назир байсан өмнөх хугацаа нь тооцогдохгүй. 13  Назир хүний талаарх хууль нь энэ юм. Хэрэв тухайн хүний назир байх хугацаа нь дуусвал түүнийг цугларалтын асрын үүдэнд аваачна. 14  Назир хүний Еховад өргөх ёстой тахил нь шатаалт тахил болох согоггүй нэг эр хурга, нүглийн төлөөх тахил болох согоггүй нэг эм хурга, эвийн тахил болох согоггүй нэг хуц юм. 15  Мөн тостой хольж зуурсан исгээгүй цагариган боов, дээр нь тос түрхсэн исгээгүй бинг сагсанд хийн, идээн өргөл, ундаан өргөлүүдийн хамт өргөх ёстой. 16  Тахилч тэдгээрийг Еховагийн өмнө аваачаад эхлээд нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг нь өргөнө. 17  Тэгээд тахилч эвийн тахилын хуцыг идээн өргөл, ундаан өргөлтэй нь болон сагстай исгээгүй боовнуудын хамт Еховад өргөнө. 18  Дараа нь, назир байхдаа үсээ ургуулаад тайруулж байгаагүй тэр хүн үсээ цугларалтын асрын үүдэнд хусаж, эвийн тахилын доорх гал руу хийнэ. 19  Тахилч чанасан хуцын дал болон сагсан дахь исгээгүй цагариган боов, исгээгүй бингээс нэг нэгийг авч өнөөх хүнийг назирын тэмдэг болсон үсээ хуссаных нь дараа алган дээр нь тавина. 20  Тэгээд тахилч тэдгээрийг Еховагийн өмнө даллах өргөл болгон нааш цааш нь даллана. Энэ нь ариун хэсгүүд болох даллах өргөлийн өвчүү, гуяны хамт тахилчийнх болно. Назир байсан хүн үүнээс хойш дарс ууж болно. 21  Ямар нэг тангараг өргөх назир хүний сахих ёстой хууль нь энэ юм. Тэрбээр назир хүний өргөх ёстойгоос илүүг Еховад өргөх чадалтай бөгөөд тийн өргөнө гэж тангараглавал назир хүний талаарх хуулийг эрхэмд үзэн уг тангаргаа биелүүлэх ёстой”» хэмээн айлдав. 22  Дараа нь Ехова Мосед 23  «Аарон болон хөвгүүдэд нь ингэж хэл. “Та нар Израйлын ард түмнийг ерөөхдөө: 24  «Ехова та нарыг ивээж хамгаалах болтугай! 25  Ехова та нарыг инээмсэглэн харж, сайшаах болтугай! 26  Ехова та нарт сайхан сэтгэлээр хандаж, амар тайвныг соёрхох болтугай!» гэж хэлж байгтун” гээрэй. 27  Тэд израйлчуудыг ерөөхдөө миний нэрийг дуудах ёстой. Ингэснээр би тэднийг ивээнэ» гэлээ.

Зүүлт

Энэ еврей үг нь «Сонгогдсон, зориулагдсан, тусгаарлагдсан нэгэн» гэсэн утгатай.