Тооллого 8:1–26
8 Ехова Мосед
2 «Чи Ааронд “Дэнгийн суурийн өмнөх орчныг гэрэлтүүлж байхаар долоон дэнг суурилуулаад асааж байгтун” гэж хэл» гэлээ.
3 Аарон ч Еховагийн Мосед тушааснаар дэнгийн суурийн өмнөх орчныг гэрэлтүүлэхээр дэнгүүдийг асаав.
4 Дэнгийн суурийг хийхдээ алтыг давтаж хийсэн бөгөөд ишээс нь авхуулаад дэлбээлж буй цэцгийг нь хүртэл давтаж хийсэн юм. Ингэхдээ Еховагийн Мосед үзүүлсэн үзэгдлийн дагуу хийжээ.
5 Ехова цааш нь Мосед
6 «Левичүүдийг израйлчуудын дундаас авчраад ариусгагтун.
7 Тэднийг ариусгахдаа нүглээс цэвэршүүлэх усыг дээр нь цацах бөгөөд тэд бүх биеийнхээ үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угаах ёстой. Ийнхүү тэд цэвэр болох юм.
8 Тэгээд тэд залуу эр үхрийг идээн өргөлтэй нь буюу тостой хольсон нарийн ширхэгтэй гурилтай авчирна. Чи нүглийн төлөөх тахилд зориулж бас нэг залуу эр үхэр авчир.
9 Түүнчлэн левичүүдийг цугларалтын асрын өмнө авчирч, Израйлын хамаг чуулганыг цуглуулагтун.
10 Левичүүдийг Еховагийн өмнө авчрахад чинь израйлчууд левичүүдийн дээр гараа тавина.
11 Аарон израйлчуудын дундаас левичүүдийг Еховагийн өмнө даллах өргөл болгон өргөх бөгөөд тэд Еховагийн үйлчлэлд хүчин зүтгэнэ.
12 Дараа нь левичүүд хоёр бухын толгой дээр гараа тавина. Левичүүдийн нүглийг уучлуулахын тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил, нөгөөг нь шатаалт тахил болгон Еховад өргөх ёстой.
13 Бас чи левичүүдийг Аарон болон хөвгүүдийнх нь өмнө зогсоогоод даллах өргөл болгон Еховад өргө.
14 Левичүүдийг израйлчуудын дундаас ялган тусгаарлагтун. Тэд минийх болно.
15 Дараа нь левичүүд цугларалтын асарт үйлчлэхээр дотогш орно. Чи тэднийг ийнхүү ариусгаж, даллах өргөл болгон өргөх ёстой.
16 Учир нь би тэднийг израйлчуудын дундаас өөртөө зориулж сонгосон. Би тэднийг израйлчуудын бүх ууганы оронд авна.
17 Яагаад гэвэл би Египетийн нутагт бүх ууганыг нь хөнөөсөн өдрөө израйлчуудын бүх ууганыг хүн, мал гэлтгүй өөртөө зориулж ариусган тусгаарласан юм. Тэд бол минийх.
18 Би израйлчуудын бүх ууганы оронд левичүүдийг авна.
19 Би левичүүдийг израйлчуудын дундаас Аарон болон хөвгүүдэд нь өгнө. Тэд израйлчуудын өмнөөс цугларалтын асарт үйлчлэх бөгөөд израйлчуудын нүглийг уучлуулахын тулд тахил өргөх тахилчдад туслах юм. Ингэснээр израйлчуудыг ариун газарт ойртон гамшигт өртөхөөс сэргийлнэ» гэжээ.
20 Дээрх бүхнийг Мосе, Аарон болон Израйлын хамаг чуулган гүйцэтгэв. Ийнхүү израйлчууд левичүүдийн талаар Еховагийн Мосед тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ.
21 Левичүүдийг өөрсдийгөө ариусгаж, хувцсаа угаасных нь дараа Аарон тэднийг Еховагийн өмнө даллах өргөл болгон өргөв. Тэгээд Аарон тэднийг ариусгахын тулд нүглийг нь уучлуулах тахил өргөжээ.
22 Дараа нь левичүүд Аарон болон хөвгүүдийнх нь удирдлага дор цугларалтын асрын ажилд хүчин зүтгэхээр очлоо. Израйлчууд ийнхүү левичүүдийн талаар Еховагийн Мосед тушаасан бүхнийг гүйцэтгэсэн юм.
23 Ехова Мосед
24 «Левичүүдийн хувьд 25 болон түүнээс дээших насны эрчүүд нь цугларалтын асартай хамаатай ажил хийдэг хүмүүстэй нэгдэх ёстой.
25 Харин 50 хүрээд үйлчлэлээс чөлөөлөгдөж цаашид үйлчлэхээ болино.
26 Тэрбээр цугларалтын асартай хамаатай ажил хийдэг ах дүүдээ тусалж болох ч тэнд үйлчилж болохгүй. Левичүүд болон тэдний үүрэг даалгаврыг ийнхүү зохицуулагтун» хэмээн айлдав.