Филиппойчуудад бичсэн захидал 4:1–23
4 Тиймд миний баяр баясгалан, миний шагнал*, миний хайрт, миний хүслэн болсон хайрт ах дүү нар аа, захисан ёсоор минь Эзэнд тууштай үйлчлээрэй.
2 Юүдиа Сунтухе хоёр минь ээ, Эзэнд эв нэгдэлтэй үйлчлээрэй.
3 Үнэнч хамтрагч* чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай, Клемтэй болон амийн номонд нэр нь бичигдсэн бусад нөхөдтэй минь мөр зэрэгцэн зүтгэсэн энэ эмэгтэйчүүдэд туслаарай.
4 Эзэнд үйлчилдэгтээ үргэлж баярла. Дахин хэлье. Баярлацгаа!
5 Та нарын ухаалгийг бүх хүн мэдээсэй. Эзэн ойр байна.
6 Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай.
7 Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална.
8 Тиймээс ах дүү нар аа, үнэн, чухал, зөв, цэвэр ариун, хайр татам, сайшаамаар, сайн, магтууштай юм байгаа бол эдгээрийг бодож бай.
9 Надаас сурсан, хүлээж авсан, сонссон, харсан бүхнээ ажил хэрэг болго. Тэгвэл амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.
10 Та нар надад урьдынх шигээ санаа тавьдаг болсонд Эзний үйлчлэгч би их баяртай байна. Та нарт боломж олдоогүй болохоос, үнэндээ надад санаа тавьдаг байсан.
11 Би юмаар дутагдсандаа хэлж байгаа юм биш. Учир нь би ямар ч үед сэтгэл хангалуун байж сурсан.
12 Би ядуу тарчиг байхыг ч мэднэ, элбэг хангалуун байхыг ч мэднэ. Цатгалан ч бай, өлсгөлөн ч бай, эсвэл элбэг дэлбэг ч бай, дутагдаж гачигдсан ч бай, ямар ч үед сэтгэл хангалуун байхын нууцыг мэдэж авсан.
13 Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна.
14 Та нар сайхан сэтгэл гаргаж, миний зовлонг хуваалцсан.
15 Сайн мэдээг анх тунхаглахад минь ч, Македоноос явсны минь дараа ч, өгөх авах болоход танайхаас өөр ганц ч хурал оролцоогүйг филиппойчууд та нар мэднэ шүү дээ.
16 Тесалоникт байхад минь та нар надад хэрэгтэй юмыг нэг биш, бүр хоёр удаа явуулсан билээ.
17 Би бэлэг авах гэж хүсээд байгаа юм биш, харин та нарыг дансандаа илүү орлого оруулах юм хийгээсэй гэж хүсэж байна.
18 Одоо надад хэрэгтэй бүх юм байна, бүр элбэг дэлбэг байна. Епафродитоор өгүүлсэн юмыг тань аваад дутах юмгүй байна. Та нарын өгсөн бэлэг бол Бурханд таалагдах тахил, анхилуун үнэр юм.
19 Тиймээс шавхагдашгүй баян миний Бурхан та нарыг Христ Есүсээр дамжуулан хэрэгтэй бүхнээр бүрэн хангана.
20 Бидний Эцэг Бурхан үүрд мөнх алдарших болтугай. Амен.
21 Христ Есүсийн дагалдагч ариун хүн бүрд миний мэндийг уламжлаарай. Надтай хамт байгаа ах дүү нар та бүхэнд мэнд хүргэж байна.
22 Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн ордныхон та нарт мэнд дамжуулж байна.
23 Зөв хандлагатай та бүгдийг Эзэн Есүс Христ нигүүлсэх болтугай.