Хаггаи 1:1–15

  • Өргөөг бариагүй гэж зэмлүүлсэн (1-11)

    • «Модоор доторлосон гэртээ суух цаг чинь мөн гэж үү?» (4)

    • «Юу хийж байгаагаа нухацтай бод» (5)

    • Ихийг тарьж багыг хураадаг (6)

  • Ард олон Еховад дуулгавартай болов (12-15)

1  Дариус хааны хоёр дахь жилийн зургаа дахь сарын эхний өдөр Ехова Шеалтиелын хүү, Иудагийн захирагч Зеруббабел, мөн Иехозадакийн хүү, тэргүүн тахилч Иошуад зөнч Хаггаигаар ийн хэлүүлэв. 2  «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Энэ хүмүүс: «Еховагийн өргөөг барих цаг нь хараахан болоогүй» гэдэг” гэж айлдаж байна». 3  Тэгээд Ехова зөнч Хаггаигаар дахин ийн хэлүүлэв. 4  «Энэ өргөө балгас хэвээрээ байхад модоор доторлосон гэртээ суух цаг чинь мөн гэж үү? 5  Тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Юу хийж байгаагаа нухацтай бод. 6  Та нар ихийг тарьдаг ч багыг хураадаг. Та нар цадталаа идэх хоолгүй, ханатлаа уух ундгүй байдаг. Дулаан хувцаслаад ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлсөө цоорхой хүүдийд хийдэг” гэж айлдаж байна». 7  «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Юу хийж байгаагаа нухацтай бод” гэж айлдаж байна. 8  Ехова: “Ууланд очоод мод бэлтгэж авчир. Тэгээд миний сүмийг барь. Ингэвэл би баярлана, алдаршина” гэж айлдаж байна». 9  «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. “Та нар их ургац хураана гэж санасан ч багыг хураасан. Түүнийгээ гэртээ аваачихад чинь би хийсгэсэн. Яагаад? Яагаад гэвэл миний сүм балгас хэвээрээ байхад та нар дор бүрнээ гэр орондоо л санаа тавиад байна. 10  Иймээс дээд тэнгэр шүүдрээ, газар ургацаа өгөхөө больсон. 11  Би газар, уулс, үр тариа, шинэ дарс, тос, газраас ургадаг бүхэн, хүн ард, мал амьтан, та нарын бүх хөдөлмөрийн дээр ган буулгаж байсан”» гэлээ. 12  Шеалтиелын хүү Зеруббабел, Иехозадакийн хүү, тэргүүн тахилч Иошуа болон бүх ард түмэн Ехова Бурхныхаа мөн зөнч Хаггаин үгэнд оров. Яагаад гэвэл тэдний Бурхан Ехова Хаггаиг илгээжээ. Ард түмэн Еховагаас эмээдэг болов. 13  Тэгээд Еховагийн элч Хаггаи Еховагийн даалгаснаар ард олонд «“Би та нартай хамт байдаг” хэмээн Ехова тунхаглаж байна» гэж хэлэв. 14  Ехова Шеалтиелын хүү, Иудагийн захирагч Зеруббабел, Иехозадакийн хүү, тэргүүн тахилч Иошуа болон бүх ард түмний хүслийг бадраасанд тэд ирж өөрсдийн Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн өргөөг барьж эхлэв. 15  Тэд Дариус хааны хоёр дахь жилийн зургаа дахь сарын 24-ний өдөр барьж эхэлжээ.

Зүүлт