Эфэсчүүдэд бичсэн захидал 1:1–23

  • Мэндчилгээ (1, 2)

  • Агуу хүчээрээ бэлэг өгсөн (3-7)

  • Бүх юмыг нэгтгэж, Христэд захируулах (8-14)

    • Товлосон цаг болоход захируулах (10)

    • Ариун хүчээрээ тамгалсан нь «өв өгөхийн баталгаа» (13, 14)

  • Бат итгэлтэй Эфэсийн дагалдагчдын төлөө Паул Бурханд талархаж, залбирдаг (15-23)

1  Бурхны хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би Христ Есүсийн үнэнч дагалдагчид буюу Эфэс дэх ариун хүмүүст бичиж байна. 2  Бурхан Эцэг болон Эзэн Есүс Христ та бүхнийг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай. 3  Эзэн Есүс Христийн маань Эцэг Бурхан магтагдах болтугай. Яагаад гэвэл Христийг дагадаг бидэнд агуу хүчээрээ тэнгэрийн бэлэг өгсөн.  4  Бурхан биднийг хайрын сэтгэлтэй, ариун, өөгүй байгаасай гэсэндээ ертөнцийн суурь тавигдахаас* өмнө Христийн дагалдагч болгохоор сонгосон юм.  5  Бурхан таалалдаа нийцүүлж, хүслээ биелүүлэн Есүс Христээр дамжуулан биднийг үрчилж авахаар шийдсэн нь  6  хайртай Хүүгээрээ дамжуулан биднийг нигүүлссэнийг хүмүүс мэдэж магтаасай гэснийх юм.  7  Бурхан Хүүгээ золиос болгосон бөгөөд Хүүгийнх нь цусны үнээр бид чөлөөлөгдсөн, бидний нүгэл уучлагдсан. Бурхны нигүүлсэл юутай агуу вэ! 8  Бурхан биднийг арвин ихээр нигүүлссэн учир юм бүхнийг ухаардаг, мэргэн ухаантай болгон  9  санаа зорилгынхоо талаарх ариун нууцыг илчилсэн. Тэрхүү ариун нууц өөрт нь тааламжтай бөгөөд санаа зорилгод нь нийцдэг.  10  Бурхан тэнгэр дэх юмс болон газар дахь юмсыг нэгтгэж, бүгдийг нь Христэд захируулах зорилготой. Тийм ээ, Христэд захируулах бөгөөд энэ явдал товлосон цагт нь болох ёстой.  11  Бурхан бүх юмыг хүссэнээрээ үйлдэж, санаа зорилгынхоо дагуу хийдэг бөгөөд биднийг Христтэй хамт өв залгамжлагч болгохоо урьдаас шийдсэн нь  12  Христэд найдсан анхны хүмүүс буюу иудейчүүд биднээр магтуулах гэснийх ажээ.  13  Бурхан өөрсдийг тань аврах тухай сайн мэдээ буюу үнэнийг харь үндэстэн та нар сонсоод Христэд найдсан. Итгэсэн та нарыг Бурхан өгнө гэж амласан ариун хүчээрээ тамгалсан бөгөөд үүнийгээ Христээр хийлгэсэн.  14  Ариун хүч бол өв өгөхийн баталгаа бөгөөд та нарыг тамгалсан нь Бурхан Хүүгээ золиослон ард түмнээ чөлөөлөхийн тулд байсан. Үүний дүнд Бурхан магтагдана. 15  Эзэн Есүст итгэдгийг тань, бүх ариун хүнийг хайрладгийг тань сонсоод  16  би та нарын төлөө Бурханд үргэлж талархдаг.  17  Бидний Эзэн Есүс Христийн Бурхан буюу алдарт Эцэг та бүхнийг мэргэн байлгаж, илчилснээ ойлгуулан өөрийнхөө тухай үнэн зөв мэдлэгтэй болгоосой гэж залбирдаг.  18  Бурхан та нарыг* гэгээрүүлсэн нь та нарт ямар найдвар өгснийг, ямар агуу ивээлийг ариун хүмүүст өв болгон хүртээхээр бэлдсэнийг,  19  өөрт нь итгэдэг бидэнд нөлөөлдөг хүч нь хэчнээн агууг ойлгуулах гэснийх юм. Бурхан хүч чадлаараа юу хийснээс хүч нь хэр зэрэг агуу болох нь харагддаг.  20  Тэр л хүч чадлаараа Христийг үхэгсдээс амилуулж, тэнгэрт баруун талдаа суулгаж,  21  өнөөгийн төдийгүй ирэх үеийн* бүх төр засаг, эрх мэдэл, хүч, удирдлага, ямар ч нэрнээс дээгүүр өргөмжилсөн.  22  Бурхан бүх юмыг түүний хөл доор тавьсан бөгөөд түүнийг хуралд хамаатай бүх юмны тэргүүн болгосон.  23  Хурал бол Христийн зан чанараар бялхсан бие нь юм. Христ бүх юмыг бүх талаар дүүргэдэг.

Зүүлт

Адам Ева хоёр үр хүүхэдтэй болохыг хэлсэн.
Үгч. «та нарын зүрхний мэлмийг»