Эфэсчүүдэд бичсэн захидал 3:1–21

  • Харь үндэстнүүдийг сонгох тухай ариун нууц (1-13)

    • Харь үндэстнүүд Христтэй хамт өв залгамжлагчид (6)

    • Бурхны мөнхийн зорилго (11)

  • Эфэсийн дагалдагчдыг ойлголт сайтай байгаасай гэж Паул залбирдаг (14-21)

3  Тиймд Христ Есүст итгэдгийнхээ төлөө, харь үндэстэн та нарт тусалсныхаа төлөө хоригдож байгаа Паул би ...* 2  Бурхан та нарыг нигүүлсэх гэж, сайн сайхны тань төлөө намайг нярав болгосныг та нар мэддэг.  3  Тийм ээ, Бурхан надад ариун нууцаа илчилсэн. Энэ тухай би дээр товч дурдсан.  4  Тиймээс та нар үүнийг уншаад Христийн тухай ариун нууцыг хэрхэн ойлгодгийг минь мэдэж авна.  5  Өмнө нь Бурхан энэ нууцыг хүмүүст тодорхой илчлээгүй юм. Харин одоо ариун элчүүд, зөнчдөдөө ариун хүчээрээ илчилчихээд байна.  6  Энэхүү нууц нь харь үндэстнүүд Христ Есүсийн дагалдагч болж, сайн мэдээний ачаар Христтэй хамт өв залгамжлагчид, биеийн эрхтнүүд болох тухай, мөн Бурхан бидэнд амласнаа тэдэнд ч бас өгөх тухай юм.  7  Бурхан намайг нигүүлсэж, агуу хүчээрээ бэлэг өгсөн болохоор би энэ нууцыг илчилдэг үйлчлэгч болсон. 8  Бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн нь болох намайг Бурхан ийн нигүүлссэн нь Христийн хүртээх хэмжээлшгүй их ивээлийн тухай сайн мэдээг харь үндэстнүүдэд тунхаглаасай гэснийх юм.  9  Бас бүхнийг бүтээсэн Бурхан эртнээс нууцалж байсан санаа зорилгоо хэрхэн биелүүлэхийг бүх хүнд ойлгуулаасай гэснийх юм.  10  Ингэснээр тэнгэр дэх төр засаг, эрх мэдэлтнүүд хурлаар дамжуулан Бурхны олон талт мэргэн ухааныг мэдэж авна.  11  Энэ нь бидний Эзэн Христ Есүст хамаатай мөнхийн зорилгод нийцдэг.  12  Бид Христэд итгэдэг учраас зоригтой ярьж, Бурхан биднийг сонсоно гэдэгт эргэлзэхгүйгээр чөлөөтэй залбирдаг.  13  Тиймээс та нарын төлөө зовж байгаагаас минь болж бүү зориг мохоорой. Учир нь миний зовлон та нарыг алдаршуулдаг. 14  Тиймд би Эцгийн өмнө өвдөг сөгддөг.  15  Тэрээр тэнгэр газар дээрх бүх гэр бүлийг бий болгосон*.  16  Хэмжээлшгүй сүр алдарт Бурхан агуу хүчээрээ та нарын доторх хүнийг хүчтэй болгоосой,  17  итгэдэг та нарын зүрх сэтгэлд Христийг байлгаасай, улам их хайрладаг болгоосой гэж би залбирдаг. Мөн та нарыг суурин дээр бат зогсож, үндэс сайтай мод мэт байгаасай гэж залбирдаг минь  18  үнэн хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг бүх ариун хүнтэй адил гүйцэд ойлгож,  19  мэдлэгээс давуу Христийн хайрыг мэдээсэй гэснийх юм. Ингэвэл бүх зан чанарыг нь өөрсдөдөө төлөвшүүлэхэд Бурхан та нарт тусална. 20  Гуйж хүсдэг, бодож төсөөлдөг бүхнээс маань илүү ихийг Бурхан биднийг удирддаг агуу хүчээрээ хийдэг.  21  Тэрээр хурал болон Христ Есүсээр дамжин үүрд мөнх алдарших болтугай. Амен.

Зүүлт

Паул энд бичих гэсэн санаагаа 14-р зүйлд бичсэн бололтой.
Эсвэл «нэрлэсэн»