Эфэсчүүдэд бичсэн захидал 4:1–32
4 Тиймд Эзний дагалдагч гэдгээсээ болж хоригдож байгаа би та нараас хичээнгүйлэн гуйя. Бурхны сонгосон хүний ёсоор биеэ зөв авч яван
2 даруу, дөлгөөн, тэвчээртэй, бие биеэ хайрлан уужуу ухаантай байгаарай.
3 Амар тайвныг эрхэмлэн, Бурхны агуу хүчээр удирдуулж, эв нэгдэлтэй явахыг чин сэтгэлээсээ хичээгээрэй.
4 Бурхан та нарыг сонгоод нэг шагнал өгөхөөр амласан билээ. Үүнчлэн, нэг бие, нэг агуу хүч,
5 нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм,
6 бүгдэд нэг Бурхан Эцэг байдаг. Тэрээр бүгдийн дээр, бүгдээр дамжин, бүгдийн дотор байдаг.
7 Бурхан бидний хүн нэг бүрийг нигүүлссэн нь Христ бидэнд бэлэг хувааж өгснөөс харагддаг.
8 Бурхны үгэнд «Тэрээр өндөрт гарахдаа олзлогдогсдыг авч явсан. Хүмүүсийг бэлэг болгон өгсөн» хэмээсэн байдаг.
9 «Өндөрт гарахдаа» гэснийг бодвол доошоо буусан буюу дэлхийд ирсэн байж таарна биз дээ?
10 Бууж ирсэн нэгэн бол бүх юмыг бүрэн гүйцэд болгохын тулд бүх тэнгэрийн дээр гарсан нэгэн юм.
11 Тэрээр заримыг нь элч, заримыг нь зөнч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгон өгсөн.
12 Тэд ариун хүмүүсийг сургаж, хүмүүст үйлчилж, Христийн биеийг барьж байгуулна.
13 Үүний дүнд бид бүгдээрээ нэг итгэлтэй, Бурхны Хүүгийн тухай зөв мэдлэгтэй, бүх талаараа Христ шиг төлөвшсөн, насанд хүрсэн хүн болж
14 хүүхэд байхаа болино. Тэгвэл хүний заль мэх, уран аргад автаад янз бүрийн номлолын салхинд туугдаж, давалгаанд шидэгдэхгүй.
15 Үнэнийг ярихын зэрэгцээ хайрандаа хөтлөгдөн, тэргүүн Христтэй адил болж, бүх талаараа төлөвшихийг хичээцгээе.
16 Түүгээр удирдуулдаг биеийн эрхтнүүд хэрэгтэй бүхнээр нь хангадаг холбоосоор харилцан уялдаатай холбогддог бөгөөд хамтран ажилладаг. Эрхтэн бүр зөв ажилладаг бол хайрын сэтгэлээр өөрийгөө барьж байгуулахын зэрэгцээ биеийн өсөлтөд хувь нэмэр оруулдаг.
17 Юу хэлэх гээд байна вэ гэвэл, үүнээс хойш та нар харь үндэстнүүд шиг дэмий хоосон юмаар хөөцөлдөх учиргүй. Үүнийг би Эзний нэрээр захья.
18 Харь үндэстнүүд Бурхны тухай мэдэх хүсэлгүй, зүрх сэтгэл нь мэдрэмжгүйн улмаас оюун ухаан нь харанхуй болсон бөгөөд Бурхны өгөх мөнх амийг авах найдваргүй байдаг.
19 Ёс суртахуунаа уландаа гишгэсэн тэд эрээ цээргүй хэрэгт* бүрэн автан аливаа бузар булай юмыг шунан үйлддэг.
20 Харин та нар Христ тийм биш гэдгийг мэднэ.
21 Хэрэв та нар Есүсийн заасан үнэнийг үнэхээр сонссон, заалгасан юм бол тийм биш гэдгийг нь мэднэ.
22 Хүсэлдээ хууртан ялзарч, та нарыг буруу зам руу хөтөлж байсан хуучин хүнээ хувцас мэт тайлж,
23 оюун ухаанаа байнга шинэчлэх ёстой гэж заалгасан.
24 Түүнчлэн, шударга сайн, үнэнч байхыг сургадаг Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөх учиртай гэж заалгасан.
25 Тиймээс худал хуурмагийг хойш тавьсан та нар бүгдээрээ хөршдөө үнэнийг ярьж бай. Яагаад гэвэл бид бүгдээрээ нэг биеийн эрхтнүүд билээ.
26 Уурласан ч нүгэл бүү үйлд. Нар жаргахаас өмнө уурлахаа боль.
27 Диаволд боломж бүү өг.
28 Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Гачигдаж дутагдсан хүнд өгөх юмтай байхын тулд шударга хөдөлмөрлөж, ажилч хичээнгүй бай.
29 Ялзарсан үг бүү хэл. Харин сонсогчид тустай үг хэлэхийн тулд дэм болох сайн юмыг л хэрэгтэй үед ярьж бай.
30 Агуу хүчийг нь үл тоомсорлон Бурхныг бүү гомдоо. Чөлөөлөх өдөр Бурхан та нарыг золиосны ачаар чөлөөлөхийн тулд агуу хүчээрээ тамгалсан.
31 Өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа, хор хөнөөл учруулахаа боль.
32 Бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвдөн Бурхан та нарыг Христээр дамжуулан дуртайяа уучилсны адил бие биеэ дуртайяа уучилж байгаарай.
Зүүлт
^ Грекээр «аселгеяа». Үгийн тайлбарыг үзнэ үү.